Нэгдүгээрт эрчим хүч

Монгол Улсын эрчим хүчний салбарын бодлого зорилтыг танилцуулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах зорилготой “Energy Mongolia-2013” Олон улсын хурал, үзэсгэлэн ирэх сарын 24-26 нд болохтой холбогдуулан Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төвийн төлөөллүүд өнөөдөр мэдэгдэл хийлээ.

Тус хурлын үеэр төр, хувийн хэвшил болон гадаад дотоодын төлөөллүүд эрчим хүчний салбарын төсөл хөтөлбөр, бодлого, эрх зүйн орчны талаар ярилцах аж. Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я.Пүрэвжав “Манай улсын эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд томоохон эх үүсвэр барьж, ашиглалтад оруулах нь зайлшгүй байна. Тиймээс тус салбарт гаднын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Харин уг хурал хөрөнгө оруулагчдыг татахад өндөр ач холбогдолтой байх болно” гэв.

“Energy Mongolia-2013”-ыг нээж Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв нар эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн талаар илтгэл тавих аж. Мөн “Эрчим хүчний салбарт ойрын хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүд”, “Дулааны эрчим хүчний зохистой хэрэглээ”, “Үнийн бодлого, зохицуулалт” гээд олон сонирхолтой сэдвээр хэлэлцүүлэг өрнөх юм байна. Тиймээс эрчим хүчний салбарыг сонирхож буй компани, хувь хүмүүс тус хуралд өргөнөөр оролцохыг Эрчим хүчний сайдын зөвлөх Д.Баярхүү уриаллаа.

“Нэгдүгээрт эрчим хүч” гэх уриатай “Energy Mongolia-2013” Олон улсын үзэсгэлэнг зохион байгуулснаар төрийн болон хувийн хэвшлийн зүгээс хэрэгжүүлэхэд санхүүжилт шаардлагатай байгаа төсөл, арга хэмжээг олон улсад таниулах. Цаашлаад хамтран ажиллах, дэвшилтэт технологийг нутагшуулснаар эрчим хүчний салбарыг хүчирхэг болгох учиртай гэнэ.