Н.Алтанхуяг: Хууль зөрчсөн хүн болгох гээд байна

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг авч хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахаар УИХ дахь МАН-ын бүлгийн 25 гишүүн гарын үсэг зурсан саналыг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан билээ. Уг асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах зургаан үндэслэлээ танилцуулсан юм. Үүний дараа гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн М.Энхболд: Ерөнхий сайд түр орлон гүйцэтгэгч болон агентлагийн дэд даргыг томилсон шийдвэрээ энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхийн өмнөх өдөр хүчингүй болгож, ингэснээрээ Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөнөө өөрөө хүлээн зөвшөөрсөн болохыг огцруулах үндэслэлд дурдсан байгаа. Гэтэл Түр орлон гүйцэтгэгч томилох тухай журманд өөрчлөлт оруулах тухай шийдвэр гаргаснаа өнгөрсөн бямба гаригт хүчингүй болгосон гэж дууллаа. Энэ талаар тайлбар өгөөч. 1.5 тэрбум ам.долларын бондын хүү өсөх нөхцөл үүсээд байгаа юм байна. Ерөнхий сайдын хувьд үүнд ямар хяналт тавин ажиллаж байгаа вэ?

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Үндсэн хууль зөрчөөгүй. 2004 онд Ардын нам, Ардчилсан нам хоёр хамтраад Засаг барьж байхад дөрвөн аймгийн Засаг даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилж байсан. Энэ жишгийн дагуу хийсэн. Тагнуулын ерөнхий газрын дэд даргын томилгооны тухайд, Ерөнхий сайд нь нэг агентлагийн дэд даргыг томилох эрх бий. Хаврын чуулган эхлэхийн өмнө энэ Засгийн газар, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хууль зөрчсөн гэдэг цаас хэрэгтэй байсан учраас Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Хэний захиалгаар ийм үйлдэл хийгээд байгааг бид бүхэн мэдэж байгаа шүү дээ. Юуг нь нуудаг юм.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: Бондын гаргасан хүү тогтмол байдаг бөгөөд “Чингис бонд”-ын 500 сая ам.долларын бондын хүү нь жилийнх нь 4.25 хувь бол нэг сая ам.долларынх нь хүү 5.25 хувь аж. Тогтмол хүүнд өөрчлөлт орохгүй, Монголбанк менежмент хийгээд явж байгаа.

УИХ-ын гишүүн Сү. Батболд: Өнгөрсөн оны байдлаар эдийн засгийн өсөлт хоёр дахин буурсан. Эдийн засгийн уналтыг хэрхэн дүгнэж байна вэ?

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Сонгуулийн өмнө Тавантолгойгоос 350 сая ам.долларыг урьдчилан авч ард иргэдэд тараан олгосон. Оюутолгойгоос мөн 250 сая ам.долларын зээл авсан. Тавантолгойн 350 сая ам.долларын өрийг нүүрсээр дараад одоо 186 сая ам.долларыг төлөх үлдээд байна. Оюутолгойгоос авсан зээлийг бид төлөөд явж байгаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд захирамжаа Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны өмнөхөн хүчингүй болгож, Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөнөө зөвшөөрч, нотолсон хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зөрчөөгүй, хуулиа барьж ажилласан гэсэн тайлбарыг өгч байлаа. Тэрбээр Үндсэн хууль зөрчсөн хүн болгон харагдуулах гээд байна гээд Үндсэн хуулийн цэцийн хуралдаан нэг ч удаа болоогүй, Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гараагүй. Тийм болохоор Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй хэмээлээ.