Нүүрснийхэн нухацтай чуулж байна

Жил бүрийн хоёрдугаар сарын сүүлийн 10 хоногт нүүрсний салбарын үйлдвэрлэгчид болон дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид цуглаж нүүрсний зах зээлийн хандлага, хөгжил, ирээдүйг танддаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу өнөөдөр “Coal Mongolia-2014” олон улсын IV чуулга уулзалт боллоо. Нүүрсний зах зээлийн уналттай үед чуулганд оролцогчдын ирц идэвх ямар байх бол гэсэн эргэлзээ байсныг үгүйсгэхгүй. Гэвч эргэлзээг тайлж оролцогчдын тоо 1000-д хүрсэн нь сайн хэрэг. Үүнд Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль, Уул уурхайн салбарт анх удаа төрөөс баримтлах бодлогын баримт бичигтэй болсон зэрэг хууль эрх зүйн нааштай зохицуулалт нөлөөлсөн байх талтай. Нөгөө талаас Уул уурхайн, Гадаад харилцааны, Сангийн зэрэг Засгийн газрын холбогдох сайд нар чуулганы эхний өдрийн үдээс өмнөх хуралдааны индэрт тухалж, илтгэл тавьж, зочид төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулан энэ удаагийн “Coal Mongolia”-д өндөр ач холбогдол өгч оролцсон нь өмнөх жилүүдээс ялгарах онцлогуудын нэг байлаа. Дээрх сайд нар өөр өөрсдийн чиглэлээрээ Засгийн газраас бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого тууштай баримталж байгааг илэрхийлж байв. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Л.Болд “Монгол боломжоор дүүрэн орон. Шинэчлэлийн Засгийн газар ч энэ боломжийг улам бататгах тал дээр бодлогоо чиглүүлж байгаа. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Алтны худалдааны ил тод байдлын тухай хуулийг УИХ-аас тус тус батлан гаргасан. Мөн Монгол Улсын хөгжилд нүүрсний салбар голлох нөлөө үзүүлнэ. Тиймээс энэ салбарыг дэмжих тал дээр Засгийн газраас онцгой анхаарч байгаа” гэв.

Мөн хуралд оролцогчдын дотор гадаадын зочид төлөөлөгч нэлээд байсан ч өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад арай цөөхөн байна уу даа гэж анзаарагдсан. Түүнчлэн үзэсгэлэнд оролцож байгаа компаниудын хувьд ч өмнө нь том талбай эзлээд зогсдог дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай “акул” компаниуд төдийлэн оролцоогүй байсан. Энэ нь хөрөнгө оруулагчид бага оролцсон, том үйлдвэрлэгчид тоосонгүй гэж байгаа юм биш нүүрсний зах зээлд жижиг компаниуд, шинэ сонирхогчид түрэн орж ирж буй шинэ салхи сэвэлзэх хандлага бийг харлаа. Түүнчлэн зургаан хэсгээс бүрдэх чуулганы модератор, илтгэгч нарт ч шинэлэг хүмүүс байсан. Тухайлбал, Чуулганы маргаашийн үдээс өмнөх хуралдаан буюу “Коксжих нүүрс-хөрөнгө оруулалтын төслүүд,техник технологийн талаар хэлэлцэх хурлын хөтлөгч нь “Пийбоди Энержи” компанийн Монгол, Энэтхэгийг хариуцсан ерөнхийлөгч Аршад Саейд байх жишээтэй. Түүнчлэн өнөөдрийн хоёрдугаар хэсгийн “Нүүрсний зах зээл ба Монголын өрсөлдөх чадвар, төслийн санхүүжилт” сэдэвт хуралдааны илтгэгчдийн дотор Японы “Сүмитомо Мицу Банкны Корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Хажимэ Үчида байлаа. Тэрбээр “Монголын уул уурхайн салбарт төслийн санхүүжилт хийх бизнесийн боломжууд” сэдвээр илтгэл тавьсан юм.

Нийт зах зээлийн өнгөрсөн оны үйлдвэрлэл, экспортын мэдээг аваад үзэх юм бол сайнаасаа саар мэдээ нь олон. Өнгөрсөн онд л гэхэд зах зээлийн тааламжгүй байдал үүсэж, уул уурхайн чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг компаниудын олонх нь үйл ажиллагаагаа хумьсан. Мөн нүүрсний алтан үе дуусч нийт экспортын ердөө 26.1 хувь, төсвийн орлогын 27.7 хувийг бүрдүүлсэн нь тус салбарынханы хувьд тийм ч таатай мэдээлэл биш байлаа. Нүүрсний зах зээлд сүүлийн үед сэргэж магадгүй хандлага бий ч тус чуулганы үеэр тавьсан гол илтгэл, мэдээллүүдээс харахад гэгээ гэрэлтэй мэдээ тийм ч амархан дуулдахааргүй хандлагатай байна. "Монголын Уул уурхайн корпораци"-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Нүүрс экспортлогч гол орнуудын тоонд Австралиас гадна ОХУ, Индонез, Мозамбик зэрэг шинэ тоглогчид орж ирсэн төдийгүй Хойд Америк, Африкаас нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэн. Дээрээс нь тухайн орнуудын тээвэрлэлтийн зардал маш бага байгаа нь Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг сааруулж байна. Тиймээс монголчууд нүүрсээ зараад ашиг олох гэж байгаа бол эхний ээлжинд дэд бүтцийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Үүний тулд богино хугацаандаа боомтын төмөр замыг ашиглалтад оруулж, Хятадын төмөр замын сүлжээнд шууд гарцтай болох. Мөн дунд хугацаанд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад оруулж, царигийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй байна” гэв. Өөр нэг асуудал бол монголчууд нүүрсээ боловсруулж нэмүү өртөг шингээх юм. Өнөөдрийн байдлаар “Энержи Ресурс” ХХК-ийн жилд 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрээс өөр нүүрс боловсруулах үйлдвэр Монголд алга. Хэрвээ байдал энэ хэвээрээ үргэлжилбэл Монголын хар алт “хог” болж магадгүй. Тухайлбал, чуулганы үеэр тавьсан нэгэн илтгэлд “Манай нүүрсний өрсөлдөх чадвар буурч зах зээлээс шахагдаж буй гэх 20 хувийн ангилалд багтаж эхэлсэн” гэсэн юм. Хэрвээ нүүрсний үнэ цэнэ нэмэгдэж чадвал тээвэрлэлтийн зардлыг бууруулах өөр нэгэн боломж аж.

Жилийн жилд нүүрсний салбарыг хэт өөдөргөөр төсөөлдөг муу зуршлтай эрхтэн дархтангууд энэ алдаагаа мөн л давтсан гэдгийг хурлын үеэр олон хүн сануулж байлаа. Энэ онд 32 сая тонн нүүрс экспортолно гэж байгаа ч үүнийг хэт мөрөөдлийн тоо гэдгийг Нүүрсний ассоциацийн ерөнхийлөгч Т.Наран хэлсэн юм. Учир нь Хятадын төмөр ба гангийн үйлдвэрлэлийн нийгэмлэгийн мэдээлснээр энэ онд Хятадын ширэм болон гангийн үйлдвэрлэлийн өсөлт саарна гэсэн байна. Мөн эрэлтээс давсан нийлүүлэлт коксжих нүүрсний үнийг унагасаар байгаа аж. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сарын байдлаар Австралийн хатуу коксжих нүүрсний нэг тоннын үнэ 126.75 ам.доллар байжээ.

Нүүрсний салбарынхан хоёр өдөр чуулна. Чуулга уулзалт нийт зургаан хэсэгтэй бөгөөд Засгийн газрын төлөөлөл, хайгуул, олборлолтын компаниуд, банк санхүүгийн байгууллагууд, инженерийн болон консалтингийн, ханган нийлүүлэгч компаниуд, мэргэжлийн холбоодын төлөөлөгчид тал бүрийн төлөөлөгчид тус уулзалтад оролцож байна. Маргааш чуулган “Коксжих нүүрс-хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи”, “Эрчим хүчний нүүрс-Хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи”, “Нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь-төр, хувийн хэвшлийн нээлттэй хэлэлцүүлэг” гэсэн сэдвүүдээр үргэлжилнэ.

“Coal Mongolia -2014”-ийн талаар илүү дэлгэрэнгүй, дүрстэй мэдээ үзэхийг хүсвэл манай сайтын видео мэдээний хэсгээс сонирхоорой.