Нүүрсний салбарын өнөө ба ирээдүйг хэлэлцэнэ

Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт энэ сарын 20, 21-нд “SS Convention Center”-д болох гэж байна. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Coal Mongolia-2014” үндсэн зургаан сэдвийн хүрээнд хэлэлцэж, чуулах юм. Үүнд,

-Нүүрсний аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратегийн чиг хандлага,

-Нүүрсний зах зээл ба Монголын өрсөлдөх чадвар, төслийн санхүүжилт,

-Нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрлэл - нүүрс, занарын гүн боловсруулалт,

-Коксжих нүүрс - хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи

-Эрчим хүчний нүүрс - хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи

-Нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь - төр, хувийн хэвшлийн нээлттэй хэлэлцүүлэг тус тус багтаж буй.

Өнөө жилийн чуулга уулзалтад дэлхийн найман орны 1000 гаруй төлөөлөгч оролцох юм. Чуулга уулзалт нь дан ганц асуудал хэлэлцэхээс гадна уул уурхайн салбарт ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үзэсгэлэнг гаргадаг онцлогтой. Энэ удаагийн үзэсгэлэнд 55 компани өөрсдийн үзэсгэлэнгээ гаргах юм. Тухайлбал, БНХАУ, ХБНГУ, БНСУ-ын дэлхийд нэр хүндтэй уул уурхайн салбарын компаниуд хүрэлцэн ирж оролцох аж. Чуулга уулзалтад 30 илтгэгч илтгэлээ тавих юм.

Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нүүрсний салбарын нөлөө жил бүр нэмэгдэж буй. Энэ цаг үед “CoalMongolia-2014” чуулга уулзалт болж байна. Мөн Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Хөрөнгө оруулалтын тухай хууль шинэчлэгдэн батлагдсаны дараа чуулга уулзалт болж байгаа нь энэ.