Н.Номун-Эрдэнэ: Хөтөлбөр нэртэй мөрөөдлийн жагсаалт батлахаа больё


Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн тэргүүн Н.Номун-Эрдэнэтэй ярилцлаа. Mongolian Economy сэтгүүл гадаад улсад суугаа элэг нэгтнүүддээ эх оронд өрнөж буй үйл явдал, мэдээллийг үнэн бодитоор хүргэх, тэднийг нэтгэн, тэдний эрх ашгийн төлөө сайн дураараа эвлэсэн тус зөвлөлийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаар болж харилцан хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаа дуулгахад таатай байна.

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Хөвсгөл аймгийн хүн. 1999 онд МУИС-ийг улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд багшилж байгаад 2002 онд анх хилийн дээс алхсан.

2009 онд Швед дэх Монголчуудын холбоог үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг. 2010 оноос тус холбоог тэргүүлж байгаад 2011 оноос Европ, Монголын нийгэмлэгийг гурван жил гаруй удирдсан. Одоогоор Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл (ХЧМЗ)-ийн тэргүүн, Швед дэх Монголчуудын зөвлөлийн зохицуулагч, “Цахим өртөө холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Ер нь би олон нийтийн ажилд их сонирхолтой, бага байхаасаа л сурагч, оюутны зөвлөлд орж ажиллаж байсан. Ийм ажил хийхэд гэр бүл маань их сайхан дэмждэг. Ер нь гэр бүл нь дэмжихгүй бол олон нийтийн ажил явдаггүй л дээ.

Гурван хүүхэдтэй. Том хүүхэд маань Монголд төрсөн, хоёр нь Шведэд төрж, өссөн.

-Та бизнес эрхэлдэг үү?

-Янз бүрийн ажил хийж үзсэн. 2008 оноос хувийн юм ажиллуулж үзье гээд сүши ресторан нээгээд зургаан жил ажиллуулсан. Монголчуудын ажил­луулдаг сүши ресторануудын анхдагчдын нэг болсон.

Дараагаар нь хэлний бо­­ловсролдоо анхаарч англи хэл сурч эхэлсэн. Одоогоор Швед дэх гадаадын иргэдэд визний материал бүрдүүлэхэд нь тусалж дэмжих ажил хийж байгаа.

Сонирхолтой байж магадгүй, би цагаан сараар “Өгөөж” компанийн хэвийн боовыг Шведэд оруулж зардаг юм. Жил ирэх тусам монголчуудын тоо нэмэгдэж байгаа нь хэвийн боовны борлуулалтаас харагддаг. Нэг удаа Түмэнгэрэл ах “Чи 2500 хэвийн боовоор яах гэж байгаа юм” гэж гайхаж байлаа. Би ч үнэн учраа хэлсэн. Сул тал нь тээврийн зардал, татвар нэмэгдээд их өндөр үнээр хүрдэг. Шведэд татвар их өндөр. Гэхдээ аль аль талдаа хэрэгтэй бизнес гэж боддог.

-Европт бизнес хийх хэцүү юу?

-Бизнес эрхлэх хаана ч амар биш л дээ. Ялангуяа, гадаадын иргэдэд. Татвар, стандарт өндөр. Хэвийн боов оруулахад найрлага бүрийг мэргэжлийн хяналтын байгууллагаар шинжлүүлнэ.

Би сүши бар ажиллуулж байсан. Хэлний мэдлэг, харилцааны чадвартай байхаас гадна тухайн газар эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой. Хяналт шалгалт чанга. Чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой. Татвар, хураамж өндөр. Зөвхөн ажил олгогчийн зүгээс төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл гэхэд л 32.45 хувь. Гэхдээ цалин өндөр.

Хүнд суртал гэдэг асуудал байхгүй. Хэн нэгэн хүний хувийн аран­шингаас ажил хүлээгдэнэ гэсэн зүйл байхгүй. Бүх зүйл хууль, журмынхаа дагуу явна. Нэг цэгийн үйлчилгээ бүү хэл нэг хүнээс бүх үйлчилгээг авч болно. Маш олон хэлбэрээр харилцаж болдог.

Зүүн гар талаас Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн тэргүүн З.Номун-Эрдэнэ, Mongolian Economy сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Д.Бэхбаяр. 2017.12.01

-Та ХЧМЗ-ийн тэргүүнээр хэзээ­нээс сонгогдон ажиллаж байна вэ?

-2017 оны зургаадугаар сарын 19-нд бүх гишүүний хурлаар сонгогдсон. Хурал цахим хэлбэрээр зохион бай­гуулагдсан. Зөвлөлд бүртгэлтэй 140 гаруй байгууллага бий. Тэднээс идэвх­тэй, байнгын үйл ажиллагаа явуулж байгаа нь 70-80 орчим. Өмнө нь 2014 онд зөвлөлийн анхны тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаад хувийн шалтгаанаар албан үүргээ өгсөн юм. Харин өнгөрсөн зургаадугаар сараас дахин сонгогдоод ажиллаж байна.

-Бусад улсад ийм төрлийн зөвлөл байгуулсан жишиг байдаг уу?

- Маш олон жилийн түүхтэй Еврейн холбоо гэж дэлхий даяар тархан суурьшсан еврейчүүдийг нэгтгэсэн маш хүчтэй холбоо бий. Еврей хүнд асуудал тулгарвал дэргэдэх сангаасаа санхүүгийн туслалцаа үзүүлэх, томоо­хон төслүүдэд хөрөнгө оруулах зэргээр ажилладаг.

ХЧМЗ-ийн хувьд дөнгөж дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ч энэ бол маш том дэвшил. Урьд нь тухайн оронд байгаа холбоо, байгууллага өөрсдийн шугамаар асуудлаа дэв­шүүлээд дэмжлэг, тус­лалцаа хүсдэг байсан. Төрийн байгууллага тэр бүрт нь хүрч үйлчлэх хүндрэлтэй. Асуу­дал зөвхөн тухайн улсад тул­гардаг уу, бусад улсад ч ижил үү, тийм бол ямар улсууд гэх мэтээр ажиллахад маш төвөгтэй байсан. Тиймээс төрөөс бидэнд хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л байгууллага нэгдэж, нэг цон­хоор төртэйгээ харьцдаг болбол яасан юм бэ гэж зөвлөсөн. Гэхдээ бид аль хэдийнэ энэ чиглэлд анхаарлаа хандуулаад эхэлчихсэн байсан юм.

2011 онд Европ дахь монголчуудын байгуул­лагууд нэгдээд Европ, Мон­голын нийгэмлэгийг үүсгэн байгуулсан юм. Гадаад дахь монголчуудын бай­гуул­лагууд хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй юм байна, эхний ээлжид Европтоо туршъя гэж үзсэн. 1999 онд гадаад байгаа монголчууд биесээ мэдэлцэж, санал бодлоо солилцох зорилгоор үүссэн “Цахим өртөө сүлжээ”-г гадаад дахь монголчууд нэгдэж, хамтарч ажиллах эхний алхам болсон гэж үздэг.

Ерөнхийдөө Ази, Америк, Европ тивд монголчуудын томоохон холбоод, бүтэц бий болчихсон, хамтарч ажиллах хүсэлтэй байсан учраас энэ зөвлөл байгуулагдсан. Төр засгаас ч хамтарч ажиллахад их дөхөм байгааг удаа дараа хэлж байгаа.

Бид ч дотроо асуудлуудаа хэлэлцээд нэг, хоёр улс биш гадаадад суугаа нийт монголчуудын дуу хоолой болж байна.

өвлөлийн үйл ажиллагааны цар хүрээ хаагуур хязгаарлагдаж, төрийн хийж гүйцэтгэж байгаа ажлуудаас юугаараа ялгарч байна вэ?

-Гадаад дахь ямар ч байгууллага тухайн улсад байгаа иргэддээ чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүрээнд Элчин сайдын яам, Дипломат тө­лөөлөгчийн газруудтайгаа байнгын холбоотой ажил­ладаг. Түүнчлэн Монгол Улсыг гадаадад сурталч­лах, Засгийн газрын төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын оролцоо маш өндөр. Швед улсад томилогдон ажилласан анх­ны Элчин сайд нэг удаа “Иргэдтэй харилцах ажлыг манай монголчуудын байгууллага үндсэндээ нугалж байна даа” гэж байсан. Төрийн бус байгууллага байгаа газар төрийн ажил маш их хөнгөрдөг.

Бид олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Нийгэм, соёл, болосврол, спортоор дамжуулан монгол­чуудын соёлын өв сурталчлагдаж байна. Жишээ нь, шагайн харваа дэлхий даяар суугаа монголчуудын дунд хүчтэй дэлгэрч, эвлэлдэн нэгдэж байна.

Том зургаар нь харвал ХЧМЗ бол төрийн нэг хэсэг. Хүмүүнлэг, бизнес, харилцаа, соёлын сурталчилгаа гээд зөвлөлийн гишүүнчлэлд олон төрлийн зорилго, чиглэлтэй байгууллагууд багтаж байна. Тухайлбал, сургуулиуд хилийн чанадад байгаа олон мянган монгол хүүхдэд хэл, соёлыг нь сургах, уламжлуулах ажлыг зохион байгуулж байна. Шинжлэх ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулж байна. Тухайлбал, АНУ-д суугаа монголчууд маань “Надад хэлэх үг байна” гэдэг арга хэмжээ зохион байгуулдаг.

Энэ бүхэн Монголынхоо хөгж­лийн төлөө юм. Гадаадад суугаа монголчуудыг шүүмжлэгч гэдэг. Тийм хандлага байх ёстой. Гэхдээ хоосон шүүмжлэх биш бодит шийдэл санал болгож байгаа эрдэм шинжилгээний, судалгааны ажлууд маш их байна шүү дээ. Европт байгаа монголчууд Элчин сайдын яамтайгаа хамтраад 13 жилийн өмнөөс “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтыг Их Британид зохион байгуулж ирсэн. Одоо зөвхөн Европ биш дэлхийн хаанаас ч онлайнаар оролцоод илтгэл тавьж байна. Өнгөрсөн жил гэхэд л Солонгосоос оюутан залуучууд ирж оролцсон.


-Европ дахь монголчуудын амьд­рал, амьжиргаа ямар байна вэ?

-Янз бүр л байна. Зарим нь Европт байгаа монголчууд энд тэнд хулгай хийж амьдардаг, болж бүтэхгүй улс гэж төсөөлөөд байх шиг харагддаг. Европт амьдарч буй монголчуудын дунд сүүлийн таван жилд хууль ёсны дагуу амьдрах хүмүүсийн тоо нэмэгдсэн. Европын хамгийн олон монгол хүнтэй улс миний бодлоор Швед. Энэ улсад өмнө нь хууль бусаар амьдарч байсан монголчууд дийлэнх байсан бол хууль журмын өөрчлөлттэй холбоотойгоор хууль ёсны дагуу ажиллаж байгаа монголчууд олонх болоод байна.

Монголчуудын маань амьдрал тогтворжоод ирэхээр ААН байгуулж ажиллах шинэ хандлага гарч ирж байна.

Ажлын байр бий болгож, баялаг бүтээж байна. Шведэд одоо монголчуудын ажиллуулдаг 50 гаруй сүши ресторан бий. Нэг ресторанд хамгийн багадаа гурван хүн ажиллана. Польшид ардын уламжлалт эмчилгээний маш олон эмч нар амжилттай ажиллаж байна. Миний сонссоноор 100 гаруй эмч албан ёсны зөвшөөрөлтэй, Монголын ЭМЯ-наас эмчилгээний эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Үүнээс гадна олон улсын томоохон компаниудад өндөр албан тушаал хашаад амжилттай яваа байгаа монголчууд олон бий. Эерэг өөрчлөлт их гарч байна. Консулын газрын статистик мэдээгээр гадаадад гэмт хэрэг, зөрчил гаргасан монголчуудын тоо эрс буурч байгаа гэсэн. Сайн тал руугаа явж байгаа.

өрийн бодлогод өөрчлөлт гарч байна уу. "Зөгийн үүр" хөтөлбөр гэхэд л өнөөдөр ямар ч үр дүнгүй болсон?

-"Зөгийн үүр"-ийг би муу талаас нь ярих дургүй. Хэдийгээр хэрэгжих боломж нөхцөл нь бүрдээгүй ч энэ хөтөлбөрийн хүрээнд бид хамтарч ажиллах боломж нээгдсэн юм.

Жишээлбэл, 2011 онд "Зөгийн үүр" хөтөлбөрийн хүрээнд Берлинд чуулга уул­залт болсон. Европт байгаа монголчууд хамгийн идэвхтэй цугласан учраас бид хоорондоо маш сайн холбоо тогтоож чадсан. Үүнийг би жижиг зүйл гэж хэлэхгүй.

2015 оны гуравдугаар сард Зас­гийн газрын тогтоолоор “Дэлхийн монголчууд”, “Мон­гол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” гэж батлагдсан. Эдгээр хөтөлбөр бол Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн баримтлах чухал бичиг баримтууд. Ажлын хэсгийг Гадаад харилцааны сайд ахалж, хамаарах төрийн бус байгууллагуудыг нь оролцуулаад хө­төлбөр хэрэгжих ажилдаа орсон.

Гэхдээ хэрэгжүүлэх шатанд асуудал бий. Аль ч Засгийн газрын үед баталсан байлаа гэсэн тодорхой хэмжээний төсөвтэй байх ёстой. Өнөөдрийг болтол томоохон арга хэмжээнүүд санхүүжилтгүй явж ирлээ.

Одоо зарим хөтөлбөрийн хугацаа дуусах гэж байгаа. Тэгэхээр бидний зүгээс мөрөөдлийн жагсаалт батлахаа больё, хүчин зүйлсээ тооцож үзээд хэрэгжих үндэстэй ажлуудаа тодор­хойлж, баталъя гэдэг зөв­лөгөө өгч байгаа.

Баахан ажлын жагсаалт батал­чихсан, нэгэнт Засгийн газ­раас баталсан эрх зүйн баримт бичиг учраас бид хэрэгжих ёстой л гэж үзнэ. Гэхдээ хэрэгжих явцдаа дандаа төсөвтэй холбоотой асуудал гардаг. Тиймээс ирэх жилийн чуулга уулзалтаар ямар үр дүн гаргах ёстой вэ гэвэл хийж чадах ажлуудаа жагсаах, ач холбогдлоор нь эрэмбэлэх.

-Дэвшил гарч байна уу?

-Энэ төсөл хөтөлбөрүүдээс хэрэгж­сэн ажлууд олон бий. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Монгол Улс Соёлын элчтэй болсон. Монгол Улсын соёлыг гадаадад сурталчилаад, сайн дураараа зохион байгуулж ирсэн Монголын болон гадаадын маш олон хүн байсан. Монголын соёлыг түгээхэд оролцож байгаа хүмүүсээ тодорхой болгосон. Үүний давуу тал нь энэ хүмүүс ямар ч байгууллага дээр очоод “Би Монгол Улсын Соёлын элч” гээд батламж бичгээ үзүүлээд нүүр бардам харилцах боломжтой болсон.

Мөн өнгөрсөн жил “Хилийн чанадад суралцаж байгаа хүүхдүүдийн сургалтын жишиг хөтөлбөр”-ийг анх удаа баталлаа. Өмнө нь сургууль, багш бүр өөрийнхөө хөтөлбөрөөр хүүх­дүүдийг сургаж ирсэн. “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн хүрээнд Монголд байгаа эрдэмтэн багш нар, хилийн чанадад хүүхдүүдтэй тулж ажиллаж байгаа багш нартайгаа хамт­раад энэхүү хөтөлбөрийг боловс­руулсан. Тэгэхдээ гадаадад байгаа эцэг, эхчүүдээс мөн санал авсан. Энэ бол том үр дүн. Үүний дагуу хилийн чанадад суралцаж байгаа хүүхдүүдийн цахим сурах бичгийг тодорхой төсөв гаргаад хийж байна. Миний сонссоноор 56 сая төгрөг гэсэн. Энэ бол эхлэл. Цаашдаа улам баялаг болно.

Нийгмийн хамгааллын чиглэлээр тодорхой орнуудтай хэлэлцээ хийж байна. Жишээлбэл, Солонгост ажил­лаж байгаа залуучууд тухайн улсад төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ эх орондоо буцах үедээ шилжүүлж, ажилласан жилээ тоо­цуулах боломжтой болсон. Үүнтэй адил Унгарт хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж байсан монголчуудад ийм боломж нээгдсэн. Нэгдүгээр сард Польшийн төлөөлөлтэй хэлэлцээр батлах гэж байна. Хоёр улсын пар­ламент зөвшөөрчихсөн, Хөдөлмөр, нийг­мийн хамгааллын сайд гарын үсэг зурах л үлдсэн. Чехын талтай бас ярилцаж байна. Энэ бол хилийн чанадад байсан болон байгаа монгол­чуудын хувьд эерэг үйл хэрэг.

өртэй хамтарч ажиллахад ямар байна?

-Хандлага өөр болсон. Хэдийгээр Засгийн газруудын нас богино байгаа ч Гадаад харилцааны яам залгамж чанар сайтай. Би Л.Болд, Л.Пүрэвсүрэн, Д.Мөнх-Оргил гээд бүгдтэй нь хамтарч ажилласан. Одоо Д.Цогтбаатар сайд томилогдлоо. Тэд хилийн чанад дахь төрийн бус байгууллагуудтай сайн хамтарч ажилласан.

Би саяхан ХНХ-ын сайд С.Чин­зоригтой уулзлаа. Өмнө нь энэ сал­барын сайдтай уулзаж үзээгүй. Нэг зүйлд их олзуурхаж байна. Анх удаа уулзаж байгаа хэрнээ их тодорхой зүйл ярилаа. Нэгдүгээрт, манай зөвлөлийн талаар мэдээлэл авснаа хэлээд, одоо төртэй хамтарч юу хиймээр байна санал, төслөө аваад ир, төр зөвлөлтэй гэрээ байгуулах зарчмаар үүргээ шилжүүлээд хамтарч ажиллах боломж байна гэсэн. Тэгэхээр одоо биднээс шалтгаалсан ажил үлдэж байна. Энэ хамтын ажиллагаанд зөвлөл ганцаараа оролцохгүй.

Төр, ТББ, хувийн хэвшил гэсэн гурвалсан холбоо тогтоох ёстой. Төр, ТББ хамтраад ажиллах олон боломж байвч бидний чадахгүй зүйл бас байна. Энэ орон зайг хувийн хэвшил нөхнө.

Тухайлбал, Mongolian Economy сэтгүүлтэй хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа. Тухайн чиг­лэлээрээ олон жил амжилттай ажиллаж байгаа байгууллагуудын хүч оролцоог авах шаардлага зайлшгүй гарч байна. Бид ямар нэгэн төсөл боловсруулж ажиллахад тодорхой судалгаа, дүгнэлт чухал. Хилийн хоёр талд амьдарч буй монголчуудын хэдэн хувь нь юу хүсэж, ойрын таван жилд ямар төлөвлөгөөтэй байгаа юм, хэд нь эргэн ирэх бодолтой байгаа вэ гэх мэт нарийн тодорхой мэдээлэл хэрэгтэй байна. Энэ чиглэлээр судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах чухал байна.


Дипломат төлөөлөгчийн газ­­руудын хувьд Элчин сайд бүр харилцан адилгүй байдаг л даа. Хувь хүний зан чанараас хамаарч ТББ-уудтай хамтарч ажиллахгүй байх, дэмжиж туслахгүй, санаачилгуудыг ажил хэрэг болохгүй байх тал ажиглагддаг. Гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг хам­гаалах шаардлагаас үүдэн ийм төрлийн асуудлыг бид төв байгууллагад нь мэдэгдэл, шаардлага хүргүүлэх замаар шийддэг.

Энэ хүрээнд ХЧМЗ саяхан гишүүн байгууллагуудынхаа дунд “Консулын үйлчилгээний чанарын судалгаа”-г эх­лүүлсэн. Гадаадад амьдарч буй монголчуудад хамгийн ойр үйлчилгээ нь консулын үйлчилгээ. Консул хэр хүртээмжтэй ажиллаж, үүргээ биелүүлж байгааг судалгаагаар тогтоож үр дүнг ГХЯ-д хүргүүлнэ. Энэ судалгааг хагас жилдээ нэг удаа хийж байхаар тогтсон. Эхний ээлжид өөрсдөө хийж байгаа ч цаашдаа хөндлөнгийн, мэргэжлийн судалгааны байгууллагатай хамтран хийх ёстой. Үүнийг Гадаад харилцааны яам дэмжиж байгаа. Хэн нэгний мууг үзэх гээд байгаа хэрэг биш. Иргэд юу хүсэж байгаа вэ гэдгийг төрийн байгууллага мэдэж байх ёстой. Цаашдаа олон төрлийн судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч явуулна. Үр дүнг хэвлэл мэдээллийн байгуул­лагуудаар дамжуулан олон нийтэд ил тод мэдээлнэ.

-Монголдоо эргэн ирж амьдрах бодол байдаг уу?

-Ер нь хэн бүхэнд л буцаж ирэх бодол байдаг. Би бас 2015 онд эргэж ирээд жил гаруй ажиллаж, амьдарч үзсэн. Нэг хэцүү тал нь тэнд өсөж торнисон хүүхдүүд огцом өөр орчинд орж дасах нь хүндрэлтэй юм билээ. Надтай адил үр хүүхдээ бодоод тэндээ ажиллаж амьдарч байгаа хүмүүс олон бий. Эргэн ирээд амьдарч байгаа нь ч бас цөөнгүй.

Эргэн ирж байгаа мон­голчуудад төрийн үйл­чилгээг хүртээмжтэй байл­гах асуудал их чухал.

Хэдийгээр эх орон нь ч гэсэн гадаадаас дөнгөж ирж байгаа хүмүүс орчноо таниж мэдээгүй, хаанаас ямар үйлчилгээ авах, хэнд хандахаа мэд­дэггүй. Товчхондоо, соёлын шоконд орчихдог. Тэгээд нийгмийн харилцаанд жаахан хүндрэл, бэрхшээл тулгараад ирэхээр зарим нь шантардаг. Тэгэхээр энэ чиглэлээр илүү ажиллах ёстой юм байна гэж ойлгож байгаа. Төрийн байгууллагууд ажиллаж байгаа байх. Гэхдээ бид иргэдтэйгээ илүү ойр байдгаараа хамтарч ажиллах шаардлагатай.

Өнөөдөр хилийн чанадад байгаа монгол­чуудад бодит мэдээллийг хү­лээж авдаг суваг хэрэгтэй байна. Эс бөгөөс сошиал сувгаар мэдээлэл авах нь ихэсч, түүнийг хамгийн бодитой гэж хүлээж авах хэсэг байна. Би Mongolian Economy сэтгүүлийн хамт олонд талархлаа илэрхийлмээр байна. Яагаад гэвэл ХЧМЗ-тэй хамтран ажиллах санал дэвшүүлж, биднийг олж авсан. Бид бие биенээ олж авч байна гэдэг чинь шинэ хандлага. Цаашдаа бодит мэдээллийг хилийн чанадад байгаа иргэддээ хүргэхэд идэвхтэй хамтарч ажиллана. Энэ бол бидний хөгжлийн гарц. Бид нэг ч гэсэн хүнд үнэн бодит мэдээлэл хүрээсэй, сошиал давалгаанд автахгүй байгаасай, ТББ-ын ажлыг ойлгоосой, төрийнхөө ажилд идэвхтэй оролцоосой гэж хүсдэг.