Нялх хотын төрх

Жэймс Ло нь анх 2001 онд байгуулагдсан “Жэймс Ло Сайбертекчюр Интернэшнл” компанийн үүсгэн байгуулагч. Тэрбээр Лондоны их сургуулийн Коллежийн уран барилгын ангийг 1992 онд төгсжээ. Дэлхийн эдийн засгийн форумаас 2010 онд Дэлхийн залуу удирдагчаар шалгарсан бөгөөд одоо сайбер технологийг орчин үеийн барилгатай хослуулах зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Жэймс Ло нь алдартай архитектор. Английн уран барилгачдын Ройал Институтын гишүүн.

-Таныг Улаанбаатар хотын төлөвлөлт дээр хамтран ажиллах сонирхолтой гэж сонслоо. Та төлөвлөгөөгөө гаргасан уу?

-Юуны өмнө хот нь аливаа улсын маш чухал хэсэг мөн гэдгийг хэлмээр байна. Ялангуяа өөрчлөлт шинэчлэлтийг дагуулах Монгол Улсын хувьд амин чухал үүрэгтэй. Бид хотын төлөлвлөлтийг өнгөрсөнд бус, ирээдүйдээ зориулж гаргах хэрэгтэй. Тэгэхлээр Улаанбаатар хотын төлөвлөлтийг 10, 20, 50 жилээр бус, харин ирэх хэдэн зуун жилийг урьдчилан харж хийх шаардлагатай. Танай нийслэлд ирж үзсэний хувьд хэлэхэд, өнгөрсөн үеийн бүх бэрхшээлтэй асуудал ил харагдаж байна. Дотоод бүтэц тааруухан, мөн хот асар хурдацтай өсөн томрох хандлагатай байна.

Ирэх жилүүдэд гарах өсөлтөд зориулж “ухаалаг” хотын сүлжээний суурийг тавих хэрэгтэй. Үүний дизайн болон тогтолцоог үйл ажиллагаа тус бүрт зориулсан бүсээр эхлүүлж болно. Ингэснээр бизнесийн, оршин суугчдын, соёлын, эрдэм шинжилгээ технологийн, мэдээллийн, эрчим хүчний гэсэн дүүргүүдтэй болно. Дүүрэг бүр органик хэлбэрээр өсөж, цаг хугацаа өнгөрөх тусам сайжирна. Үүнийг компьютерийн программыг шинэчлэхтэй адил гэж зүйрлэж болно. Ийм шинэ ухаалаг хотуудыг бид сайбертекчюр хот гэж нэрлэдэг. Эдгээрийг улс үндэстэн, нийгэм хөгжих тутам компьютерийн программ шиг сайжруулан шинэчилж болдог.

Мөн хотыг илүү тогтвортой хөгжлийн замаар хөгжүүлэх хэрэгтэй. Эрчим хүч болон бусад нөөцийг шинэ маягаар дахин боловсруулж, хэрэглэснээр үндсээр нь шинэчилнэ. Тэгэхлээр өнөөдөр хотыг ирээдүйн цахилгаан машинд зориулж төлөвлөнө. Хотод амьдарч ажиллах хэдэн мянган хүмүүст зориулсан, агаар бохирдуулахгүй, түгжрэл үүсгэхгүй тийм олон нийтийн тээврийн хэрэгсэл болох дамжин суух галт тэргийг бодолцох хэрэгтэй. Гэр бүлээ өсөн нэмэгдүүлж, таатай бөгөөд ногоон орчинд амьдрах байшин барилга, олон улсын дээд зэрэглэлийн стандартат нийцсэн бизнесийн дүүргийг бодолцоно. Энэ бүх ажлыг өнөөдөр төлөвлөж эхэлнэ. Учир нь, эдгээр санааг хэрэгжүүлэхэд 10, 20, 30 жилийн хугацаа орно. Хуучин биш, шинэ “сайбертекчюр” концепц бидэнд хэрэгтэй. Бид хотыг зөвхөн бетон, төмөр, шилнээс бус харин эдгээрийг маргаашийн технологи, шинэчлэлтэй хослуулан барих хэрэгтэй. Тэгж чадваас энэ нь Монголд урт удаан наслах үндэслэлтэй болно.

-Та манай хотыг анх удаа хараад архитектор мэргэжилтэй хүний хувьд юу гэж бодсон бэ?

-Анх нийслэл Улаанбаатар хотыг хараад нялх хүүхэд шиг байна даа гэсэн сэтгэгдэл төрсөн. Онгоцноос харахад уулсын дунд олон жижиг чулуунуудыг талаар нэг тараасан мэт харагдсан. Ямар ч зохион байгуулалт, хил хязгаар, бүлэглэл, удирдлагагүй замбараагүй. Харин хот руу ороод ирэхээр хөгжил нэлээд хурдацтай явагдаж буйг мэдэрсэн. Шинэ барилга байшин баригдаж байгаа ч нэгдсэн бодлогын хүрээнд орж чадаагүй байна. Мөн орон сууцны байранд зориулсан загвар алга. Хүмүүс гэрт, хувийн байшинд, зарим нь нийтийн орон сууцанд амьдарч байна. Аливааг бүтээхдээ, мөн чанарыг хэрхэн бий болгох вэ гэдэг дээр тодорхой систем алга. Замын түгжрэлийн бэрхшээл нь зам биш, харин зохицуулалтдаа байна. Гэрлэн дохиог би анзаарч харсан. Зарим үед гэрэл асахгүй, дохио солигдох хугацаа буруу, эсхүл хүмүүс гэрлэн дохиог үл тоомсорлон гарч байсан.

Хотын замын хөдөлгөөнийг зохицуул­на гэдэг нь ганц биш, хэдэн мянган уулзварыг удирдана гэсэн үг. Компьютер ийнхүү хөдөлгөөнийг хамгийн үр ашигтайгаар зохицуулж чадна. Орчин үеийн хотын цагийн тогтолцоо нягт нямбай байх ёстой. Нийслэл хотыг балчир хүүхдээр авч үзэхэд, энэ хүүхдийг өсгөж томруулахын тулд шинэ тоглоом, хэрэгсэл өгөх зайлшгүй хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ур чадвар олгож, том хүн болгож авна гэсэн үг. Энэ бүхнийг яг одоо л хэрэгжүүлж эхлэхгүй юм бол, Улаанбаатар хотын ачаалал, бэрхшээл нь улам нэмэгдэнэ. Бид урьдчилан харагчдын хувьд Засгийн газарт хот төлөвлөлт дээр зөвлөж байж урт настай, тогтвортой, орчин үеийн, ухаалаг хот бий болно.

-Ухаалаг хот гэж Та ямар хотыг хэлэх вэ. Жишээ хэлж болох уу?

-Ухаалаг хот гэдгийг тайлбарлахаас өмнө, хот гэж чухам юу болохыг ойлгох хэрэгтэй. Нийгэм, эдийн засгийн шалтгааны улмаас нэг газар аж төрж, ажилладаг хүмүүсийн бүлэг хотыг бүрдүүлдэг. Тэнд том компани аж ахуйн нэгжүүд, Засгийн газар, сургууль, онгоцны буудал, аж үйлдвэр бүгд төвлөрдөг тул хүмүүс ч мөн адил тэнд төвлөрдөг. Гэхдээ эдгээр хүмүүсийг нэг дор бөөгнөрүүлэхэд тэд сайн зохицуулагч байж чадахгүй. Хүн хэдийгээр сайн сэтгэн боддог ч амиа хичээсэн байдаг. Эртний хотууд ухаалаг байгаагүй.

Ухаалаг хот гэдэг нь хотыг төлөвлөж, үр ашгийг өндөр түвшинд байлгахад чиглэгдсэн хүрээ юм. Эрсдэлтэй тулгарах чадамжтай байх ёстой. Жишээ нь хотод үр ашиггүй алдагдаж байгаа ус, эрчим хүчний хэмжээ асар их байна. Ухаалаг хотод нэг дүүрэг албан байгууллагын зориулалттай байх бөгөөд өдрийн цагт эрчим хүчийг түлхүү хэрэглэнэ. Өөр нэг дүүргээс тэр эрчим хүчийг хуваалцах боломжтой. Тэгээд бизнесийн хороололд амралтын өдрүүдэд эрчим хүчний зарцуулалт бага болохоор нь илүү их хэмнэлт гаргаж болно. Эрчим хүч, хүний нөөц, харилцаа холбоон дээр ч гэсэн ийм л аспектаар хандах шаардлагатай билээ. Бүсүүдийг бизнесийн болон оршин суугчдийнх гэж хуваана. Хүмүүс ажилдаа очих гэж хотын нэг захаас нөгөө рүү явж байна. Тэгвэл шинэ хотын оршин суугчид яагаад нэг л газраа ажиллаж амьдарч болохгүй гэж. Бид эрчим хүч, цагаа хэмнэн тэрхүү нөөцөө хүмүүсийн амьдралыг нь сайжруулахад зарцуулъя. Иргэдийн боловсрол, эрүүл мэнд, амьдралын стандартыг нь сайжруулж байж ухаалаг хот болно. Ийм хотыг бүтээн байгуулахын тулд шинэ дотоод бүтэц, шинэлэг санаа бидэнд шаардагдана.

-Улаанбаатар маань хэзээ таны ярьж байгаа шиг ийм ухаалаг хот болох бол?

-Нэг шөнийн дотор бүтээн байгуулагдах зүйл биш. Гэхдээ Монгол Улсын хувьд том давуу талтай. Лондон, Хонконг гэхчлэн томоохон хотуудын дотоод бүтэц аль хэдийнэ хийгдсэн учир шинэчлэхэд хэцүү. Өсөлтийнхөө дунд шатанд байгаа Шанхай, Бээжин хотууд ч мөн адил.
Харин Улаанбаатар залуу хот учраас хүмүүс ирээгүй, утасгүй холболт, шугам сүлжээ тавигдаж дуусаагүй байна. Иймд одооноос ухаалгаар ажлыг эхлүүлбэл хотын өсөлт хөгжил ч үүнтэй хамт эхэлнэ. Эхний үе шатанд таван жилийн хугацаа шаардлагатай байх гэж бодож байна. Гэхдээ маш ухаалгаар бодож хийх нь чухал. Тэрнээс биш, шил толь болсон гял цал өндөр барилгуудыг чухалчлах нь гол биш. Хойч үеэ бодож, урт хугацааны төлөвлөлтөд чиглүүлэх хэрэгтэй.

-Та залуучуудад хандаж юу хэлэх вэ?

-Монгол хүүхэд, оюутан залуустай уулзсан. Тэд өөдрөг үзлээр дүүрэн байгаа нь мэдэгдсэн. Мөн хүмүүс өнөөдрөөр биш, маргаашаа бодож амьдарч байгаа нь улс орны хувьд маш сайн юм. Монгол 15 жилийн дараа дэлхийд тэргүүлсэн манлайлагч орон болохыг үгүйсгэхгүй. Залуу удирдагчид бид өөрчлөлт шинэчлэлт, өөдрөг байдал, мөрөөдлийн эрч хүчийг олж хардаг. Монголд ирээд сая сая хүний амьдралыг өөрчлөх боломж байгааг мэдэрсэн. Тэр бол жинхэнэ боломж. Бид цаг алдалгүй боломжийг тэвэрч аван, ирээдүйд тохирсон бодит санаа, арга барил, алсын харааг гаргах хэрэгтэй байна.