Нягтлан бодогч эрэлттэй байна гэв

“Санхүү бол мөнгийг удирдах ухаан, мөнгийг удирдах урлаг” гэж Л.Ж.Житман хэлсэн байдаг. Өнөөгийн нийгэмд хүн бүр мөнгөтэй харьцаж буй. Тиймээс иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт /ММНБИ/-ээс зохиож буй нээлттэй өдөрлөг өнөөдөр Чингисийн талбайд болж байна. Тус үзэсгэлэнд манай улсад санхүү, аудитын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцож иргэдэд мэдээлэл өгч байна.

Өдөрлөгийн үеэр Монгол Улсад нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоо үүсч хөгжөөд 20 жил болж байгаа хэдий ч тус мэргэжилийн дагуух ажлын байрны захиалга их байгааг ММНБИ-ийн Ерөнхий менежер Б.Мөнхжаргал онцоллоо. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3000 гаруй мэргэшсэн нягтлан бодогч, 470 орчим аудитор, 100 гаруй аудитын компани үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн ерөнхий менежер Х.Дэлгэрсайхан “Манай улсад үйл ажиллагааг явуулж байгаа 50 гаруй мянган аж ахуйн нэгжид үүсч байгаа алдаа, хөрөнгө мөнгө идсэн гэх мэт буруу нөхцөл байдал нь нягтлан бодогчдын чанар, мэдлэгтэй холбоотой. Нягтлан бодогчид зайлшгүй туршлагажих хэрэгтэй. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын холбооны гишүүн орны хувьд манай улсын нягтлан бодогчдын чанарын хувьд дэлхийд өндөр түвшинд явж байгаа. Өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд нягтлан бодогчоор бүрэн хангагдаж чадахгүй байна” гэв.

Санхүүгийн салбарт нягтлан бодогчоос гадна аудиторуудын оролцоо чухал аж. Манай улсад аудитын үйлчилгээ явуулдаг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй 10 гаруй компани байна. “Улаанбаатар аудит” корпорацийн Ахлах Аудитор Б.Мэндбаяр “Бид төрийн ачааллыг хөнгөлөхөд хувь нэмэр оруулж байгаа. Төрийн аудитууд дангаараар ажлаа хийхэд хүндрэлтэй, цар хүрээ нь их болсон учир захиалгаар аудитын үйлчилгээ хийж байгаа” гэсэн юм. Харин дээрх компаниудын чанарын тухайд “Од бүртгэл аудит” компанийн аудитор П.Нарантуяа “Одоогийн байдлаар манай аудитын компаниуд олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа нь дэлхийн түвшинд хүрч чадаж буйн илэрхийлэл гэж бодож байна. Харин иргэдэд хүрэх аудитын компаниудын талаарх мэдээлэл дутмаг байгаа. Энэ үүднээс өнөөдрийн үзэсгэлэн болж байна” хэмээв.