НҮБ-ын хурлаас монгол хүн хүндтэй шагнал авчээ


Өмнөд Африкийн бүгд Найрамдах Дурбан хотноо өнгөрөгч арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 9-нд болсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын бага хурлын үеэр нэгэн монгол хүн шагнал авч, төлөөлөгчдийн анхаарлыг ихэд татжээ. АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, “Битлз” хамтлагийн гишүүн ноён Жамес МкКартни, Төгс гэгээрсэн Их багш Чин Хай зэрэг олны танил хүнтэй хамт, НҮБ-ын хурлын хүндэт индэр дээр Р.Баярбат гэх монгол эр “Дэлхийн тогтвортой хөгжлийн баатарлаг удирдагч шагнал”-ын эзнээр тодрон зогссон аж. Уг шагналыг дэлхийд нэрд гарсан оюун санааны хөтөч, уран бүтээлч, хүмүүнлэг үйлстэн, байгаль дэлхийд ээлтэй үйл ажиллагааг дэмжсэн, бусдад үлгэр жишээ болсон гээд дэлхийн шилдгүүдэд гардуулдаг юм байна.

Р.Баярбат энэхүү хүндтэй шагналын эзэн болсон талаараа өнөөдөр өөрийн биеэр хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрбээр “Веган” буюу эрүүл амьдрах хэв маягийг өөрийн оронд нэвтрүүлж, Монгол Улсын ирээдүй хойч үе болох залуучуудад архи, тамхинаас татгалзан зөв амьдрах арга ухааныг сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан учраас ийнхүү дэлхийн хэмжээний нэр хүндтэй шагналыг авчээ. Түүнчлэн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт газар авч байгаа өнөө үед тэрбээр ургамлын гаралтай, байгальд ээлтэй хүнс хэрэглэхийг Монголын ард түмэнд таниулж өөрийн биеэр үлгэрлэсэн тул НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бага хуралд оролцогчид ийн хүндэтгэлээ илэрхийлжээ. Р.Баярбат “Намайг тэр хүндтэй индэр дээр гараад, ийм том шагнал авахад гайхсан хүн олон байсан. АНУ-ын тэргүүн хатагтай болоод дэлхийн хэмжээнд өөрсдийн хийсэн сайн үйлсээр танигдсан хүмүүстэй мөр зэрэгцэж ийм шагнал авна гэдэг миний амьдралд тохиосон хамгийн гайхалтай үйл явдал байлаа. Мөн монгол хүмүүс мах л иддэг гэж боддог болохоос биш, эрүүл хоололтод ингэж анхаарал хандуулдаг гэж санасангүй гэх нэгэнтэй ч таарч байсан” гэв. Тэрбээр бидний сайн мэдэх “Ловинхат” олон улсын эрүүл хоололтын ресторан, Ургамал, хүнс судлан дэлгэрүүлэх академи, “Веган супермаркет” гээд олон төрлийн байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг удирддаг аж.

Мөн Р.Баярбат нь Төгс гэгээрсэн Их багш Чин Хайн “Олон улсын нийгэмлэг”-ийн Монгол дахь төвийн тэргүүн юм байна. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр “Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүн бүрийн хийж чадах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол “веган” хооллолт юм. Өнөөдөр дэлхий нийт ногоон эдийн засаг, ногоон хөгжил, ногоон хооллолтын талаар судалж, энэ чиглэлд явж байна. Манай орны хувьд сүүлийн арав гаруй жил мал сүргээ хэт өсгөсөн нь цөлжилт, бэлчээрийн талхагдал гээд олон арван сөрөг үр дагаварыг авчирсан. Тиймээс эх дэлхийдээ хайртай хүн бүрийг эрүүл зөв амьдралд нэгдэхийг уриалж байна” гэв.