Нүүрээ угаая

Манай улсын хөгжлийн түнш орнуудын төлөөлөгчид энэ үгийг Монголын улстөрчдөд хандан хэлсэн юм. Төв Азийн өндөрлөгт орших өргөн уудам газар нутагтай Монгол хэмээх улсад хурдацтай хөгжин дэвших асар их боломж бололцоо гарч ирж байгаа бөгөөд гагцхүү тэр нөөц боломжийг ашиглаж чадах эсэх нь төрийг жолоодож буй улстөрчдийн гарт байгааг тэд онцлон тэмдэглэлээ. Эдийн засгийн өндөр өсөлт харагдаж байна, удахгүй бидний төсөөлснөөс их мөнгө орж ирнэ, ард иргэд минь баяжина хэмээн хөөрцөглөн явахаасаа өмнө тэрхүү өндөр өсөлтийг зөв зохицуулж, иргэдээ, улсаа баяжуулах үнэнхүү хүсэл эрмэлзлэлтэй бол өөрсдөө эхлээд нүүрээ сайтар савандаж угаах ёстойг хөгжлийн түншүүд анхааруулсан билээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс ангал руу унах уу, аврагдах уу гэсэн хоёр сонголтын өмнө ирээд байгаа энэ үед улстөрчид амаргүй шийдвэрүүдийг зоригтой шийдэж, эдийн засгийн шинэтгэлийг эхлүүлэх хэрэгтэй хэмээн хэлсэн юм. 2012 оны сонгуулийн чимээ ойртсон энэ үед УИХ-ын гишүүд өөр өөрийн тойрогтоо ахиухан мөнгө хуваарилуулах санаа өвөртлөхгүйгээр асуудалд улс орныхоо эрх ашгийг тэргүүнд тавьж хандвал хөгжил аяндаа ирнэ гэдгийг ч тэд анхаарууллаа.

Уул уурхай руу хошуурахаасаа илүүтэй хүнийхээ хөгжил, нийгмийн хамгаалал, нэмүү өртгийг бий болгох, ядуурлыг бууруулах, санхүүгийн шинэ бүтцийг зөв хөгжүүлэх, боловсролын стандартыг сайжруулах, усны хангамж, хүнсний аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн даатгал, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуучууд руугаа хандсан төсвийн бодлого явуулах, төрийн чанартай үйлчилгээг иргэдэд хүргэх талд голлон ажиллахыг түншүүд зөвлөлөө. Эдийн засгийн өсөлтийг зөв зохицуулж чадахгүйгээс ядуурал дорвитой буурахгүй байна гэж ч үзсэн. Уул уурхайн асуудлаа түлхүү яриад байгаль орчны асуудлыг орхигдуулаад байгаа нь алсдаа аюул дагуулах вий гэсэн шүүмжлэл Засгийн газар, хөгжлийн түншүүдийн хамтарсан техникийн уулзалтын үеэр яригдсан юм.

“20 дахь жилдээ болж буй уг уулзалтын уур амьсгалыг товчлон хүргэвэл хөгжлийн гараан дээр ирээд байгаа шинэ Монгол Улстай хөгжлийн түнш орнууд харилцаагаа эргэн харж, шинэ нөхцөл байдалд хэрхэн харилцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаараа бодох цаг иржээ” хэмээн Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгос улсыг хариуцсан захирал Клаус Роланд тэмдэглэсэн. Харин манай улсын зүгээс ч уул уурхайн томоохон төслүүд хэрэгжүүлэх, мөн санхүүгийн шинэ механизмын үндэс суурийг зөв тавихад хөгжлийн түншүүдээс зөвлөгөө авч хамтарч ажиллах санал тавьж байна.

“Монгол Улсын эдийн засгийг шинэ шатанд гаргахад олон жил хамтарч ажилласан түншүүддээ их баярлалаа. Өнөөдөр манай улсын өмнө хөгжих боломж их байна. Мөн шинэ сорилтуудтай ч тулгарч байна. Энэ бүхэнд түншүүд маань зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцаж ажиллах шинэ үүрэг та бүхэнд ногдож байна” гэж Сангийн сайд Ц.Баярцогт хэлсэн юм. Тэрбээр энэхүү уулзалт дээр “Монгол Улсын Засгийн газрын өмнө бүрдээд буй шинэ нөхцөл байдал, санхүүгийн шинэ механизмуудын талаар ярьсан. Түүний илтгэлд дурьдсанаар амьжиргааны доод түвшин өсч, 2002 онд 24600 төгрөг байсан бол 2010 онд 101600 төгрөг болж, 4,1 дахин өссөн байна. Мөн манай улс өмнө нь зөвхөн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд хамтран ажилладаг байсан бол зээлжих зэрэглэл өссөнөөр санхүүгийн шинэ шинэ арга хэрэслүүдийг ашиглах боломжтой болжээ. Засгийн газар шаардлагатай дэд бүтцийг бий болгох, уул уурхай болон хот байгуулалт, орон сууцжуулах чиглэлээр томоохон төслүүдийг эхлүүлэхээр ажиллаж байгаа. Мөн шинэ хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох, экспортын орлого, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн болон хөгжлийн зориулалтаар хөрөнгө оруулалт хийх, ядууралтай тэмцэх, нийгмийн бүтээмжийг сайжруулах чиглэлээр гадаад түншүүдтэй өргөн хүрээнд харилцах шаардлагатай байгаагаа дуулгасан юм. Ийнхүү манай улс хөгжлийн шинэ шат руу алхмаар ахисныг дээрх техникийн уулзалт харууллаа. Өөрөөр хэлбэл, монголчуудын хөрөнгө мөнгө хошуу цорвойн гуйдаг цаг ард үлдэж, түншүүдтэйгээ мөр зэрэгцэн хамтран ажиллаж, зөвлөгөө авч ажилладаг шинэ эрин эхэллээ гэсэн үг.