Нүүрсний үнийг дахин тогтоох боломжтой

Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчилсний 20 жилийн ой энэ онд тохиож байна. Хагас зууны турш найрсаг харилцааг бэхжүүлсэн хоёр орны хувьд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлж ирсэн. Тэгвэл өнөөдөр дээрх харилцааг бататгасан БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын уулзалт болж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо. Тус уулзалтыг Ажил олгогч эздийн холбооноос зохион байгуулсан юм.

Уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шяолун оролцож, хоёр орны эдийн засгийн харилцааг улам бүр сайжруулан хөгжүүлэх асуудлаар БНХАУ-ын хөрөнгө оруулагчидтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг биечлэн уулзаж байгаад талархал илэрхийллээ. Манай улсад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 6000 гаруй компани аж ахуйн нэгж байгаа аж. Энэ нь нийт хөрөнгө оруулалтын 30 орчим хувийг эзэлдэг байна.

ӨвөрМонголын Бизнес, хөрөнгө оруулагчдын холбооны дарга Л.Баатар “Монголчууд БНХАУ-ын нүүрсний зах зээлийг сайн судалж үзэх хэрэгтэй. Ингэснээр хоёр тал нүүрснийн үнэ болон чанарт нийцүүлж, үнийг дахин тогтоох боломжтой. Үүнээс гадна бүсчилсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй. Одоогийн нөхцөлд соёлын ялгаанаас болоод хөрөнгө оруулалт гацах нь бий. Тиймээс хамтын сайн түншлэл хамгаас чухал” хэмээсэн.

БНХАУ сүүлийн арав гаруй жил манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад тэргүүлэх байр суурьтай оролцож буй. Ингэснээр 2010 онд 3.3 тэрбум хүрч 100 дахин, 2011 онд хоёр орны худалдааны нийт хэмжээ 6.4 тэрбум ам.долларт хүрч 2010 онтой харьцуулахад хоёр дахин өссөн. Энэхүү гадаад худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх боломжтой аж.