Нэрийн данс хоосон биш, хувьцаатай байг

Манай нэг найзын нүүрэнд мишээл тодорч, нүдэнд нь оч гэрэлтсээр орж ирэв. “Хөгшөөн юу гээч, бид нарын ирээдүйд авах тэтгэврийн мөнгө аймаар өндөр хувиар өсдөг юм байна ш дээ. Бас нэг цахим хуудсаар ороод нэрийн дансандаа хэдий хэмжээний мөнгө байгааг тооцож болдог болчихож” гээд, http://www.ndaatgal.mn/ndans/ гэсэн хаягийг даруйхан нээж үзүүлэв. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсны дагуу тэтгэврийн даатгалын нэрийн дансны орлогод 2009 онд 29.8 хувь, 2010 онд 28.3 хувиар хүү тооцох болсон тухай тэрбээр мэдээд, бөөн баяр болжээ.

Тэгээд бид хоёр хамт суугаад, тэтгэврийн даатгалын шимтгэлд хэдий хэмжээний мөнгө төлснөө бодож үзэв. Ажил хийж буй монгол хүн бүр гэртээ авчрах орлогынхоо 20 хувийг сар бүр нийгмийн даатгалын шимтгэлд өгдөг. Энэ хураамжийн нэг хувийг тэтгэмжид, дөрвөн хувийг эрүүл мэндийн даатгалд, нэг хувийг ажилгүйдлийн даатгалд, үлдсэн 14 хувийг тэтгэврийн даатгалд суутгаж байгаа юм. Хувийн хэвшилд дөрөв дэх жилдээ ажиллаж буй найз маань анх сардаа 350 мянган төгрөгийн цалин авч байсан бол эдүгээ 550 гаруй мянган төгрөг авч байгаа юм. Тэгээд энэ хугацаанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь 4.5 сая төгрөгт хүрснийг мэдээд баян хүн болчихсон юм шиг л хөөрч байхыг нь яана. Найзаасаа би хэдэн асуулт асуулаа.

-Дөрөвхөн жилийн хугацаанд чиний төлсөн шимтгэл 4.5 сая төгрөгт хүрчихсэн байна шүү дээ. Гэтэл 55 нас хүрч, тэтгэвэр авахын тулд чи дахиад 30 жил ажиллах ёстой. Энэ хугацаанд цалин чинь байнга өсөх нь лавтай, чи нийгмийн даатгалын шимтгэлд хэр их мөнгө өгөхөө төсөөлж байна уу?

-Мэдэхгүй ээ, лав л хэдэн зуун сая төгрөгт хүрэх юм шиг байна.

-Тэгээд чи 34 жилийн турш нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд, 55 хүрэлгүй нас барчих юм бол “хохь чинь” болно гэвэл яах вэ? Төр чиний гэр бүлд “оршуулгын зардал” гэж 300 мянган төгрөг өгчихөөд л буруу харна гээд бод.

-Би 55 нас хүрэхээсээ өмнө тэтгэвэртээ гарч болохгүй гэж үү?

-Өнөөгийн хуулиар бол даатгуулагч 20-иос доошгүй жилийн хугацаанд тасралтгүй шимтгэл төлснөөр л нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсдэг юм. 10-20 жил төлсөн тохиолдолд хувь тэнцүүлэх тэтгэмж авна. Хэрвээ есөн жил төлчихөөд, амьдралын эрхээр гэртээ суувал... Уучлаарай, чи хэзээ ч тэтгэвэр авч чадахгүй.

-Тэгвэл би шимтгэлд ийм их мөнгө төлж байгаа юм чинь тэтгэвэр маань ядахдаа өндөр байна биз дээ?

-Чи 20 жилийн турш шимтгэл төлж байж цалингийнхаа 45 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр авна. 30 жил бол 60 хувь, 40 жил бол 75 хувьтай дүйцнэ. Тэр хугацаанд инфляци хэрхэн өсөх, чиний авах тэтгэвэр амьдралд чинь хүрэлцэх эсэх хэнд ч падлийгүй.

-Тэгвэл нэрийн дансанд байгаа үлдэгдлийг шалгах ямар хэрэг байгаа юм бэ? Нэгэнт л би тэр мөнгийг авч чадахгүй юм бол ямар ч утга алга байна шүү дээ (бөөн бухимдал болов).

-Яг зөв, тиймээс л өнөөгийн нийгмийн даатгалын тогтолцоог орвонгоор нь эргүүлэх хэрэгтэй байгаа юм.

Ингээд би тэтгэврийн сангийн мөнгийг Монголд юунд зарцуулдаг, бусад оронд ямар менежмент хийдэг тухай чадахынхаа хэрээр судалж, олон ч хүнтэй уулзсаныхаа хувьд найздаа бяцхаан лекц уншиж өгөхөөр шийдлээ.

Төсвийн цоорхой нөхөх нь

Монгол Улс “залуучуудын орон” гэсэн сайхан тодотголтой. Хүн ам зүйн хувьд ид хөдөлмөрийн насандаа яваа буюу 20-54 насны иргэд жин дарж байгаа бол 55-аас дээш насныхан харьцангүй цөөн байгааг графикаас харна уу. “Залуучуудын орон” гэх сайхан нэрийг нөгөө талаас нь авч үзвэл монголчуудын дундаж наслалт бага, насан туршдаа морь мал мэт зүтгэчихээд тэтгэвэртээ ч гарч чадалгүй бурхан болооч нь олон, тэтгэвэр авлаа ч хүртэж гавьдаггүй нь харагдана. Үүнийг яагаад нуршаад байна вэ гэхээр өнөөгийн тогтоолцоогоор төр шимтгэл төлж буй хүмүүсийн мөнгийг өсгөлгүй, өмнөх үеийнхэнд нь тэтгэвэр болгоод өгчихөж байгаа юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд эдүгээ 557.6 мянган иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлж байхад нийгмийн халамжийн тэтгэвэрт ердөө 56.2 мянган хүн хамрагдсан байна. Ийм олон хүнээс авсан шимтгэлээ цөөн хүнд олгож байгаа Тэтгэврийн болон тэтгэмжийн сан одоо ч алдагдалтай болоод байгааг Сангийн яамныхан анхааруулж, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэх хэрэгтэй гэсэн санал гаргаад буйг юу гэж ойлгох вэ? Тэгвэл одоо шимтгэл төлж, тэтгэврийн хөгшчүүлийг “тэжээж” байгаа хагас сая хүн 20-30 жилийн дараа тэтгэвэртээ гараад ирэхээр яах юм бол? Тэдэнд өгөх мөнгө Тэтгэврийн санд үлдэх үү? Ер нь Тэтгэврийн сангийн мөнгө хаана яваад байгаа юм бэ? мэтийн олон асуулт шил шилээ даран хөврөх нь лавтай.

2002 онд Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хууль батлагдсан. Ингэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийн хөрөнгийг Нэгдсэн төсвийн нэгэн бүрэлдэхүүн гэж тусгаснаас болж монголчуудын ирээдүйн тэтгэвэр “Татварын орлого” гэсэн ангилалд багтаад, төсвийн цоорхой нөхөх үүрэг гүйцэтгэдэг болчихоод буй. Засгийн газар тэтгэврийн сангаас 2.1 их наяд төгрөгийг та бидэнд мэдэгдэлгүйгээр “хүүгүй зээл” болгон ашигласныг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо гурван ч жилийн өмнө илрүүлсэн.
Гэтэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн хоёр дахь заалтад “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг сан хооронд шилжүүлэн зарцуулах, зориулалтын бус чиглэлээр ашиглах, байршуулахыг хориглоно” гэсэн байдаг юм шүү дээ. Засгийн газар энэ заалтыг зөрчсөөр ирсэн бөгөөд цаашид ч үл тоомсорлох янзтай. Энэ байдлыг өөрчлөхгүй бол иргэдийн нэрийн дансан дахь мөнгө төсвийн цоорхой нөхсөөр, эргээд тэтгэвэр авах гэхээр хоосорсон байх аюултай юм.

Тэтгэврийн сангийн мөнгийг хэрхэн арвижуулдаг вэ?

Тэтгэврийн сан 550 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийнхөө мөнгийг олон улсын хөрөнгийн зах зээлд эргэлдүүлэх замаар өсгөсөөр иржээ. Зөвхөн Норвеги ч биш, Япон, Канад, Сингапур, Малайз, Австрали, Франц, Швед, Чили зэрэг дэлхийн олон оронд төрийн болон хувийн тэтгэврийн сангийн мөнгийг хөрөнгө оруулалтын урт хугацааны эх үүсвэр болгон ашигладаг. Ингэснээр иргэдийнхээ ирээдүйн тэтгэврийн хэмжээг өсгөж, амьдралын баталгааг хангаж өгч байгаа юм. “Towers Watson” компанийн хийсэн судалгаанаас үзэхэд дэлхийн томоохон 300 тэтгэврийн сан 2010 онд 12.5 их наяд ам.доллар эзэмшиж байна гэжээ.

Соёлтой орнуудын иргэд бол насны эцэст хэрэглэх хөрөнгийг нь яаж өсгөж байгаа талаарх мэдээллийг тогтмол авч, нийгмийн даатгалын хуримтлалаа өвдөж зовбол хэрэглэх баталгаа гэж үзэн, сэтгэл тэнүүн ажиллаж, амьдардаг тухай эдийн засагч Д.Жаргалсайхан бичиж байсан. Харин яаж өсгөдөг нь монголчуудын хувьд их сонин байх болов уу.

“Даатгал, тэтгэврийн сангууд гадаадад бол хөрөнгийн зах зээлийн хамгийн том тоглогчид байдаг шүү дээ” хэмээн Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар ярьж байсан. 2011 онд мөнгөний талаар төрөөс баримтлах үндсэн чиглэлд “Урт хугацааны санхүүгийн эх үсвэрийг бий болгох арга хэмжээ авна” хэмээн заасан байдаг. Урт хугацааны санхүүгийн эх үүсвэр нь хөрөнгийн зах зээл, тэтгэврийн сангуудаас бий болдог. Энэ хоёр нь бие биетэйгээ нягт уялдаа холбоотой байж гэмээнэ аль аль талдаа ашигтай байж чаддаг аж. Тодруулбал, хөрөнгө оруулалт хийдэг санхүүгийн менежерүүд тэтгэврийн сангийн хөрөнгийг өсгөдөг байна. Яаж тэр вэ? Мэдээж Засгийн газрын бонд, эсвэл хувьцаа худалдаж авна. Ингэснээр нэг талдаа сангийн хөрөнгө арвижиж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүсийн мөнгө өснө. Нөгөө талаас хөрөнгийн зах зээл хөгжинө. Гэхдээ ингэж нэг сумаар хоёр туулай харвахын тулд мэдээж маш сайн менежмент хэрэгтэй.

Айлаас гуйхаар авдраа уудал

Өнөөдөр монгол хүн бүр “Эрдэнэс Тавантолгой”-н 536 ширхэг хувьцааг эзэмшиж буй. Гэхдээ гурван монгол хүний нэг нь нэн ядуугийн ангилалд багтаж байгаа өнөө үед үнэгүй авсан хувьцаагаа хүмүүс хамгийн анхны боломжоор зарж, хоногийн хоолоо залгуулах магадлал тун ч өндөр байгааг учир мэдэх хүмүүс анхааруулсаар. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж, зах зээлийн үнэ цэнэ нь тогтох үед арилжаа нээлттэй болно гээд байгаа шүү дээ. Тэр үед манай хөрөнгийн бирж дэх гадаадын хөрөнгө оруулагчдын тоо улам л өссөн байх нь дамжиггүй. Ингээд хувьцааны урсгал гадагш чиглэх аюултайг Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Б.Болд тэргүүтэй олон мэргэжилтэн сануулж байгаа юм.

“Одоо ч Монголын хөрөнгийн биржид байгаа нийт хувьцааны ихэнхийг гадаадын хөрөнгө оруулагчид авч байна. Монголчуудад боломж байгаа ч түүнийгээ ашигладаггүй нь харамсалтай. Тэтгэврийн сангийн мөнгийг арвижуулах үүднээс хөрөнгийн зах зээлд оруулах учиртай” хэмээн Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг тэмдэглэж байв. Үнэхээр 2010 онд шинээр нээлгэсэн дансыг ажиглавал монгол иргэдийнх 1.9 хувиар өссөн байхад гадаад иргэдийн данс 34 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байлаа. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлийг гаднын байгууллага, иргэд сонирхож эхэлснийг харуулна хэмээн Үнэт цаасны газрын 2010 оны ажлын тайланд тэмдэглэжээ.

Лондоны хөрөнгийн биржийн хийх шинэчлэлийн үр дүнд манай хөрөнгийн зах зээл гаднынхны сонирхлыг илүү ихээр татах нь ойлгомжтой. Гэтэл гэнэт дэлхийн зах зээл дэх нүүрс, зэсийн үнэ навс унадаг ч юм уу, ямар нэгэн байдлаар Монгол Улс моодноос гарвал гаднынхан бэлэн мөнгөө тоолж аваад л буцна. Манай бирж үхмэл байдалдаа эргээд л орно. Ийм байдалд л орохгүйн тулд дотоодын институционал хөрөнгө оруулагчдыг бий болгох ёстойг мэргэжилтнүүд тайлбарлаж буй. Бэл бэнчин муутай монголчуудын хувьд бэлэн ашиглаад урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгочих хуримтлал гэвэл зөвхөн Тэтгэврийн сан байгааг мэргэжилтнүүд ярьдаг.

“Урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр байхгүй өнөө үед бага ч гэсэн байгаа боломжоо ашиглаж чадахгүй байгаа нь эмгэнэлтэй л хэрэг” хэмээн “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал М.Болд учирласан билээ. “Айлаас гуйхаар авдраа уудал” хэмээн монголчууд ярьдагчлан Тэтгэврийн сангийн мөнгөний зарим хэсгийг хөрөнгийн зах зээлд эргэлдүүлэх нь Монголын хөрөнгийн биржийн хөгжилд ч онцгой нэмэртэй билээ. Нөгөө талаас монголчуудын ирээдүйд авах тэтгэврийн хэмжээг жинхэнэ утгаар нь өсгөж чадна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид хүсвэл нэрийн дансаа барьцаанд тавьж, банкнаас зээл авч болдог болно. Тэтгэвэр авч байгаад нас барлаа гэхэд нэрийн дансан дахь үлдэгдэл нь үр хүүхдэд нь өвлөгддөг болно. Ихэнх оронд ийм л байдаг. Харин хэзээ ийм цаг Монголд ирж, иргэд нэрийн данснаасаа тэтгэвэр авахыг хэн ч хэлж мэдэхгүй. Яагаад гэвэл Тэтгэврийн сангийн мөнгийг өсгөх бус, үрэн таран хийхэд л төр, засаг анхаарч байна. Насан туршийн хуримтлалаа нэгдсэн төсвийн татварын орлого болгох биш, нэрийн дансандаа байлгаж, ирээдүйн баталгаагаа хангахын тулд монголчууд одооноос санаа тавих хэрэгтэй. Эрүүл саруул, эрч хүчтэй байхдаа шимтгэл төлж, хуримтлал үүсгэсэн бол эргээд түүнийгээ хэцүү үедээ захиран зарцуулах эрхтэй байх ёстой. Харин буцаан авах үед та бидний нэрийн дансан дахь мөнгө хоргодсон биш, хоосорсон биш, хэд дахин нэмэгдсэн байх учиртай.