Нүүдэлч монголчуудын эцсийн нүүдэл

Т.Амаржаргал
2026-03-27 16:30:09

Нүүдэлчин монголчуудын сүүлч нь эцсийн нүүдлээ хийж байна. Энэ нүүдлийн төгсгөлийн цэг Улаанбаатар хот. 2020-2024 онд нийслэлийг чиглэн нүүдэллэгсдийн тоо 166 мянгыг давжээ. Өөрөөр хэлбэл, жил тутам 33 мянган хүн Улаанбаатар хотод шилжин ирж байна. Тэдэнд олон шалтгаан бий. Гэхдээ цөөнгүй хувь нь цөлжилт, байгалийн доройтлын улмаас хотод суурьшиж байгааг саяхан нийтлэгдсэн нэгэн судалгаанд онцолжээ. 

“Монгол Улсын малчдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд цөлжилт, газрын доройтол, ган гачгийн нөлөө: Кэйс судалгаа” сэдэвт эл судалгааг Ази, Номхон далайн бүс нутагт хэрэгжиж буй  “Цөлжилт, газрын доройтол болон ган гачгаас үүдэх хүн амын хөдөлгөөн” санаачилгын хүрээнд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, НҮБ-ын Хабитаттай хамтран гүйцэтгэжээ. 

Элсэнд туугдагсад

Монгол малчид малтайгаа олон зууны туршид байгаль, цаг уурын хатуу ширүүнийг тэсвэрлэн энэ хүрсэн ч зуун зуун дамжсан тэвчээр энэ хүрээд тасарч буй бололтой. Учир нь сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн давтамж нэмэгдсэн нь энэхүү уламжлалыг ганхуулах хэмжээнд хүрлээ. Хүрээлэн буй орчны доройтол нь малчдад нөлөөлөөд зогсохгүй, хүн амын шилжилт хөдөлгөөний шинэ давалгааг өдөөж, Монголын нийгэм-эдийн засгийн бүтцэд гүн гүнзгий өөрчлөлт авчирч байгааг тус судалгаанд онцолсон байна. 

Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөн бөгөөд 23 хувь нь хүнд хэмжээний доройтолд оржээ. 

Ингэснээр бэлчээрийн даац буурч, усны нөөц багасаж буй нь мал аж ахуйд маш хүчтэй цохилт өгч байна. Малчдын амьжиргаа байгаль орчны нөхцөлөөс шууд хамааралтай тул эдгээр өөрчлөлт нь өрхийн орлогын тогтвортой байдлыг аль хэдийнэ алдагдуулж эхэлжээ.

Судалгаанд хамрагдсан нэгэн малчин “Өмнө нь худгийг 8-30 метр ухахад л гардаг байсан. Одоо 80-100 метр ухахаас наашгүй болсон. Том уурхайнууд тасралтгүй ус шавхаж байна” хэмээн ярьжээ. Өөр нэгэн малчин “Отроор олон малчин ирэх тусам бэлчээрийн даац хэтэрч, туурайн зудын давтамж ойртдог. Ургамлын бүтэц өөр болж, хөмүүл, таана ургахаа больсон. Өмнө бид таана түүдэг байсан бол одоо түүх таана ч алга. Зөвхөн ширүүн өвс ургадаг, тэр нь малд шимгүй” хэмээн ярьсан байна. Үнэхээр ч уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт Монголын өвлийг илүү хахир болгож байна.

Монголчууд бичин жилийн зудыг түүх домог мэт ярьдаг. Гэтэл одоо бичин жилтэй, жилгүй гарз хохиролтойгоор өвлийг давдаг болжээ.

Доорх графикаас 1944 оны бичин жил малчид 25 сая малынхаа 33 хувийг үхүүлж орхисныг харж болно. Үүнээс хойш 2000-2001, 2009-2010 онд малчид өвөл хамгийн гарзтай өвлүүдийг давжээ. 

Хатуу өвлийн дараа хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрчимждэг. Тухайлбал, 2001 оноос хойш гурван жилийн хугацаанд хотод суурьшихаар ирэгсэд хэрхэн нэмэгдсэнийг уншигч та удаах графикаас ажиглаарай. 2001 онд 10 мянга гаруй хүн хот руу нүүсэн бол 2003, 2004 онуудад шилжин ирэгсдийн тоо 80 мянгыг давсан нь “их нүүдэл”-ийн оргил үе байсан юм. 

2012 оноос хойш малын хорогдлын хувь хэмжээ харьцангуй тогтвортой түвшинд байсан.  Гэвч сүүлийн жилүүдэд ахин нэмэгдэх хандлагатай байна. 2024-2025 оны өвөл 58 сая малын 16 хувь нь хорогдсон нь 1944 оноос хойш дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх хэмжээний гарзтай өвөл болжээ.  

Аргагүй нүүдэл ба ядуурал  

Уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн доройтол малчин өрхийн амьжиргааны бүтцийг эрс өөрчилж байгааг судалгаанд дурджээ. Тус судалгаанд хэд хэдэн өрхийн орлогын өөрчлөлтийг тусгасан байсан бөгөөд малчин Нараагийнх анхаарал татаж байв. Нараа 45 настай, ам бүл тавуулаа. 350 толгой малтай. 2023 онд болсон хүчтэй цасан шуурганаар тэднийх малынхаа 70 орчим хувийг алдсан. 

Малаа алдахаас өмнө Нараагийнх мал мах борлуулах, ноолуураа самнаж тушаах, цагаан идээ боловсруулах зэргээр эрдэнэт мал сүргээсээ өрхийн орлогынхоо 80 орчим хувийг бүрдүүлдэг байж. Харин одоо малаас олох ашиг орлого нь 50 хувь болж буурчээ. Ингэснээр эхнэр нь дээл хувцас оёх, өөрөө гагнуур хийх зэргээр нэмэлт орлого эрэлхийлэх болсон байна. Мөн хүүхдийн мөнгөнд найдах, хамаатан саднаасаа зээл тусламж авах хандлагатай болжээ. 

Ган, зуд, цас, шороо малчдын амьжиргааг доройтуулахын зэрэгцээ ахин нэг шуурвал яах билээ гэсэн айдас тэднийг шилжилт хөдөлгөөн рүү чиглүүлж байна. Эндээс шилжилт хөдөлгөөн бол урт хугацааны орчны доройтлоос үүдсэн үр дагавар гэдгийг ойлгож байна. 

Мөн шилжилт бүр хүссэн бөгөөд төлөвлөсөн байдаггүй. 

Орчны доройтол, бэлчээр усны маргаан, орлогын бууралт, амьжиргааны баталгаагүй байдал нь малчдыг сэтгэл зүйн хувьд ачааллуулж, стресс бухимдлаас үүдэн хотод шинэ амьдрал хайн ирэхэд хүргэдэг. Гэвч чонын амнаас барын аманд гэгчээр шилжин ирэгсэд шинэ сорилтуудтай тулгардаг. Судалгаанаас үзэхэд ядуу хүн амын 64 хувь нь хот суурин газарт төвлөрсөн байна. Тэр дундаа 43 хувь нь Улаанбаатарт, 20.4 хувь нь аймгийн төвүүдэд төвлөрчээ. 

Энд нэг чухал парадокс үүснэ. Хүмүүс ядуурлаас зугтахын тулд хот руу шилжиж байгаа ч хотод ирээд шинэ төрлийн ядууралтай нүүр тулж байна. Энэ нь орлогын тогтворгүй байдал, албан бус хөдөлмөр эрхлэлт, орон сууцны хүртээмжгүй байдал, дэд бүтцийн хязгаарлалтаар илэрнэ. Тодруулбал, гэр хорооллын тэлэлт нь хотын дэд бүтцийн хүрэлцээний дутагдлыг улам лавшруулж, нийгмийн үйлчилгээний чанарыг бууруулан тэгш бус байдлыг нэмэгдүүлсээр байна. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутаг дахь байгаль орчны доройтлын тусгал нь хотод нийгэм-эдийн засгийн эмзэг байдал болон үргэлжилж байна. 

Энэ бол гэнэт үүссэн шинэ нөхцөл биш, харин удаан явагдаж буй хямрал. Иймд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх бодлого нь зөвхөн байгаль хамгааллын асуудал биш, харин нийгэм-эдийн засгийн тогтвортой байдлын үндсэн нөхцөл гэдгийг ухамсартайгаар хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Ингэж байж уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах ажлуудыг “лоозон”-гийн түвшинд бус бодитоор хэрэгжүүлж чадна.  

Т.Амаржаргал