Нүүрсний Монгол дэлхийн тавцанд...

Монголыг “Нүүрсний Саудын Араб болно” гэсэн Роберт Фрийдландын үг бодит амьдрал дээр биеллээ олж эхэллээ. Манай нүүрсний олборлолт, экспортын хэмжээ гэрлийн хурдаар нэмэгдэж буйн зэрэгцээ нөөцөөрөө дэлхийд толгой цохих Тавантолгойн орд өнөө маргаашгүй эдийн засгийн эргэлтэд орох гэж байна. Энд олборлолт хийхийн тулд уул уурхайн “акулууд” өрсөлдөж, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хаана гаргахыг хэлэлцэхийн тулд дэлхийн тэргүүлэх банкирууд Улаанбаатарт ирж, олон улсын томоохон хэвлэлүүдийн эхний нүүрийг “Монгол нүүрс” гэх үг чимэглэн харагдах болжээ...

Өнөөдөр манай эдийн засгийн зүтгүүр зэс биш, нүүрс болсныг гэрчлэх тоо баримт мундахгүй. 2010 онд монголчуудын экспортолсон зэсийн баяжмал 770.6 сая доллар болсон бол нүүрсний экспортын орлого түүнээс 100 гаруй сая доллараар давж, 877.6 сая долларт хүрчихээд байна. 2008 онд манай улс 4.2 сая тонн нүүрс экспортолж байсан бол хоёрхон жилийн дотор энэ үзүүлэлт дөрөв дахин нэмэгдэж, 16.6 сая тоннд хүрчээ. Үүний хажуугаар Монголын аж үйлдвэрлэл 2010 онд өмнөх жилийнхээсээ 10 хувиар өсөхөд нүүрсний олборлолт 91.8 хувиар нэмэгдсэн нь чухал түлхэц болсон тухай мэргэжилтнүүд тэмдэглэж байгаа юм.

Хоёрхон жилийн дотор манай нүүрсний салбар танигдахын аргагүй томорчээ. Монгол нүүрс моодонд орж, Монголын компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавилаа. “Энержи ресурс” буюу “Mongolian mining corporation” Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан бол нүүрсний хайгуулын “Хүннү коал” компани Австралид IPO хийснийг сануулах юун. Дээрээс нь дэлхийн нүүрсний зах зээлд “Монгол нүүрс” гэх шошготой Монголын төрийн өмчит “акул” шинэ тоглогч болон мэндэллээ.

Энэ бол мэдээж “Эрдэнэс МГЛ”-ын харьяа “Эрдэнэс Тавантолгой” компани юм. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргахын тулд “HSBC”, “Deutsche”, “Credit Suisse”, “Citi”, “Macquarie”, “Morgan Stanley” зэрэг дэлхийд тэргүүлэх 20 гаруй хөрөнгө оруулалтын банк төлөөлөгчөө Монгол руу илгээгээд байна.

Тавантолгойн хамгийн сайн судлагдсан Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс МГЛ” өөрөө хөрөнгө оруулаад, ашиглах билээ. Эхний ээлжинд эндээс жилдээ 15 сая орчим тонн нүүрс олборлоно гэсэн тооцоо байгааг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт онцолж байв. “Хөрс хуулалт эхэлчихсэн бөгөөд нүүрс олборлох ажилд бэлэн болсон” хэмээн тэрбээр тэмдэглэсэн юм. Олборлолтыг явуулах гэрээт гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад БНЭУ-ын “MESCO Steel”, Австралийн “Macmahon”, ХБНГУ-ын “BBM Operta” гурав өрсөлдөж буй ажээ. Харин Цанхийн зүүн хэсэгт олборлолт явуулах стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтад гадаад, дотоодын 15 компани, консорциум хүчээ сорьж байна. Энэхүү хоёр талбайн аль аль нь энэ ондоо багтан ашиглалтад орох хандлагатай байгаа юм. Юу хэлэх гээд байна вэ гэхээр 2011 онд нүүрс олборлолт, экспортын хэмжээ өмнө нь төсөөлж байгаагүйгээр нэмэгдэх нь тодорхой болжээ. Харин энэ талд төрийн бодлого байна уу гэдэг нь сонирхол татна.

Олон жилийн турш “Эрдэнэт” үйлдвэр Монгол орны төсвийг авч явсан. Одоо харин энэ байдал эрс өөрчлөгдөхөөр байгааг өсөн томорч буй нүүрсний салбар харуулж байгаа юм. Гэвч Монгол Улсын 2011 оны төсөвт нүүрсний салбараас ямаршуухан орлого төвлөрүүлэхийг тоймтой тусгаагүй байгаа нь хачирхалтай. Эдүгээ 68 хувийн татвар цуцлагдсан болохоор “Эрдэнэт”-ээс төсвийн хувин руу саах мөнгө огцом багасах нь дамжиггүй. Харин нүүрсний экспортын хэмжээ зэсийн баяжмалынхаас давчихаад байгаа учир 2011 онд төсөвт нэлээд хэмжээний мөнгө төвлөрүүлэх нь ойлгомжтой бус уу. Уг нь нүүрсний компаниудаас хэдий хэмжээний татвар авахаа тооцоолж, эргүүлээд энэ салбарыг төрөөс яаж дэмжихээ бодох цаг болжээ.

“Монгол нүүрс” дэлхийн брэнд болох гэж буйтай зэрэгцэн Монголын нүүрсний салбарт цэгцлэх, цэвэрлэх ажил даанч их байгааг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. Нүүрсийг чанарынх нь дагуу маш олон ангилдаг учраас нэгдсэн үнэ байдаггүй нь нэг асуудал болдог. Цахилгаан станцуудад нийлүүлэх нүүрсний үнийг төр хянадаг учир төвийн эрчим хүчний системийг түүхий эдээр хангадаг хэдэн уурхай элгээрээ хэвтэх гээд байна хэмээн гомдоллодог шүү дээ. За тэгээд гадагш нь гаргаж байгаа нүүрсний үнэ ч ярвигтай. Хүрэн нүүрс, чулуун нүүрс, коксжих нүүрс гээд л үнэ нь өөр өөр. Дээрээс нь компаниуд худалдан авагч нартайгаа хийсэн гэрээнээс хамаараад ханш нь мөн л ялгаатай байна.

Харин төр, засаг нөөц ашигласны төлбөрөө авахдаа Хятадын http://www.coalworld.net гэдэг цахим хуудаснаас үнийг нь авч, жишиг үнэ тогтоодог байна. Энэ нь компаниудын гэрээлэн зарж буй бодит үнэтэй ижил байна уу, үгүй юү гэдэг нь хэнд ч падлийгүй. Учир нь,үнэ тогтоох зөвлөлд салбарын аж ахуйн нэгжүүдээс ямар ч төлөөлөгч байдаггүй ажээ.
Өнөөдөр “Монгол нүүрс” Хятад хэмээх ганцхан худалдан авагчтай байгаа нь дараагийн томоохон асуудал юм. БНХАУ-ын нүүрсний гол нийлүүлэгч Австрали байсан бол эдүгээ энэ байр сууриа монголчуудад алдаж эхэлсэн тухай “Саусгоби ресорсез” компанийн ерөнхийлөгч Александр Моленюкс тэмдэглэсэн. 2009 онд БНХАУ нийт 34.5 сая тонн коксжих нүүрс импортолсны 66 хувийг Австрали, 11 хувийг Монгол Улс нийлүүлсэн. Тэгвэл өнгөрсөн онд монголчууд 30 гаруй хувийг нь дангаараа хангасан байх жишээтэй. “Ёроолгүй ходоод” хэмээх БНХАУ-ын нүүрсний импорт энэ онд 63 хувиар нэмэгдэж, 200 сая тоннд хүрэх таамаглал байгаа нь “хар алт”-аар хэт баян бидний хувьд мэдээж сайн мэдээ. Гэвч монголчууд нүүрсийг өндөр үнээр авдаг Япон, БНСУ зэрэг оронд нийлүүлэлт хийж, олон худалдан авагчтай болох хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөсөөр. Өнгөрсөн оны сүүлчээр манайх нүүрсээ Владивостокоор дамжуулж дэлхийн зах зээлд гаргах туршилт хийсэн нь сайн хэрэг л дээ. Одоо энэ туршилтаа бодит амьдрал дээр ажил хэрэг болгох л үлдлээ.

Гэхдээ бид мөнхөд нүүрсээ түүхийгээр нь гаргасаар байх уу гэдэг нь бас нэг том асуудал юм. Хувийн компаниуд санаачилгатай байж, бүтээгдэхүүнээ боловсруулахад анхаарч эхэлснийг сайшаалтай. Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг “Энержи ресурс” энэ онд долоон сая тонн нүүрс олборлож, баяжуулахаар төлөвлөжээ. Эдний баяжуулах үйлдвэр юу юугүй ашиглалтад орохоор байна. MCS групп нүүрснээс хийн түлш гаргах үйлдвэр байгуулж, энэ оны сүүлч гэхэд ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байна. Гэхдээ нүүрсээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр төрийн бодлого үгүйлэгдэж байгааг олон хүн хэлж буйг дуулгая. Нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэр байгуулж, түлш шатахууны хэрэглээгээ гадаадаас 100 хувь импортлохоо болих боломж байсаар байтал эрх баригчид анхаарч, ажил хэрэг болголгүй өдий хүрсэн шүү дээ.

Нөгөө талаар монголчууд бидний хувьд юу юунаас илүү чухал нэг асуудал бий. Энэ бол яах аргагүй байгаль орчны хамгаалал буюу нөхөн сэргээлт. Хэчнээн сайхан техник, технологи байлаа гээд уул ус, өвс мод маань орвонгоороо эргэж байхыг хараад ямар ч монгол хүний зүрх шимшрэхгүй байна гэж үгүй биз ээ. Төр, засаг одооноос л байгаль орчны нөхөн сэргээлтийн тал дээр өндөр шаардлага тавьж эхлэх хэрэгтэй байна.

Мэдээж нөхөн сэргээлтийг яаж ч хийсэн унаган байгаль сэргэнэ гэж үгүй. Гэхдээ уурхай байсан газрыг өмнө нь байснаас ч үзэмж төгөлдөр болгож, амралт зугаалга, аялал жуулчлалын бааз болгосон байх нь ХБНГУ, АНУ, Австрали гээд олон оронд түгээмэл. Байгаль орчны нөхөн сэргээлтийг хамгийн сайн, сүүлийн үеийн технологийн дагуу хийж чадаж байж л Монгол Улс жинхнээсээ “Нүүрсний Саудын Араб” болох буюу.