Нээлттэй өдрөөр 148 иргэнийг ажилтай болголоо

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын мэргэжилтнүүд өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр 7000 гаруй иргэнд хүссэн мэдээ, мэдээллийг нь өгч, 309 ажилгүй иргэнийг бүртгэж, 148 иргэнийг ажлын байранд зуучилж, 15 оюутныг цагийн ажилд зуучилсан байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч, тэдний гурвыг ажлын байранд зуучилсан тухай НХХЯ-ны мэргэжилтнүүд ярив.

Энэ үеэр иргэдийн хамгийн их сонирхож байсан зүйл нь тэтгэврийн зөрүүг хэрхэн тогтох болон хэзээнээс өгч эхлэх талаарх асуултууд байв. Засгийн газар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж, зөрүүг арилгах зорилгоор 1995 оноос өмнөх цалингаар тэтгэвэр тогтоолгосон 190 орчим мянган иргэний тэтгэврийг 60 мянган төгрөгөөр нэмэхээр болсон байна. Харин 1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон иргэдийнх ойролцоогоор 40 орчим мянган төгрөгөөр нэмэгдэх аж. Иргэд тэтгэврээ ирэх сарын 1-нээс авах боломжтой гэсэн.

Энэ үеэр сайн дурын даатгалд 33, эрүүл мэндийн даатгалд 56 иргэнийг, эрүүл мэндийн үзлэгт 550 иргэнийг үнэ төлбөргүй хамруулжээ. Өдөрлөгт Нийгмийн, хамгаалал, хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Сэргээн засалтын үндэсний төв, Хөдөлмөрийн нөхцөл мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв, Хөдөлмөрийн төв бирж, Хүүхэд хамгааллын төв, Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр, төсөл, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Нийслэлийн халамжийн газар зэрэг байгууллагын мэргэжилтнүүд оролцож, иргэдэд зөвлөгөө, тусламж хүргэв.