“Нутгийн ахдаа бичсэн захидал-2”

2001 оны нэгдүгээр сарын 14. Энэ өдрийг би мартдаггүй юм. Сэтгүүлч болох гээд л мэгдэн сандарч явсан миний зүрх сэтгэлд харууслын сум харвасан өдөр. Зөвхөн миний бус нийт монголчуудын эмгэнэн гашуудсан өдөр л дөө. Үүнээс хойш 12 жил өнгөрчээ. Ямар хурдан юм бэ. “Шагдарын Отгонбилэг агсны дурсгалд зориулав. Нутгийн ахдаа бичсэн захидал” гэсэн гарчигтай нийтлэлийг би “Өнөөдөр” сонины 2002 оны нэгдүгээр сарын 14-ны дугаарт хэвлүүлж байжээ. Пөөх би чинь ийм захиа бичиж байсан байна шүү дээ хэмээн мөнөөх нийтлэлээ өнөөдөр сониучирхан уншлаа. “...Эх орныхоо газар шороонд амгалан нойрсч буй нутгийн ах Таныхаа амрыг эрж сар шинийн мэнд хүргэе. Танай ертөнцөд Цагаан сар болдог, өргөн дэлгэр тэмдэглэдэг л биз дээ. Тэнгэрийн оронд очоод Та нэг жил гаруй болжээ. Таны төрсөн нутаг Завхан аймгийн Дөрвөлжин суманд хатуухан өвөл болж өнгөрч байна. Гэсэн ч манай нутгийнхан хөдөлмөр зүтгэл, тэвчээрийнхээ ачаар өвлийг өнтэй биш ч муугүй давж, морин жилдээ ажлын олон амжилттайгаар золгосон...гээд л захиа цааш хөврөх... Тэгвэл бүтэн 12 жилийн дараа танд хоёр дахь захидлаа бичиж сууна. Энэ хугацаанд нутгийн тань болоод улс орны амьдралд хэрхэн өөрчлөлт орсныг та лавтайяа сонирхож байгаа нь мэдээж.

НУТГИЙН ХӨГЖИЛ

Таны төрж өссөн Завхан аймгийн Дөрвөлжин суманд мөн л хатуухан, хүйтэн өвөл болж байна. Цас зудтай байгаа ч нутгийн малчид хэрэндээ л тэвчээр заан даван туулахын төлөө зүтгэсээр. Харин нэг сайн мэдээ бол нийслэлийг зорих завханчуудын их нүүдэл багассан гэсэн шүү. Гэхдээ л танд сайнаасаа саар мэдээллийг л түлхүү хүргэх болох нь. Завхан гол, хар ямааны ноолуурын өлгий, мөн Ш.Отгонбилэг агсны төрсөн нутаг гэдгээр бусдад танигддаг Дөрвөлжин сум маань өнөөдөр олны анхааралд нэлээд өртөх болсныг танд дуулгах гэсэн юм. Нутгийн маань уул, ус, байгаль улам л үзэсгэлэнтэй болсон мэт санагддаг. Сумын төвийн баруун, зүүн хэсгийг тодорхойлох Буга, Зүр уулууд дүнхийсэн хэвээр. Их Монголын элсний өврөөс намуухан урсах Завхан гол сумыг чимнэ. Завхан гол татарч, тасарлаа гэсэн мэдээллийг няцаасан мэт өнгөрсөн жилүүдэд эргээ халин үерлэн иржээ. Таны төрсөн бууц Бууралын Өндөр Цахир уул нутгийн малчдад ивээлээ хайрлан, нутгийнхан ч хүндлэн шүтсээр байгаа шүү. Нутгийн минь байгаль үргэлжид ийм үзэсгэлэнтэй байж, ард иргэдээ баясгаж байгаасай.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсыг хэрсэн уул уурхайн хөгжлийн их давалгаа явж байна. Завханаас бусад бүх аймагт энэ давалгаа хүчтэй түрэн орж, хөгжил цэцэглэлээсээ илүүтэй байгаль орчныг сүйдлэн хордуулж, нутгийн олныг хямраахад хүргээд байгаа билээ. Өнгөрсөн жил бүх аймгийн төлөөллөөс бүрдсэн гар аргаар алт олборлогчдын холбоо байгуулагдаж, хуралдахад ганцхан Завхан аймгийн төлөөлөл байгаагүй юм. Завхан аймагт нинжа гэх тодотголтой хүмүүс байхгүй байсан хэрэг л дээ. Тэгвэл өнөөдөр Дөрвөлжин сумын хил залгаа аймгуудын нинжа нараас гадна улсдаа зартай Баянхонгор, Заамарын нинжа нар Нийслэлээс 1200 км-ийн зайтай манай нутагт торохгүй очиж, байгаль орчинд хайр найргүй хандаж буйг сонсоод зүрх эмзэглэн байна. Манай нутагт алтны их судал олдож, хүрзний мөр гаргахад л том, жижиг алт гарч ирж, хүмүүсийн шуналыг хөдөлгөж байгаа бололтой. Алтны шуналд автсан иргэдийг дийлэхгүй болсон аймгийн Цагдаагийн газар хотоос хүч дуудаж, тэдгээр нинжа нарыг арайхийн тараасан байна. Гэтэл нөгөө юу ч хийхээс буцахгүй нинжа нар нутгийн маань хөрсөн дээрх хамгийн том баялаг чацарганы бут руу дайран орж, бургас ургамлыг нь сүйдэлж байгаа талаар манай сумынхан халаглан ярихаас өөрцгүй. Хаврын урин ирж, шувууд айлчлан нутгаа зорих үеэр байгаль дэлхийтэй зүй бусаар харьцаг тэдгээр хүмүүс нутгийн хөрсөнд нуугдах баялаг руу дахин дайрах биз ээ.

Дөрвөлжин сум их баялагтай юм аа. Саяхан манай аймгийн нэгэн иргэн Завхан аймагт ашигт малтмал бүү илрээсэй хэмээн бурхнаас гуйдаг гэж ярьж байна лээ. Гэтэл алт, мөнгөний судлууд сувдаг сэтгэлтэй хүмүүсийн гарт орсоор байна. Үүнээс гадна “QGX” компани манай сумын Баян-Айраг ууланд газар ухаад олон жил болж, их хэмжээний алт, мөнгөний нөөц илрүүлээд түүнийгээ уурхай болгон ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нутгийн олон энэхүү компанитай тэмцэж дийлэхгүй байгаа юм. Уг нь хуулийн хүрээнд зөвшөөрлөө аваад хуулийн дагуу ажиллаж буй компанийг эсэргүүцэхгүйгээр харин сумынхаа хөгжилд ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй болов уу. Хамгийн гол нь уурхай болох газар нь Цогт бригадын 10 гаруй айлын өвөлжөөний бууцыг хамрах тул нутгийн олон дургүйцэн эсэргүүцэж байгаа юм билээ. Мөн тус компанийг энэ баялгийг хэдэн жил ашиглах тооцоог үнэн зөв гаргаж өгөхгүй байна гэж үзэж буй юм. Түүнчлэн усны асуудлаа хэрхэн шийдсэн нь тодорхойгүй байгаа тул Завхан голоос ус татах вий гэсэн болгоомжлол тээн нутгийнхан тэмцэлд нэгдсэн байна. Сумын төр засгийн удирдлагын хувьд өнгөрсөн жилүүдэд Ардчилсан намын талын хүмүүс эрх барьж байсан бол өнөө жилийн орон нутгийн сонгуулиар Ардын нам ялжээ. Тэгэхээр асуудлыг сум орон нутаг, иргэддээ хэрхэн ашигтайгаар шийдэхийг хэлж мэдэхгүй байна.

Орон нутагт улс төр, намаар талцдаг байдал мөн л хэвээр байгаа. Энэ 12 жилд сумын хөгжил дээшилсэн гэж би хувьдаа итгэлтэй хэлж чадахгүй нь. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр зарим сумыг гэрэлтүүлэх төрийн бодлогын хүрээнд нарны хавтангуудыг Дөрвөлжин сумын төвд байрлуулснаас өөр хөгжил өөд мацсан зүйлгүй санагдсан. Сумын төв эл хульхан. Хааяахан нохой ульж, ажилгүй залуус хашааны үүдэнд цугларч, архины дэлгүүрээр эргэлдэх хүмүүсийн тоо харин олширсон юм шиг санагдсан. Дөрвөлжингийн найман нэрийн барааны дэлгүүрийн лангуу нь архины төрлөөрөө Улаанбаатарынхаас дутахгүй өргөн сонголттой. Үр дүнд нь өнөө маргаашийг архитай найзлан өнгөрөөх ажилгүй залуусын эгнээ тэлсээр.

Харин Баян-Айрагийн уурхай ашиглалтад орох дөхсөн тул сумын ажилгүй залуучууд тэнд ажилд орж, амьжиргаагаа дээшлүүлэх орлоготой болж буй сайн мэдээ бий. Уг нь энэхүү төслийг зөв ашиглаж гэрээ хэлэлцээрээ сайн хийж чадвал ойрын хэдэн жилд сум орон нутаг хөгжих гэрэл гэгээ харагдаж байгаа төдийгүй иргэдийн амьдралд эрс өөрчлөлт орох төлөвтэй байгаа юм. Зөвхөн манай сум бус манай улсын бүх аймаг, сумдад ийм л дүр төрх давамгайлах ажгуу. Тэгэхээр төрөөс сум орон нутаг руу хандсан хөгжлийн бодлого, дорвитой арга хэмжээ явуулах шаардлага тулгарсан хэвээр.

УЛС ОРНЫ ХӨГЖИЛ

Манай улс энэ 12 жилд багагүй хөгжсөн гэж хэлж болно. Ялангуяа Нийслэл Улаанбаатар хотод. Гаднаас харвал өндөр барилга, өргөн зам, бандгар жийпүүд хотын гудамжаар давхилдах нь хөгжил бус гэж үү. Харин хөгжлийг дотроос нь шинжвэл өөр хэрэг. Ямар ч төлөвлөлтгүйгээр шавааралдуулан барьсан чанаргүй байшингууд, нэг л өдрийн ширүүхэн борооноор хагаран эвдрэх зам, хүнд суртлыг тархиндаа суулгасан төрийн албаныхан, өөрсдийгөө бусдаас дээгүүрт тавих бандгар жийптэнгүүд. Улс орны хөгжлийг удирдагч төрийн түшээд, намуудын байдал бас л болохгүй байна. Улсын халаас зузаарахын хэрээр төрийн толгойд гарч, идэж уухыг хүсэгчид олширсоор.

Мэдлэг боловсрол, туршлагатайг нь сонгодог гаднын улсуудын үлгэр дууриалал манайд эсрэгээр явж байна. Уран панаалтай ярьж, хэн нэгнийг дагаж долигонож гүйнэ тэр хүн дарга, гишүүн, сайд болдог зарчим улам л газар авсаар. Улс төрийн намуудын хөгжил, төлөвшил гэж зүйл манайд алга. Та мэдсэн л байх. Танай нам Ардын нам нэртэй болж, Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс МАХН гэсэн нэрийг дахин сэргээсэн. Бас танай намын гишүүдийн зарим нь МАХН, АН-д гишүүнээр элсээд “ Одоо л би зөв сонголтоо хийлээ” хэмээн хээнэггүй ярих нь ч байх юм.

2012 оны УИХ-ын сонгуульд АН ялсан. Тэд дангаараа Засгийн газрыг бүрдүүлж чадаагүй бөгөөд бусад нам эвсэлтэй хамтран засгийг бүрдүүлж шинэчлэлийг эхлүүлэх лоозонтой ажиллаж байна. Хийж буй ажилд нь одоогоор иргэдийн зүгээс ам сайтай байгаа. Гэхдээ л бодлогогүй, судалгаагүй шийдвэрүүд гаргаж байгаа нь алдаа болж буй ч ажил хийж буй хүн алдаж болно гагцхүү алдаагаа засах хэрэгтэй гэсэн үгийн утгаар нийгэм хүлээзнэж байх шиг байна. Харин боловсон хүчний тал дээр нэлээд шүүмжлэл гарч байна. Төрийн яамд, агентлагийн залгамж халааг авч явж буй мэргэжлийн хүмүүсийг хардаж сэрдэж, халж, Ардчилсан намын сэтэртэй л бол бараг гудамжнаас хүн авчраад тавьж байгаад олон нийт дургүйцэж буйг АН-ынхан “томчууд” өөрсдөө гадарлаж буй эсэхийг мэдэхгүй. Намдаа нэлээд том байр суурь эзэлдэг нэгэн гишүүн нь саяхан “МАН засгийн эрхэнд гарч ирээд бас адилхан л сэлгээ хийж, өөрийн намын хүмүүсээ тавьдаг байсан. Гэхдээ манай нам 16 жилийн дараа төрийн эрхэнд гараад өшөөгөө авч байгаа юм шиг аашилж байна” хэмээн хэлсэн юм.

Харин иргэдийн зүгээс танай намыг УИХ дахь хүчтэй цөөнх болж ажиллахыг хүсэж буй. Өнөөдрийн байдлаар хүчтэй гэсэн утганд дүйхүйц ажиллаж харагдахгүй л байгаа юм. Бичиг цаас шидсэн, тунирхсан ч юм уу, цөөнх болсондоо итгэж ядаад байгаа ч юм уу, нэг л урвайсан гунигтай хүмүүс харагдах болж. МАН одоогийн байдалдаа дүгнэлт хийж, залуусаа дэмжиж, шинэчлэл өөрчлөлт өөд хурдтай ажиллаасай хэмээн бодно.

Эцэст нь миний танд хэлэх хамгийн сайхан мэдээ бол таны хүү О.Содбилэг таны хүч хөдөлмөрөө зориулсан Эрдэнэт хотоос УИХ-д сонгогдсон явдал юм. Хүүтэй хүний бахархал энэ бус уу. Монголын бохир улс төрийн тогоон дотор эрүүл ухаанаар сэтгэж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж явах улстөрч болно гэдэгт түүнд олон хүн итгэж байгаа.

Улс орны болон нутгийн тань хөгжлийн талаар цухас бичихэд ийм байна. Дараагийн захидал бичтэл баяртай, нутгийн ах минь.

2013.01.14