Нүүдлийн соёлд байгаль орчноо хамгаалах асар их ухаан байна

“Монгол: Хэрхэн урагшлах вэ? “ баримтат киноны уран бүтээлч, зохиогч Хамид Сардартай ярилцлаа. Тэрбээр БОАЖЯ, Дэлхийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй “Байгаль орчны шинэчлэл-2 буюу “НЕМО-2” төслийн хүрээнд байгаль орчны салбарын эрх зүйн орчныг сайжруулах, ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр энэхүү киног бүтээжээ. Тус киноны нээлт нь өнөөдөр Дэлхийн банкны төв байранд болсон.

-Баримтат кино хийх санаагаа яаж олсон бэ. Монгол Улс урагшлахын тулд ямар асуудлаа шийдэх хэрэгтэй байна вэ?

-Кино хийх гол сэдэл нь Монголын байгаль орчинд тулгарч буй өнөөгийн асуудал. Үүнийг иргэд төдийлэн сайн мэдэхгүй өнгөрч байна. Тодорхойгүй зүйлүүд маш их үлдэх нь. Аливаа нэг асуудал тодорхойгүй байх тусмаа хор хохирол, үр дагавар нь сөрөг байдаг. Тухайн байгалийн нөөцийг хэрхэн хамгаалах, баялгийг яаж захиран зарцуулах, хуваарилах нь ч таамаг төдий байж болохгүй. Үүнээс гадна, байгалийнхаа нөөцийг хайрлан хүндэлж, биширдэг сэтгэлийг яаж бий болгох вэ гэдэг асуудлаас кино хийх санаа маань төрсөн. Хэрэв энэ үеийнхэн байгаль орчны нөөц, тулгамдаж буй асуудлаа тун сайн мэдэж, зохицуулж байхгүй бол дараа үеийнхэн, тэдний үр хүүхэд, ирээдүй хойчид тохиолдох асуудал бүр ч бүрхэг үлдэх эрсдэлтэй. Үүнийг л хөндөж тавьсан юм.

-Баримтат киноны үр дүн юу байх вэ?

-Монголчуудын зүрх сэтгэлд нь, оюун бодолд нь байгалаа хамгаалдаг өв уламжлалыг нь өдөөж, сэргээж өгөх үүднээс баримтат кино хийхдээ чармайж ажилласан. Монголчуудын хувьд чоно, гөрөөс зэрэг амьтныг байгалийн сүр сүлд гэж үздэг. Үүнийгээ дагаад зүрх сэтгэлд нь ч ойр байдаг. Тиймээс монгол хүний байгальтайгаа ойр байх сэтгэлгээн дээр үндэслэж, баримтат кино хийсэн. Аль нэг орны туршлага гэхээс илүүтэй монголчуудын нүүдлийн соёлд байгаль орчноо хамгаалах асар их ухаан байна гэдгийг харуулахыг зорьсон.

-Баримтат кино хийхэд тулгарч байсан бэрхшээл юу байв. Байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахыг илүү чухалчилсан уу?

-Бэрхшээлийн хувьд ерөнхий тэнцвэрийг олох хэцүү байлаа. Аливаа нэг кино хийхээр нэг тал руугаа хазайх эрсдэл байдаг. Үүнээс зайлсхийж, тал бүрийн байр суурийг сонсохыг хичээлээ. Тэнцвэрийг олохын тулд олон талаас нь бодож үзсэн. Хамгийн гол нь бид баримтат киногоор хариулт өгөх гэж оролдоогүй. Асуудал салаалаад л яваад байна. Энэ асуудал явсаар нэг газар уулзах ёстой. Уулзуулах ч шаардлагатай. Тиймээс уулзах цэгийг л бий болгох хэрэгтэй байна. Мөн эрх, эрх чөлөөний тухай асуудлыг баримтат киноноос харж болно. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн. Тиймээс хэн, хаана юу ч хийж болох эрх нээлттэй. Өөрөөр хэлбэл, уурхай нээгээд ажиллуулах нь дурын асуудал мэт боловч бусдын эрх, эрх чөлөөг эрхэмлэх нь нэгдүгээр асуудал. Ан амьтан ч гэсэн эрх чөлөөтэй байх учиртай. Гэтэл хэт дурын хандлага давамгайлж байна. Танай улсын хувьд алт, зэс, нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулах нь нэг талаараа зөв. Үүнийг дэмжихийн тулд төмөр зам тавих шаардлагатай. Гэхдээ энэ ажлыг зохион байгуулахдаа дэлхийд ховордсон ан амьтдын нүүдлийг харгалзаж, эрх чөлөөг бодолцох хэрэгтэй. Малчин малаа эрх чөлөөтэй бэлчээрлэх учиртай. Тиймээс эдгээр эрх чөлөөг нь харгалзаж, эрхийг нь нээлттэй үлдээх ёстой. Замаа тавьж болно, нүүрсээ ч зөөж болно. Хамгийн чухал нь малчдын нүүдэл суудал, хэрэгцээ, амьтадын эрхийг хаахгүйгээр төлөвлөж, тодорхой хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах нь үр дүнтэй.

Жим Райкарт: Нөхдүүдээ асуудал зуун задгай байна шүү гэдгийг л хэлэхийг хүссэн

Дэлхийн банкны дэд бүтцийн ахлах ажилтан, “НЕМО-2” төслийн ахлагч Жим Райкарттай цөөн хором хөөрөлдлөө.
-Энэхүү баримтат киногоор дамжуулан монголчуудад ямар зүйлийг хэлэхийг хүссэн бэ?
-Баримтат киногоор дамжуулаад нөхдүүдээ асуудал зуун задгай байна шүү. Үүнийг хэн нэгэн заавал зохицуулж, уялдуулж авч явахыг өөр талаас нь хэлэхийг хүссэн юм. Дэлхийн банкны хийдэг ажлаас арай өөр маягаар хийж байгаа нь энэхүү баримтат кино. Цаашдаа энэ чиглэлд ажиллах болно. Монголын талд 200-300 мянган цагаан зээр, хулан бэлчиж байна. Ийм орон дэлхийн хаана ч байхгүй.
-“НЕМО-2” төсөл хэрэгжсэнээр ямар үр дүн гарсан бэ?
-Нидерландын Вант улсын Засгийн газрын санхүүжилтээр БОАЖЯ, Дэлхийн банк хамтран “Байгаль орчны шинэчлэл-2” /НЕМО-2/ төслийг 2007 оноос хэрэгжүүлж байна. Төсөл энэ оны арванхоёрдугаар сард өндөрлөнө. Энэхүү төсөл нь гурван чиглэлд үйл ажиллагаа явуулсан. Нэгд, Байгаль орчны засаглалыг бэхжүүлэх, хоёрдугаарт, байгалийн нөөцийн менежмент, гуравдугаарт, бохирдолын менежментийн асуудалд ач холбогдол өгсөн. Мөн БОАЖЯ-тай хамтраад Байгаль орчны мастер төлөвлөгөөг боловсрууллаа. Төсөл үүргээ маш сайн биелүүлсэн. Тулгамдаж буй, шийдэх ёстой олон асуудлын гарцыг нээж өгсөн. Шийдэх арга замыг нь ч тодорхой болголоо. Цаашид Монгол Улсын хувьд уул уурхайн салбарт хамтрагчаа зөв сонгох хэрэгтэй. Зургаан жилийн хугацаанд “НЕМО-2” төсөл 7.8-8 сая ам.долларын хөрөнгө оруулсан.