Нэн тэргүүнд ХАА-г хөгжүүлнэ

"Mongolian Economy" сэтгүүлийн сурвалжлагч Т.Сарангуа Бээжин хотоос бэлтгэв.

Шинэ Хятад улс буюу БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ жил тохиож буй. Шинэ Хятад хэмээн онцлон нэрийдэхийн учир нь энэ хугацаанд Хятад улс хөгжил цэцэглэлтийн замд хөл тавьж, үр дүнг нь дэлхий дахин өдгөө бодитоор харж байгаа билээ. Арван жилийн өмнө БНХАУ, Японыг ардаа орхиж дэлхийн хоёр дахь хүчирхэг эдийн засаг болж байсан. Үүнийгээ одоо ч хадгалсаар. Харин 2020-2030 оны хугацаанд АНУ-аас дэлхийн тэргүүлэгч эдийн засаг гэх байрыг нь авахаар зорьж байна. Хятадын энэхүү 70 жилийн хөгжил цэцэглэлтийн тухай China Daily сонины сурвалжлагч Гуо Мен тайлбарлахдаа, “Хятад улс хөгжлийн замдаа ороод 70 жил болж буй ч, эхэн үеийн олон арван жилийг бодлогоо тодорхойлж, үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх талаар судалгаа, шинжилгээ хийхэд зарцуулсан. Харин сүүлийн 10-20 жилд уг судалгаа, шинжилгээний үр дүн нь ажил хэрэг болон хэрэгжиж байна гэсэн.

Тэгвэл хөрш зэргэлдээ орны хувьд монголчууд, тэр дундаа монголын сэтгүүлчдэд Хятад улсын хөгжлийг нүдээр үзэж, туршлагатай нь бодитоор танилцах завшаан олдсон юм. 2014 онд БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин Монгол Улсад айлчлахдаа Монголын 250 сэтгүүлчийг Хятад оронтой танилцах урилгыг өгсөн нь өнгөрсөн таван жилийн хугацаанд биеллээ олоод байна. Сүүлийн 50 сэтгүүлч өнгөрсөн долоодугаар сарын 8-14-ний хооронд БНХАУ-д айлчилж, тус улсын Хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, энэ салбарт баримталж буй бодлого, шинэ туршлага, нэн ялангуяа хүн амыг эрүүл, органик хүнсээр хангах, тариаланчдын амьжиргааг дээшлүүлэх бодлого зорилт, түүний хэрэгжилттэй танилцлаа.

Монголын сэтгүүлчдийн зочилсон эхний газар нь БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны удирдлагын институти байсан бөгөөд яамны төлөөлөл бидэнтэй уулзалт хийж Монгол, Хятад хоёр улсын ХАА-н салбар дахь хамтын ажиллагаа, Хятад улсын ХАА-н салбарт баримталж буй бодлогыг танилцуулсан. БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яам нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн харъяа 26 яамны нэг. Энэ салбар нь ард түмний амь амьжиргаатай шууд холбогдох үндсэн асуудал учраас хөдөө аж ахуйг нэн тэргүүнд хөгжүүлэх зорилтын хүрээнд хуучны Хөдөө аж ахуйн яам, Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, Эдийн засгийн яам, Газрын эх баялгийн яам, Усны яам зэрэг яамдын ХАА-тай холбогдох салбаруудыг нэгтгэж 2018 оны гуравдугаар сарын 13-нд шинэчлэн байгуулсан яам аж.


Уулзалтын үеэр энэ онд хоёр талын салбарын сайд нар нэг нэгэндээ харилцан айлчилсан, энэ салбарт ихээхэн идэвхтэй хамтран ажиллаж буйг онцлоод Монгол, Хятадын Хөдөө аж ахуйн яам хоорондын долоодугаар хурлыг удахгүй зохион байгуулахаар төлөвлөж буйг дуулгасан. Мөн Хятад улс нь газар тариалангийн чиглэлд арвин их туршлагатай бол Монгол Улс нь мал аж ахуйн чиглэлд давуу талтай учраас энэ салбарт нэг нэгнийгээ нөхөх бололцоотой гэдгийг БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны Олон улсын харилцааны газрын дарга Ма Ху Тон хэлсэн юм. Энэ ч утгаараа Монгол улсын мал аж ахуйн чиглэлийн эмч, мэргэжилтнүүдийг бэлдэхэд БНХАУ-ын зүгээс хамтран ажиллаж буйг тэрбээр онцолсон. БНХАУ-ын Коммунист намын 18 дугаар Их хурлаас хойш буюу 2012 оноос хойш Хятадын Хөдөө аж ахуйн яамнаас Монголын ХАА чиглэлийн мэргэжилтнүүдэд 53 удаагийн сургалт явуулж үүндээ 273 хүнийг хамруулжээ. Цаашид ч малын эрүүл ахуй, малын эмч мэргэжилтнүүдийг бэлдэхэд хамтран ажиллах болно гэлээ. БНХАУ-ын талаас 2018 оноос хойш Монгол Улсад хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр 23 төслийг хэрэгжүүлж 2,8 тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Өнгөрсөн онд зөвхөн ХАА-н салбарын хүрээнд хоёр улсын худалдааны эргэлт 470 сая ам.долларт хүрсэн байна. Монгол Улсаас БНХАУ-руу мах махан бүтээгдэхүн, ноолуур, самар, мал амьтны тос зэрэг 339 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортлосон бол БНХАУ-аас Монгол Улс руу буудай, чихрийн төрлийн 135 сая ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлжээ.


Монгол Улс сүүлийн жилүүдэд хүнс, ногооныхоо дотоодын хэрэгцээг хангахыг зорьж буй боловч цаг уурын онцлогоос үүдэж жилийн ганцхан улиралд л газар тариалан эрхэлдэг учраас Хятадын хүнсний ногоог өргөн хэрэглэдэг. Энэ ч утгаараа Хятадын ХАА-н салбартай танилцах нь хэрэглэгч орны байр суурьнаас ихээхэн анхаарал татаж байсныг хэлье. Харин Хятад улс эрүүл, органик хүнс үйлдвэрлэх, хөдөө тосгоны иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх бодлого баримталж буй талаар сайхан мэдээтэй, тэдний сайн туршлагыг хуваалцах аяны богц дүүрэн ирлээ. Уулзалтын үеэр БНХАУ-ын “ХАА-н салбарт баримталж буй гурван гол бодлого”-ыг БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны нарийн бичгийн дарга Лю Лей танилцуулсан. Үүнд,

Нэгдүгээрт-Хөдөө орон нутгийг хөгжүүлэх: Орон нутаг руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн хот, хөдөөг уялдаа холбоотой хөгжүүлэх ажлыг эхлүүлжээ. Хөдөө, тосгонд эдийн засаг, соёл, хүний нөөц, ажлын байрыг нэмэгдүүлж тариачдыг баяжуулах стратегийн бодлогыг баримталж байгаа аж. Ингэхдээ 2020 он гэхэд үндсэн бодлогоо тогтоож, 2035 онд ХАА-г орчин үеийн байдлаар хөгжүүлэн, 2050 он гэхэд ХАА-н бүх талын хөгжлийг хангасан байхаар төлөвлөжээ.

Хоёрдугаарт-Ядуурлыг бууруулах: Хятадын Коммунист намын 18 дугаар Их хурлаар хөдөө орон нутгийн ядуурлыг бууруулах нь Хятадын бүх нийгмийн шилжилтэд чухал гэж үзсэн байдаг. Уг зорилтод 2020 он гэхэд бүххөдөө, тосгоны хүн ам хоол, хүнс, өмсөх хувцасаар дутагдахааргүй болж, иргэдийг орон сууцаар хангана гэжээ. Энэ хүрээнд гол нь хөдөө орон нутгийн дэд бүтцийг сайжруулах чиглэлд ажиллаж байна. Тус улсад 2012 онд 98 сая хүн ядуу иргэдийн тоонд багтаж байсан бол, 2018 он гэхэд 16,6 саяд хүрч бууржээ. Ядуурлыг бууруулсан туршлагаараа Хятад улс дэлхийд үлгэр жишээ болж байна. Мөн Хятадын ядуу өрхүүдэд, “Ядуу өрхийн карт” өгдөг бөгөөд улсаас тусламж дэмжлэг үзүүлнэ. Зөвхөн 2018 онд л гэхэд ийм карттай ядуу өрхийн тоог 1.7 хувиар бууруулж чаджээ.

Гуравдугаарт-ХАА салбарын хангамжийн тогтолцоонд бүтцийн өөрчлөлт хийх: Ногоон хөгжлийг дэмжиж, экологийн цэвэр буюу химийн бордоогүй хүнсний бүтээгдэхүүн, ногоог бий болгох чиглэлд ажиллаж байна. Ингэхдээ айл өрхүүдийг нэгдэлжүүлэх хэлбэрээр газар тариалан, ХАА-г хөгжүүлэхийг зорьж буй. Мөн бохирдсон хөрсийг эрүүлжүүлэх, хөдөө орон нутагт эко бордоо ашиглахыг сурталчилж байна. Мөн мал аж ахуйг хөгжүүлэхдээ бэлчээрийн даацаас хэтрүүлэхгүй байх зохицуулалтыг хийж төрийн бодлогоор дэмжин ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар газрыг нөхөн сэргээх үүднээс 42 сая мү буюу 25.2 сая га талбайг мал маллахаас чөлөөлжээ.


Ийнхүү танилцуулсан бодлогын хэрэгжилтийг Монголын сэтгүүлчид Хятадын ХАА-н бүс нутгууд болох Юньнань, Гансу мужуудад зочилж нүдээр үзэн, хөдөө тосгон, алслагдмал бүсийн хөгжилтэй танилцсан юм. Говь цөлийг ногооруулж, уулыг тэгшилж хот байгуулж, ухаалаг хүлэмжинд органик ногоо тариалж буй Шинэ Хятадын дэвшилтэт туршлагыг нийтлэлүүдээрээ үргэлжлүүлэн хүргэх болно.