Нэгдүгээр улиралд үнэт цаасны зах зээл идэвхжижээ

Нэгдүгээр улирлын байдлаар Монголын хөрөнгийн бирж үнэт цаасны арилжаа 62 удаа явуулжээ. Арилжаагаар 110 хувьцаат компанийн 3,4 сая ширхэг үнэт цаасыг 5,3 тэрбум төгрөгөөр борлуулж, өдөрт дунджаар 85.9 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Дээрх гүйлгээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 70 компанийн үнэт цаасны ханш өсч, 30 компанийн ханш буурч, 10 компанийн ханш тогтмол байсан талаар Хөрөнгийн биржээс мэдээллээ.
Нийт худалдагдсан үнэт цаасны 90.4 хувь, үнийн дүнгийн 95.9 хувийг идэвхтэй арилжаалагдсан Ремикон, Э-Транс ложистикс, Гермес центр, Женко тур бюро, Хөх ган, Дархан гурил тэжээл, Улсын их дэлгүүр, Хай би ойл, Говийн өндөр, Сор, Баянгол зочид буудал, Апу, Оллоо, Монинжбар, Нако түлш, Таван толгой, Хүнс-Архангай, Говь, Монголын цахилгаан холбоо, Хөвсгөл, Монгол савхи зэрэг 30 компанийн үнэт цаас эзэлсэн аж.
Нэгдүгээр улирлын эцсийн байдлаар нийт 79 Брокер дилерийн компани бүртгэлтэй байгаагаас энэ улиралд 45 компани үнэт цаасны арилжаанд оролцож гүйлгээ хийжээ.
Мөн тайлант хугацаанд долоон удаагийн багцын арилжаа хийж таван компанийн 387.9 мянган ширхэг хувьцааг 3.3 тэрбум төгрөгөөр арилжсан нь нийт арилжааны үнийн дүнгийн 62.4% хувийг эзэлж байна.

Нийт зах зээлийн үнэлгээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 75.9 тэрбум төгрөгөөр өсч, нэг их наяд 640.3 тэрбум төгрөг болжээ.