Нүүрсний эрин юу авчрах вэ?

Олон жилийн турш зэс, алтны үйлдвэрлэлд дөрөөлж ирсэн Монголын уул уурхайн салбарт нүүрсний зах зээл хүчээ авч, өнгө нэмэх боллоо. Тавантолгой болон бусад нүүрсний ордыг тойрсон чимээ үндэстэн дамнасан корпорациудын хорхойг хүргэн, говийн нутаг руу даллах аж. Үүний зэрэгцээ үндэсний компаниуд өсөн томорч, нүүрс баяжуулах үйлдвэр, дэд бүтцэд хөрөнгө оруулж эхлэв. Монголыг “Нүүрсний Саудын Араб” болно гэсэн Роберт Фрийдландын үг бодит амьдрал дээр биеллээ олж эхэлснийг “Coal Mongolia 2011” чуулга уулзалт бататгасан юм. Анх удаагаа зохион байгуулагдсан уг уулзалтад төр засгийн төлөөлөл, дэлхийн 12 орны зочид гээд 450 гаруй хүн оролцож, монгол нүүрс дэлхийн тавцанд хүч түрэн гарч ирж байгааг тунхаглалаа.

“Монголд хөрөнгө оруулах нь ямар ашигтайг, манай нүүрсний салбар Австралиас юугаараа давуу талтайг хөрөнгө оруулагчид сонирхож байгаа. Хятадын зах зээлд бүгд шунаж байхад бид дэргэд нь байна. Их хэмжээний нөөц ч Монголд бий. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдыг татах соронзон хангалттай байна” хэмээн Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг тайлбарлав.
Монгол Улс өнөөгийн байдлаар 162 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэдэг. Үүгээрээ бид дэлхийд эхний 10-т эрэмбэлэгдэж, Австралитай дүйцэж ирж байгаа юм. Зарим мэргэжилтний үзэж буйгаар манай оронд 200 тэрбум тонн нүүрсний нөөц байх магадлалтай. Юутай ч нүүрсний салбарт урд хожид үзэгдээгүй үлэмж их хөрөнгө орж ирж, хайгуулын ажил эрчимжиж буй өнөө үед дээрх тоо цаашид ч өсөх бололцоо тун өндөр ажээ. Дэлхийн уул уурхайн акул “Vale” л гэхэд Монголд нүүрсний хайгуулын таван төсөл хэрэгжүүлж, 5.5 сая ам.доллар зарцуулах төлөвлөгөөтэй байна. “Монголын нүүрсний салбар асар их ирээдүйтэй” хэмээн тус компанийн төслийн менежер Пол Сулливан тэмдэглэв.

“Монгол улс хуучин зэсээр амьдарч байлаа шүү дээ. Одоо нүүрсний экспортын орлого зэсийнхээс даваад гарчихсан. Эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор дэлхийн, ялангуяа Ази тивийн нүүрсний эрэлт асар нэмэгдэж байгаа юм. Энэ нь мэдээж бидний хувьд сайн мэдээ. Монголын нүүрсний салбарын хувьд хувьсгалын тохироо бүрдэж байна” хэмээн “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирлын орон тооны зөвлөх Р.Сундуй онцлов. 2010 онд монголчуудын экспортолсон зэсийн баяжмал 770.6 сая ам.доллар болсон бол нүүрсний экспортын орлого түүнээс 100 гаруй сая ам.доллараар давж, 877.6 ам.долларт хүрчихээд байна. 2003 онд манай орон ердөө 500 мянган тонн нүүрс экспортолж байсан бол долоон жилийн дотор энэ үзүүлэлт 33 дахин нэмэгдэж, 16.6 сая тоннд хүрчээ.

“10 жилийн өмнө байдал шал өөр байсан. 2000 онд бид Тавантолгойг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэж их боддог байлаа. Энэ ордод хөрөнгө оруулж өгөөч гэж олон оронд хандаж, гуйж байсан боловч хэн ч тоохгүй байв. Гэтэл өнөөдөр дэлхийд тэргүүлэх компаниуд Тавантолгойд хөрөнгө оруулах гээд өрсөлдөж байна шүү дээ” хэмээн Р.Сундуй онцлов. Монгол орон “Дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч” гэдгээ даян дэлхийд зарлаж байгаатай зэрэгцэн дотоодын нүүрсний салбарт цэгцлэх ажил олон байгааг “Coal Mongolia 2011” чуулга уулзалтад оролцогчид анхааруулж байлаа.

Өнөөдөр “Монгол нүүрс” Хятад хэмээх ганцхан худалдан авагчтай. Олон улсын эрчим хүчний агентлагийн таамаглалаас харахад эрчим хүчнийхээ 70 хувийг нүүрснээс гаргаж авдаг БНХАУ-ын эрэлт асар ихээр нэмэгдэх аж. Японы “Nomura” банкны шинжээчдийн үзэж буйгаар 2020 он гэхэд хятадууд нүүрсний үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх ажээ. “Citi group” хятадууд энэ онд 233 сая тонн нүүрс импортолно хэмээн дүгнэж байна. Гэтэл “Deutsche Bank” хөрөнгө оруулалтын банкны мэргэжилтнүүд энэ нь дэлхийн хамгийн том нүүрсний боомтууд болох Өмнөд Африкийн “Richards Bay” болон Австралийн “Newcastle”-ийн бүтэн жилийн хүчин чадлаас мэдэгдэхүйц давсан үзүүлэлт болохыг тэмдэглэж байна. Олборлосон нүүрсээ шууд урагш зөөдөг монголчуудын хувьд энэ бүхэн мэдээж сайн мэдээ. “Хятадын коксжих нүүрсний импортын 50 хувийг Монголоос хангах боломжтой” хэмээн Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Рандолф С.Коппа илтгэлдээ дурдсан юм. 2009 онд БНХАУ нийт 34.5 сая тонн коксжих нүүрс импортолсны 66 хувийг Австрали, 11 хувийг Монгол Улс нийлүүлсэн. Тэгвэл 2010 онд монголчууд 30 гаруй хувийг нь дангаараа хангаснаас үзэхэд С.Коппагийн таамаглал тун ч удахгүй биелж мэднэ.

Гэхдээ урд хөрш маань байнга л нүүрсний томоохон импортлогч байна гэж хөөрцөглөвөл эндүүрэл болох вий. Байгаль орчноо хамгаалахын төлөө 2015 он гэхэд нийт эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх нүүрсний хэмжээгээ 63 хувь болтол бууруулна гэсэн зорилгыг урд хөршийн эрх баригчид өвөртөлж буй. Энэ зорилгодоо хүрэхийн тулд сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүчний эх үүсвэрүүдийг олноор нь бий болгож байгааг сануулах нь зүйтэй болов уу. Үүний хажуугаар хятадууд манай нүүрсийг байж болохоор нь “миалж”, хямд үнээр авахыг оролддог. Тиймээс бид ганц худалдан авагч түшин хөгжилд хүрнэ гэдэг худлаа. Өөрөөр хэлбэл, нүүрсийг өндөр үнээр авдаг Япон, БНСУ зэрэг оронд нийлүүлэлт хийж, олон худалдан авагчтай болох хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байгаа юм.

“Өнөөгийн нөхцөлд нүүрсээ БНСУ мэтийн гуравдагч зах зээл рүү тээвэрлээд ашиггүй юм билээ. Мэдээж нүүрсний үнэ цаашид өссөөр байвал ашигтай болохыг үгүйсгэхгүй. Эдийн засгийн тооцоог л өндөр түвшинд хийх хэрэгтэй дээ” хэмээн MICC хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ анхааруулав. Монголын баялгийг дэлхийн зах зээлд хүргэх хамгийн дөт замыг Тяньжин дахь Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын захирал Ж.Ганхуяг илтгэлдээ онцолсон юм. Ингэхдээ олон сайхан боломж байгааг танилцуулсан ч автозам, төмөр зам гэсэн холимог тээврээр Тяньжинд хүрэхээс өөр арга үгүй тул зардал их гарах тухай нүүрс олборлогчид ярьж байлаа.

“Нүүрс олборлох, түүнийг зах зээлд хүргэх тал дээр тээвэр ложистикийн асуудал амин чухал. Энэхүү ашигт малтмалыг машинаар тээвэрлэнэ гэдэг эдийн засгийн талаасаа ч өртөг ихтэй, байгаль орчиндоо ч сөрөг нөлөөтэй. Уг нь бол төмөр замаар тээвэрлэх хэрэгтэй” гэж Р.Сундуй тайлбарлав. “Аж хуйн нэгжүүд хувийн хөрөнгө оруулалтаар урагшаа төмөр зам тавих санал гаргасан ч Засгийн газар зөвшөөрөөгүй. Тиймээс автозамаар нүүрс тээвэрлэж буйтай холбоотой гарч ирэх байгаль орчны асуудалд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой” хэмээн Дэлхийн банкны уул уурхайн ахлах мэргэжилтэн Грэм Хэнкок сануулж амжив. Цаг үеийн хувьд урагшаа төмөр зам тавих хэрэгцээ, шаардлага байгааг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ч онцолсон. Төр бодлогоор Монголын нутаг дэвсгэрт зөвхөн өргөн царигтай төмөр зам байхыг хуульчилж, урагш нь төмөр зам тавихыг үндсэндээ боогдуулсан билээ. Тэгсэн хэрнээ хойшоо чиглэх төмөр замын барилгын ажлаа түргэвчлэхгүй удаж байгааг мэргэжилтнүүд шүүмжилж, энэ нь монгол нүүрс дэлхийн зах зээлд нэвтрэхэд хамгийн том тушаа болж буйг анхааруулж байлаа.

Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Төмөр замаа энэ жилдээ ямар ч байсан эхлүүлж, эхний ээлжинд Сайншанд хүртэл барина. Энэ ажилд хоёр жилийн хугацаа орох болов уу. Харин Чойбалсангаар дамжаад хойшоо гарах төмөр замын барилгын ажлыг үүний дараа эхэлнэ. Ер нь төмөр замын шугам Сайншандад хүрчихвэл төв магистралаар дамжаад хойшоо, урагшаа гарах боломж нээгдэнэ” хэмээн тайлбарлав.

Төмөр зам өнөөдөр баригдаж эхлээгүй юм чинь хоёр жилийн дараа ашиглалтад орчихно гээд шууд хэлэхэд бэрх. Тиймээс төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” маань ч олборлосон нүүрсээ эхний ээлжинд автомашинаар л урагш зөөж таарах ажээ.
“Манай суманд 1500 гаруй хүнд даацын автомашин нүүрс татан холхилдож байна. Үүнээс үүдэлтэй тоосжилт нэлээд бэрх асуудал болсон” хэмээн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга Г.Цог-Өрнөх яриад, “Энержи ресурс” энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Тавантолгойгоос Гашуун Сухайт хүртэл 250 орчим км хатуу хучилттай зам барьж байгааг онцоллоо. Гэхдээ автозамын тал дээр ч төрийн бодлого үгүйлэгдэж байгааг гэрчлэх баримт цөөнгүй.

Урагшаа чиглэсэн автозамыг өнөөдөр “Оюутолгой”, “Энержи ресурс”, “Чинхуа Мак” барьж байгаагийн зэрэгцээ “Эрдэнэс Тавантолгой” хүртэл зам барих төлөвтэй. “Баялгаа урагш нь зөөх 10 салаа зам барих юм уу? Тэгээд баахан машин зэрэгцээд, уралдаад байх юм уу?” хэмээн Р.Сундуй тэмдэглэв. Ингээд бодохоор бидэнд дэд бүтцийн нэгдсэн бодлого хэрэгтэй ажээ.
“Нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний зорилго. Одоо дотоодын томоохон компаниуд нүүрсээ угааж эхэлж байна. Цаашлаад Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд бүр сайн боловсруулах шаардлага тавих юм” хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт ярив.

“Энержи ресурс” компани баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулж байгаа бөгөөд энэ онд долоон сая тонн нүүрс олборлон, таван сая тонн баяжмал гаргах ажээ. Мэдээж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортолно гэдэг хаа хаанаа ашигтай. Ажлын байр бий болно, нүүрсний борлуулах үнэ нэмэгдэнэ, тээврийн зардал ч багасна. Үүнийг төрөөс бодлогоор дэмжиж эхэлснийг мэргэжилтнүүд сайшааж байлаа. Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр буюу роялти болон Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль батлагдсанаар нүүрсийг боловсруулах тусам ногдох татвар нь буурах тун ч оновчтой бодлого хэрэгжиж эхлээд байна.

Аж ахуйн нэгжүүд одооноос нүүрсээ угааж, боловсруулж байгаа нь сайн хэрэг. Цаашдаа бүр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүхий нүүрс биш, түлш, эрчим хүч экспортлох зорилго тавих шаардлагатайг эрдэмтэд тэмдэглэж буй. “Нефтийн үнэ нэмэгдсэн учир хүрэн нүүрснээс шингэн түлш гаргах зардал боломжийн болсон. Энэ технологийг манай эрдэмтэд эртнээс судалсан болохоор одоо ажил хэрэг болгох нь зүйтэй. Бид нүүрснээс шингэн түлш гаргаж авах үед дагалдах маш олон төрлийн бүтээгдэхүүн бий болно шүү дээ” хэмээн Уул уурхайн төсөл судалгааны төвийн захирал, доктор, профессор С.Цэдэндорж ярьж байна.

За тэгээд Монголын нүүрсний салбар өсөн томорч буй өнөө үед байгаль орчны асуудал мэдээж хурцаар тавигдах билээ. “Эдүгээ манай нүүрсний салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын олонх нь шаардлага хангасан нөхөн сэргээлт хийдэггүй, үйл ажиллагааны тайлангаа холбогдох албаныханд өгдөггүй. Гэтэл хуулийн хүрээнд ажиллаагүй аж ахуйн нэгжүүдийг хаах эрх Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд алга. Энэ бүхэн манай уул уурхайн салбар бодлогын хувьд задгай байгааг харуулна” хэмээн Д.Оюухорол гишүүн учирлав. Байгаль орчноо хамгаалах тал дээр одооноос л анхаарах хэрэгтэйг хүн бүр сануулж байна. Энэ хүрээнд Нөхөн сэргээлтийн сан байгуулах хуулийн төсөл боловсруулж байгаагаа С.Оюун гишүүн “Coal Mongolia 2011” чуулганы үеэр дуулгасан юм.

Дээрх асуудлуудыг л төр, засаг зөв зүйтэй зохицуулж чадвал “Монгол нүүрс” жинхэнэ утгаараа дэлхийн тавцанд гарч, монголчууд олон улсын нүүрсний зах зээлд баттай байр сууриа эзэлж чадах билээ. Нүүрсний эрин бидэнд нэмүү өртөг шингэсэн “Монгол брэнд”, ажлын байр, дэд бүтцийн зөв бодлого, нөхөн сэргээлтийн зохицуулалтыг авчрах болтугай!