Нэгэн дээвэр дор 50 жил


Монгол Улс НҮБ-ын бүрэн Эрхт гишүүнээр 1961 оны аравдугаар сарын 27-нд элсэн оржээ. Тус тэмдэглэлт 50 жилийн ойн баярыг тохиолдуулан Гадаад харилцааны яамнаас цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаа юм. Үүний нэг нь Монгол Улсын олон улсын харилцаанд эзлэх байр суурь, НҮБ дэх оролцоог олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Монгол Улс НҮБ-д 50 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр тус яаманд зохион байгуулж байна. Мөн түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан баг өнөөдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд зочилж тэмдэглэлт ойн баярын арга хэмжээнд оролцож байгаа юм байна. Эрдэм шинжилгээний хурлыг нээж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар үг хэлсний дараагаар Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Батчимэг Ц.Элбэгдоржийн илгээлтийг уншиж танилцуулсан. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний илгээлтийг тус байгууллагын суурин төлөөлөгч Сизин Синанолу уншиж танилцуулсан юм.

Монгол Улсын НҮБ-д элсэх үйл явц тийм ч дардан байгаагүй билээ. Анх 1946 оны зургадугаар сарын 24-нд тус байгууллагад элсэх хүсэлтээ гаргасан боловч тухайн үеийн хүйтэн дайны уур амьсгал буюу их гүрнүүдийн үзэл суртлын зөрчилдөөнөөс үүдэн 15 жил дуншжээ. Ингээд 1960 онд НҮБ-ын гишүүдийн хүчний харьцаа өөрчлөгдсөнөөр 1961 оны эл өдөр тус байгууллагад гишүүнээр элсчээ. Уг үйл явдал нь Монгол Улсын гадаад харилцаа, дипломат үйл ажиллагааны хувьд түүхэнд тэмэгдлэгдэх зүйл болсон бөгөөд манайх өөрийн тусгаар тогтнол аюулгүй байдлаа бэхжүүлэн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлсэн хэрэг байв.
Өнөөдөр Монгол Улс дэлхийн 155 оронтой дипломат харилцаа тогтоогоод буй аж. Бид өнгөрөгч 50 жилийн хугацаанд дуугүй, идэвхгүй байр сууринаас хандаагүйг 20 гаруй асуудал дэвшүүлэн тавьж гишүүнчлэлийн ул мөрөө үлдээж байсан түүхэн замналаас харж болох юм байна. Манай Улс нь энхийг сахиулах үйл ажиллагаанд 1990 оноос хойш бэлдэж, сүүлийн жилүүдэд идэвхтэй цэргээ явуулж байгаа нь олон улсын үйл хэрэгт өөрийн байр сууриа бэхжүүлсэн томоохон оролцоо болов.

НҮБ 2012-2016 оны хооронд үзүүлэх тусламжийн хөтөлбөрөө албан ёсоор мэдэгдсэн гэдгийг тус хурлын үеэр онцолж байв. НҮБ мянганы хөгжлийн есөн зорилтоос “ядуурал, хүйсийн тэнцвэр, хүрээлэн буй орчин” гэсэн гурван чиглэлээр манай улстай түлхүү ажиллах тухайгаа ч хэлж байлаа. Манай улс 2020 он гэхэд НҮБ-ын байнгын гишүүн орон болох зорилт тавин ажиллаж байгаа аж.