Нэг бодлого, дөрвөн байр суурь

Жилийн 20 хувийн хүүтэй зээл аваад үйл ажиллагаа явуулна гэдэг үнэндээ бэрх. Монголын мөнгө ийм үнэтэй учир ажлын байрыг хамгийн ихээр бий болгодог жижиг, дунд үйлдвэрүүдэд өсөж томрох боломж алга гэвэл буруудахгүй болов уу. Томоохон компаниуд нь ч яах вэ, гадаадаас зээл авч, олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломжтой болсон цаг шүү дээ.

“Зээлийн хүү өндөр байна” хэмээн амтай болгон л ярих. Гэхдээ үүнийг яаж бууруулах вэ гэхээр ёстой л “Бодоод бодоод бодын шийр дөрөв” гэдэгчлэн болох. Бизнес эрхлэгчдийн хувьд зээлийн хүү буурах, эсэх нь хамгийн чухал зүйл. Харин Монголбанкны хувьд төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах нь чухал бол Засгийн газар бэлэн мөнгө тарааж, улс төрийн амлалт биелүүлэхийг илүүд үзэх жишээтэй. Товчхондоо, хүүг бууруулах хэрэгтэй гэдгийг хүн бүр мэдэж байгаа ч энэхүү зорилгодоо хүрэхийн тулд хамтарч ажиллах тал дээр жаахан тиймхэн байх шиг...

Зээлийн хүү буурахгүй байгаагийн цаана эдийн засгийн хэд хэдэн шалтгаан байгааг мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Юуны түрүүнд энэ нь хадгаламжийн хүү өндөр байгаатай холбоотой. Мэдээж хадгаламжийн хүү инфляцийн түвшнээс хэт доогуур байвал хэн ч мөнгөө банкинд хадгалуулахгүй. Өөрөөр хэлбэл, зээлийн эх үүсвэр бүрдэхгүй. Ингээд өндөр үнэтэй хадгаламжаар хөрөнгөө төвлөрүүлсэн арилжааны банкууд үйл ажиллагааны зардал, эрсдэлийн тооцоолол болоод ашгаа нэмээд бүр ч өндөр хүүтэй зээл олгох нь гарцаагүй. Өнгөрсөн онд инфляци улсын хэмжээнд 13 хувьтай, Улаанбаатарт 14.3 хувьтай гарсан байна. Товчхондоо, зээлийн хүү өндөр байгаа нь инфляцитай шууд хамаатай ажээ.

Тэгвэл инфляци яагаад өндөр байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Монголчууд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ дийлэнх хэсгийг, тэр дундаа түлш шатахуунаа бараг зуун хувь гадаадаас авдаг нь үнийн тогтвортой байдлыг хангахад томоохон саад учруулж буй. Нөгөө талаас Засгийн газар бэлэн мөнгө тарааж, цалин нэмж, олон түмэнд сайрхаж байгаа нь инфляци гаарах нөхцөлийг бий болгож байгаа билээ. Энэ бол онолоор ч, амьдралаар ч батлагдсан туршлага юм. Алт зэсийн үнэ тэнгэрт хадаж, төр, засаг бэлэн мөнгө тарааж эхэлснээр 2008 оны зун инфляци 34 хувьд хүрч, рекорд тогтоож байсныг санацгаая. Харин эдийн засаг сэргэсэн энэ оноос Засгийн газар 805.2 тэрбум төгрөгийг бэлнээр тарааж буй өнөө үед юу болох бол? Инфляци 20 хувиас ч давж магадгүй хэмээн олон улсын байгууллагууд сануулж байна. Ийм байхад Монголбанк мянга мэрийлээ ч бодлогын хүүг бууруулна гэдэг амаргүй бололтой.

Гэхдээ Төвбанк инфляцийг нэг оронтой тоонд барих зорилгодоо хүрэхийн тулд Мөнгөний бодлогоо сулруулахгүй, улам чангаруулсан тохиолдолд юу болох вэ? Бидний хүлээж буй “үсрэнгүй хөгжил” мөрөөдөл болон замхрах вий. Зээлийн хүү тэнгэрт хадсан Монгол оронд дотоодын үйлдвэрлэл үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэг юу л бол. За тэгээд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” ч мөн талаар болох аюултай.

Тиймээс Засгийн газар, Монголбанк болоод УИХ зээлийн хүү өндөр байгаагийн бурууг бие биедээ тохож байхын оронд дээрх асуудлуудыг цогцоор нь шийдэх шаардлагатай болжээ. Нэг үгээр хэлбэл, хүү буурах нөхцөлийг бүрдүүлэх цаг иржээ. Монголбанкнаас 2011 онд хэрэгжүүлэх Мөнгөний бодлогын тухай холбогдох албаныхан болон хувийн хэвшлийн төлөөлөл юу гэж үзэж байна вэ гэдгийг сонирхлоо.

Б.Лхагважав
/Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга/:


-Анх 2011 оны Төсвийн төсөл ДНБ-ий таван хувьтай дүйцэх хэмжээний алдагдалтай байхад бодлогын хүүг бууруулж болно гэж Төвбанк үзэж байлаа. Гэтэл эрх баригчид төсөв хэлэлцээд, бараг 10 хувийн алдагдалтай байхаар баталчихсан шүү дээ. Ийм байхад Мөнгөний бодлогыг сулруулах боломжгүй, харин ч чангаруулах тухай авч хэлэлцэх хэрэгтэй болж байна. Уг нь бодлогын хүүг бууруулах хэрэгцээ байна уу гэвэл байна. Гадаад валютын ханш суларч, валютын зах дээр тэнцвэргүй байдал үүсэх хандлага бий боллоо.
Хүү өндөр байгаатай хүн бүр санал нийлдэг. Төвбанк зах зээлийн жамын дагуу хүүг бууруулах саналтай байгаа. Бид арилжааны банкуудаас мэдээлэл тогтмол авч, судалгаа хийдэг. Өнөөдөр арилжааны банкуудын хадгаламжийн хүү 6-14 хувьтай байна. Гэтэл инфляци 2010 онд 14.3 хувьтай гарлаа. Инфляци өсч, мөнгөний ханш унасаар байтал хүмүүс түүнээс бага хүүгээр банкинд мөнгөө хадгалахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Зээлийн хүү бол мэдээж хадгалмжийнхаас өндөр байх ёстой. 2011 онд Төвбанк инфляцийг нэг оронтой тоонд барина гэж байгаа нь 805.2 тэрбум төгрөг тарааж буй үед үнэндээ хэцүү зорилт юм.

С.Дэмбэрэл
/МҮХАҮТ-ын дарга/:


-Мөнгөний бодлого эдийн засгийн бодит секторыг дэмжихгүй байна. Бизнес эрхлэгчид мөнгөний бодлого өөрсдийнх нь үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг ярьдаг. Энэ бүхнийг МҮХАҮТ судалж, боловсруулж, таван зүйл бүхий санал гаргасан байгаа. Мөнгөний бодлогыг хүн бүр ярьж, шүүмжилж байна. Монгол ардын намын дарга Төвбанк хоёр чиг үүрэгтэй байх хэрэгтэйг онцолж байсан. Төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахаас гадна хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиг үүргийг нэмж тусгах талаар судалж үзэж байна. Намууд хүртэл энэ тал дээр анхаарч эхэлснийг л хэлэх гээд байна л даа.
Манай эрдэс баялгийн салбар хөгжиж байна. Тиймээс бид Голланд өвчнөөс сэргийлэх хэрэгтэй боллоо. Зөвхөн уул уурхай биш, эдийн засгийн бусад салбараа хөгжүүлэх ёстой. Бүх төрлийн бизнесийг дэмжихийн тулд Мөнгөний бодлогыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Үнэндээ Монголбанк 2006 оноос л инфляцийг онилж эхэлсэн. Энэ нь бүтэл муутай гэдэг нь батлагдчихаад байна шүү дээ.
Одоо Төвбанк “Засгийн газар бэлэн мөнгө тарааж байна” гэсэн нэг сайхан тайлбартай болоод авлаа. Үнэн, гэхдээ 21 мянган төгрөг тарааснаар хувийн хэвшлийг золиослоод байгаа юм алга. Харин ч 210 мянган төгрөгийг шууд өгөх хэрэгтэй юм. Ингэж байж гэр бүл, найз нөхөд, хамт олноороо бизнес хийхийг урамшуулах ёстой. Тэглээ гээд инфляци өсөхгүй. Харин халамжийг хавтгайруулсныг болих ёстой гэдэгтэй санал нийлдэг.

Стивен Барнетт
/ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч/:


-Төвбанк мөнгөний бодлогоо чангаруулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг бид өгч байгаа. Энэ нь төсвийн зарлага хэт хурдтай тэлж байгаатай холбоотой юм. Инфляци энэ онд 20 хувьд хүрч магадгүй гэсэн тооцоог гаргасан. Энэ нь мэдээж ядуу хүмүүст илүү хүндээр тусна. Түүнчлэн мөнгөний ханш суларснаар Монголын дотоодод үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн, ажиллах хүчний өртөг нэмэгдэнэ. Ийм үед импортын бараа хямд болж, улмаар дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварт муугаар нөлөөлдөг. Тиймээс бодлогын хүүг өсгөхөөс өөр сонголт байхгүй. Мэдээж энэ нь сайн зүйл биш л дээ. Мөнгөний бодлогыг үе шаттайгаар чангаруулах хэрэгтэй. Ер нь бэлэн мөнгө тараах нь инфляци өсгөхөөс биш урт хугацаанд үр өгөөжтэй байж чаддаггүй. Түүний оронд дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах нь эсрэгээрээ, урт хугацаанд үр шимээ өгдөг юм.
2011 онд Монголын ДНБ 10 хувиар өсөх таамаглал бий. Уг нь бол эдийн засгийн огцом өсөлтөөсөө илүү урт хугацааны тогтвортой өсөлт чухал шүү дээ.



Н.Энхбаяр
/Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх/:


-Бусад орны Төвбанк үнийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ ажил эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зэрэг давхар бодлого баримталдаг. АНУ-ын Холбооны нөөцийн систем л гэхэд үнийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахын сацуу ажил эрхлэлтийн түвшинг аль болох өндөр байлгах чиг үүрэгтэй байх жишээтэй. Манай орны хувьд төгрөгийн ханшийн тогтвортой байдал нэг асуудал мөн, гэхдээ гол асуудал биш. Монголбанкны гүйцэтгэх чиг үүргийг өргөжүүлж байж гэмээнэ манай эдийн засаг үсрэнгүй хөгжилд хүрч чадах юм. Энэ тухай Ерөнхий сайд С.Батболд ч мөн тэмдэглэсэн байгаа. Засгийн газар болон Монголбанкны зорилго нэг, түүндээ хүрэх арга зам нь л өөр байх учиртай.
Давосын чуулга уулзалтад оролцогчид дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг онцолж байсан. Азийн улс орнуудын хөгжил дэлхийн анхаарлын төвд орж байна. Энэ бүхнээс үүдэн эдийн засгийн уламжлалт загвар өөрчлөгдөн шинэчлэгдэх болж байгааг хүмүүс тэмдэглэж байна. Бид ч мөн цаг үетэйгээ нийцүүлэн аливааг шинээр харах болжээ.
Одоо Монгол Улс хөгжлийн өөр түвшинд хүрлээ. Тиймээс бид илүү өргөн хүрээнд ажиллах цаг ирсэн.