Нүүрсний зах зээл сэргэнэ

"Мандал ассет менежмент” ХХК-ийн шинжээчдийн гаргадаг Дэлхийн эдийн засаг ба хувьцаат компаниудын талаарх ээлжит мэдээллээс харахад олон улс дахь нүүрсний зах зээл сэргэхээр байна. Тухайлбал, Индонез энэ жил нүүрсний нийлүүлэлтээ бууруулахаар болжээ. Тус улсын Засгийн газраас энэ жил нүүрсний олборлолтоо өнгөрсөн оныхоос таван хувиар бууруулж 400 сая тоннд хүргэх болсон тухайгаа мэдээлсэн байна. Өнгөрсөн жил олборлох хэмжээг төлөвлөсөндөө барьж чадаагүй тул энэ жил ийм асуудал гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахаар болсон гэнэ. Мөн ашигт малтмал ашигласны рояалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Үүний зэрэгцээ олборлолтоо хэтрүүлсэн компанид ямар торгууль ноогдуулах вэ, олборлолтыг хэрхэн тогтоох вэ зэрэг уг үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмуудыг боловсруулжээ. “Нүүрс бол сэргээгдэхгүй нөөц. Хэзээ нэгэн цагт хязгаарлалт тавьж л таарна. Мөн нийлүүлэлтээ бууруулснаар олон улсын зах зээл дэхь үнэ өсөх боломжтой” гэж Индонезийн Эрчим хүчний яамнаас мэдээлсэн байна. Австралийн Newport нүүрсний боомтод нэг тонн эрчим хүчний нүүрсний үнэ 80 ам.долларт хүрээд байгаа аж.
Нүүрсний салбартай холбоотой өөр нэг мэдээлэл гэвэл Mechel компани Posiet дэхь нүүрс экспортлох боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх туршилтыг амжилттай гүйцэтгэжээ. Posiet нь Хойд Солонгос орчмын дайлан эрэгт байрлах Оросын нүүрсний боомт юм. 4.5 тэрбум рублийн өртөгтэй уг төслийг хэрэгжүүлснээр Mechel компани Ази-Номхон далайн зах зээлд нийлүүлэх нүүрсний нийлүүлэлтээ өсгөхөөр төлөвлөжээ. Боомтын тоног төхөөрөмжийг шинэчилснээр жилд долоон сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой болох аж. Мөн шинэ төсөл хэрэгжсэнээр тус боомтоор өдөрт 400 вагон буюу 28,000 тонн нүүрс буулгах, 30,000 тонн нүүрсийг усан онгоцонд ачих боломжтой болох аж. Энэ оны хоёрдугаар улиралд одоо байгаа боомтын техникийг шинэчилэх төслийн ажлын эхний шат дуусах юм байна. Хоёрдугаар шат нь дараагийн жилүүдэд үргэлжлэх аж. Төсөл хэрэгжиж дууссаны дараа Elga ордоос нүүрс нийлүүлэхээр төлөвлөжээ. Mechel нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг уул уурхай ба гангийн үйлдвэрлэл явуулдаг компани бөгөөд 80,000 ажилтантай. Бүтээгдэхүүнээ Европ, Ази, Хойд Солонгос, Өмнөд Африк зэрэг оронд гаргадаг аж.