Н.Оюунбат: Манай яс боловсруулах үйлдвэр бол байгаль дэлхийгээ хайрласан Монголын үйлдвэр

Sarangerel
2025-10-06 17:02:16
Ангилал:

Италийн United Colors of Benetton брэндийн Монгол дахь нүүр царай болж, томоохон худалдааны төвүүдэд салбараа нээж, загварын шоу хийж, урлаг соёлынхонтой ойр бизнес эрхэлж байсан эмэгтэйн бодол санааг нэг л өдөр мал төхөөрч, мах бэлтгэдэг гол цэг болох Эмээлт татжээ. Дийлэнх хүмүүсийн сургийг нь сонсож байсан энэ газрын чухам юу нь загварын ертөнцийн турьхан эмэгтэйн анхаарлыг татсан юм бол. “Протейн” үйлдвэрийн үүсгэн байгуулагч Н.Оюунбатын байгаль дэлхийгээ хайрласан брэнд нь юу вэ? Тэр юу үзэж туулж, юуг бүтээх гэж зорино вэ?

Таныг Бенеттоны Оюунбат гэдгээр нь хүмүүс мэддэг. Таны хувьд Бенеттон төдий чинээгээрээ үнэ цэнтэй, хайртай брэнд тань байх.

-Юун түрүүнд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийнхээ төлөөлөл болж, өөрийн бизнесийн тухай ярихаар энд сууж байгаадаа баяртай байна. Намайг энэхүү тусгай дугаартаа урьж ярилцаж байгаад баярлалаа. Нэр хүндийн илэрхийлэл юм гэж хүлээн авсан. Тийм ээ. Миний хувьд Бенеттон амьдралын минь салшгүй нэгэн хэсэг болсон, үнэ цэнтэй, хайртай брэнд минь. Анх Benetton дэлгүүрээ Монголд нээх үед Италийн тэрбумтан, United Сolors of Вenetton брэндийг үүсгэн байгуулагч Лучиано Бенеттоноос сэтгүүлч “Монгол Улс цөөн хүн амтай, танайх шиг брэнд энд салбараа нээгээд ашигтай байх болов уу” гэж асуусан юм. Л.Бенеттон гуай “Танай Монгол Улс дэлхийн газрын зураг дээр гайхамшигтай хэлбэр тогтоцтой харагддаг. Энэ сайхан орны залуус дэлхийн залуучуудын өмсдөг хувцсыг яагаад өмсөж болохгүй билээ” хэмээн инээмсэглэн хэлж байсан юм. Энэ бол 2010 оны есдүгээр сарын 21-ний өдөр байсан. Монгол Улсад үүд хаалгаа нээсэн хамгийн анхны дэлхийн брэндүүдийн нэг бол United Colors of Benetton бөгөөд уг брэндийг эх орондоо оруулж ирээд хэдийнэ 15 жил өнгөрчээ. Одоо бараг өдөр бүр шинэ брэндүүд манайд үүд хаалгаа нээж байна. Монголын залуус Benet ton-ийг өнөөдөр мэддэг, өдөр тутамдаа өмсөж хэрэглэдэг болжээ. Тэд дэлхийн брэндүүдтэй хөл нийлүүлэн алхаж яваа. Ялангуяа хүүхдүүд. Манайх хүүхдийн хувцсаараа алдартай. Бенеттон брэнд маань араасаа Carpisa, Yamamay, Wycon гээд олон брэндийг дагуулсан. Гадаадын жуулчид Монголд ирээд томоохон худалдааны моллуудаар ороход нь дэлхийн брэндүүд угтвал гоё биз дээ.

-Дэлхийн брэндүүдийг Монголдоо оруулж ирж, хувцас загварын салбарт шинэ хэрэглээний соёлыг нэвтрүүлж, нутагшуулж, загварын чиглэлээр ажиллаж байсан эмэгтэй нэг л өдөр Эмээлтэд малын яс, тос, тэжээл ярих болсон. Ясны Оюунбат гэдгээрээ хүмүүст танигдах болсон. Энэ салбар руу орж үндэсний үйлдвэрлэгч болох алхам хийсний гол санаа сэдэл юунаас үүдэлтэй вэ?

-Ясны үйлдвэр яагаад байгуулах болов гэдэг хэд хэдэн шалтгаантай. Би өөрөө үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж улс орон хөгжинө гэж ярьдаг, итгэж явдаг хүн л дээ. Дандаа л гаднаас юм худалдан авдаг бус үйлдвэрлэгч орон болъё гэдэг бол монгол хүн бүрийн л мөрөөдөл байх ёстой. Би Орост сургууль төгсөж ирээд анх гутлын үйлдвэрт технологичоор ажилд орж байсан. Залуу байхаасаа л үйлдвэрлэл улс оронд ямар их хэрэгтэйг ойлгож авсан. Тиймээс Бенеттоноос өөр юу хийх вэ, ямар үйлдвэрлэл эрхэлж, экспортолж, улс орондоо бага ч болов хувь нэмэр оруулах вэ гээд судалгаа хийж эхэлсэн үе. Бизнес эрхлэгч эмэгтэйн жинхэнэ сониуч, алтан үе байсан гэж хэлж болно. Гаднаас юм авдгаа л багасгая, харин ч гаднаас валют оруулж ирдэг болъё гэж боддог байсан. Би хүртэл гадагш валют явуулж байна шүү дээ. Дэлхийн хүмүүс улс орондоо хэрэгтэй бизнес хийдэг юм байна. Энэ бодлынхоо үүднээс л хөдөө аж ахуйн бизнес, бодлого, эрх зүйн орчныг судалж эхэлсэн.

-Ясны үйлдвэрээ хэрхэн байгуулж байсан бэ?

-Ерөнхийдөө хүмүүсийн төдийлөн анзаараагүй асуудлыг олж харсан гэх үү дээ. Асуудал нь юу вэ гэхээр мал төхөөрөх үйлдвэр, хүнсний захуудаас хаягдаж байгаа малын яс, дайвар бүтээгдэхүүнүүд байсан. Манай улсын хамгийн том төвлөрсөн мал төхөөрөх, мах бэлтгэх аж үйлдвэрийн парк Эмээлтэд дайвар бүтээгдэхүүн, ясыг шууд газарт ил задгай хаяж, булж байсан үе л дээ. Энэ хаягдлыг ил задгай хаяж булснаар байгаль орчинд яаж нөлөөлөх вэ гэж хамгийн түрүүнд бодсон. Манайхан ясыг газарт булахаар бордоо болно гэж боддог бололтой юм. Гэтэл тэр овоолгоотой яс бордоо болж газарт шингэхээсээ илүү газрыг, хөрсийг аймшигтай бохирдуулдаг. Жишээлбэл, зуданд үхсэн мал байгаль дээрээ байгаад л байвал хавар боллоо, элээ шувуу эргэлдэнэ, улмаар хүн малын хөлөөр гэр рүү орж ирэх эрсдэлтэй. Ингээд малын өвчин гардаг. Яс газарт шингээд хөрс бохирдуулна, цэвэр усны ундаргад нөлөөлнө. Монголын мал өвчтэй гээд байгаагийн цаана ийм л зүйл явж байдаг. Цааш судлаад үзтэл, бид нөхөгддөг баялаг гэгддэг малынхаа мах, сүүг нь аваад гэдэс дотор, эвэр туурай, арьс, яс гээд бараг 40 хувийг нь хаядаг. Энэ тоог бүтэн жилээр нь тооцвол, 400 мянган тонн хаягдал болно. Хэдий нөхөгддөг баялаг ч гэлээ бид ийм үрэлгэн байж, амьдрах орчноо ингэж сүйтгэж болохгүй шүү дээ. Олон улсын үйлдвэрлэл, технологи бүгд эко, органик, байгаль орчинд ээлтэй трэнд рүү чиглэж байгаа энэ эрин үед монголчууд бид үнэт баялгаа ашиглахгүй цамаан загнахаас гадна хамгийн аюултай нь дэлхийн дулаарлыг бүрдүүлэгч хүлэмжийн хийн асар том үйлдвэрлэгч болчихсон байгаа нь бидний олж харсан гол асуудал байсан юм. Тиймээс л энэ асуудлыг хэрхэн шийдэх ёстой талаар судалж эхэлсэн дээ. Тэр үед хогонд ихээр хаягдаж байгаа малын хаягдлыг боловсруулаад хүнд хэрэгтэй зүйл хиймээр байна гэсэн зүйл ярьж, нөхрийнхөө сониуч занг хөдөлгөөд амжсан. Манай нөхөр инженер хүн учраас аливаа зүйлийг ул суурьтай хардаг. Намайг яс яриад эхлэнгүүт л ясны талаарх бүх судалгаа мэдээллийг хайж олоод надад өгчихсөн. Гэр бүлийн ийм дэмжлэг намайг хөглөсөн юм. Түүнээс урдах ажлаа л хий гэж хандах эрчүүд Монголд олон бий. Тэгээд л яс, хог хаягдлын менежментээр тэргүүлдэг Америк, Итали, Герман, Хятадын үйлдвэрүүдэд очиж туршлага судалсан. Эцэст нь, дэлхийд тэргүүлэгч Европ стандартыг сонгож, Европтоо дээгүүр үнэлэгддэг Италийн технологи, үйлдвэрийг оруулж ирсэн. Ингэж л би яс боловсруулах үйлдвэрээ байгуулчихаад дараа нь сэг зэм устгадаг устгалын үйлдвэр байгуулна гэж бодож мөрөөдөж энэ салбарт бизнес эхлүүлсэн хүн дээ.

Газарт булагдаж, байгаль дэлхийг бохирдуулж байсан хаягдлыг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж яваа зориг, тэвчээр маань надад мотивац болдог

-Тэгэхээр ясны үйлдвэр бол манай улсад зайлшгүй байх ёстой стратегийн ач холбогдолтой үйлдвэр гэдгийг та олж харсан юм байна гэж ойлголоо?

-Тийм тийм. Манайх шиг 70 сая гаруй малтай, мал аж ахуйд түшиглэсэн эдийн засагтай улсад малаас хүртэх ашиг шимийг нэмэгдүүлэх, бүрэн дүүрэн ашиглахын тулд яс болон малын гаралтай түүхий эд боловсруулах стратегийн үйлдвэр заавал байх ёстой. Хүн бизнесээ нүдэндээ төсөөлдөг. Би үйлдвэрээ нүдэндээ төсөөлж харчихаад сэтгэл дотроо огшлоо. “За одоо л” гэж өөртөө хэлсэн. 2017 оноос өөрт байсан бүх мөнгө төгрөгөө урьдчилгаанд өгч, тоног төхөөрөмжөө захиалж, 2019 оны сүүлчээр үйлдвэрээ оруулж ирсэн. Хөгжлийн банкнаас мөн зээл авсан. Эмээлтэд газар худалдаж авч, дэд бүтцээ байгуулах, үйлдвэрээ угсрах гэсээр 2019 он гарч, мөн оныхоо хоёрдугаар сарын 15-нд үйлдвэрийнхээ нээлтийг хийсэн. Нээлтэд тухайн үеийн Ерөнхий сайд, өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирсэн. Аливаа зүйл цаг хугацаатай гэдгийг одоо л ойлгож байна. Олон хүнд бэрхшээлтэй тулгарсан даа. Үйлдвэрийн нээлтээ хийчихсэн хүн чинь анхныхаа түүхий эдийг гаргаж, экспортлоод валютыг ч олж өгнө гэж бодсон. Гэтэл шинэ технологи, шинэ үйлдвэрийг нутагшуулахад бишгүй асуудлууд гардаг юм билээ. Цаашдаа зүй бусаар хорогдсон мал, сэг зэм, био хаягдлыг бүрэн устгалд оруулдаг технологи оруулж ирэхээр төлөвлөсөн байгаа. Бодоод үзэхэд, цаг агаарын хүндрэл бэрхшээл, цас, зуд нь олон мянган малчин өрхийн хотыг харлуулаад зогсохгүй хавар дулаарч цас ханзрах үед хэдэн зуун мянга, магадгүй саяар тоологдох малын сэг зэм ялзарч, агаар мандалд хүлэмжийн хийг ихээр ялгаруулах, хөрс шороог бохирдуулах, хавь ойрдоо өмхий үнэртүүлэх гээд олон асуудал дагуулж байдаг. Одоо бол манай компани хүнсний хэрэгцээний мах бэлтгэлээс гарч буй малын яс, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэхдээ хоорондоо нарийн ялгаатай. Манай үйлдвэрийн одоогийн технологи EU 142/2011 нь Европын холбооны стандартад суурилсан байдаг. Харин зүй бусаар хорогдсон малын сэг зэм устгалын технологи арай ондоо байдаг.

-Малын яс, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулаад ямар бүтээгдэхүүн гаргаж авдаг вэ?

-Нэгдүгээрт, тахиа, гахай, малын тэжээлийн үндсэн найрлага болох мах ясны уурагт тэжээл. Хоёрдугаарт, органик бордоо. Хөрсний доройтолд орсон газар тариалангийн хэсэг, уул уурхайн ашиглалтаас үүссэн газрыг нөхөн сэргээх болон хөрсний чанарыг дээшлүүлж ургац нэмэгдүүлэх, мод бут шинээр тарих, суулгац бордох, шилжүүлэн суулгах зэрэгт өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хөрсийг бордсоноор хөрсөн дэх бичил биетэн үржиж, био ялзмаг үүссэнээр хөрсний чанар дээшилнэ. Манай бордоо нь хөрсөнд аажмаар задарч, хоёр жилийн турш хөрсөнд шаардлагатай шим тэжээлийг нөхөж өгдөг онцлогтой. Гуравдугаарт, малын гаралтай өөхөн тос. Малын өөхөн тос бол олон улсад эрэлттэй түүхий эд. Манай үйлдвэрлэж буй малын гаралтай тос нь Солонгосын нефть боловсруулах үйлдвэрийн био дизель түлш үйлдвэрлэхэд ашиглагдаж байна. Био дизель түлш нь агаар мандалд цацагдах нүүрстөрөгчийн давхар исэл буюу хүлэмжийн хийн нэг төрлийг хамгийн бага ялгаруулдгаараа нефтийн дизелиэс илүү чанартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн юм. Бид био дизелийн түүхий эдийг үйлдвэрлэж байгаа нь дэлхийн дулаарлын эсрэг тэмцэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаа хэрэг юм.

-Манай тос ISCC (International Sustainabil ity & Carbon Certification) гэрчилгээгээр баталгаажсан гэж та ярьж байсан. Энэ талаар бидэнд тодорхой тайлбар өгнө үү?

-2023 оны хоёрдугаар сард үйлдвэртээ ISCC EU гэрчилгээ авах зорилгоор Германы ASG аудитын байгууллагыг урьж, олон улсын аудит хийлгэсэн. Бид тухайн оны хоёрдугаар сардаа багтаад ISCC EU гэрчилгээг өөхөн тос дээрээ амжилттай гардаж авсан. Энэ бол бидний маш том амжилт. “Олон улсын Тогтвортой байдал ба Нүүрстөрөгчийн Гэрчилгээ” (ISCC) гэдэг нь ханган нийлүүлэлтийн итгэмжлэлийн систем бөгөөд гол зорилго нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, байгаль орчинд ээлтэй ногоон технологи нэвтрүүлсэн үйлдвэрүүдийг бүртгэх бирж гэж хэлж болно. Энд бүртгэлтэй бүтээгдэхүүн бол органик, эко, байгаль орчинд ээлтэй технологиор бүтээгдсэн гэдгийг олон улсад баталгаажуулж байгаа маш чухал баримт бичиг юм. Манай компани уг гэрчилгээг эзэмшсэнээр карбон кредит тооцуулах эрхтэй болсон. Олон улсад хэдийн нэвтэрсэн карбон кредитийг Монголд саяхнаас л цөөн хүмүүс зах зухаас нь судалж, ярьж эхэлж байна. Карбон кредит гэдэг нь хүлэмжийн хийг бууруулахаар ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилготой санхүүгийн механизм юм. Товчхондоо, би хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан хэмжээгээрээ карбон кредит цуглуулж, цуглуулсан кредитээ хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг хүнд үйлдвэрүүдэд худалдаж борлуулах юм. Хүнд үйлдвэрүүд худалдаж авсан карбон кредитийн хэмжээнээс илүү хүлэмжийн хий ялгаруулахгүй байх үүрэгтэй зэрэг зохицуулалт байдаг. Мөн ийм төрлийн гэрчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг зах зээлд тэргүүн ээлжинд худалдан авах сонирхолтой байдаг. Бид энэ системд ханган нийлүүлэгчээр бүртгэгдсэнээр бидний өмнө дэлхийн томоохон зах зээл нээгдэж байгаа. Хамгийн эхний дэлхийн хэмжээний томоохон харилцагчтайгаа холбогдоод эхэлсэн, ажлууд ундраад л явж байна. Миний мэдэхээр ISCC гэрчилгээ авсан байгууллага Монголд манайхаас өөр нэг л байдаг.

Монгол Улс үйлдвэрлэлээ дэмжиж байж хөгжиж цэцэглэнэ. Урамшууллын зөв систем нэвтрүүлж, хувийн хэвшлээ, жижиг, дунд үйлдвэрлэлээ бодитой дэмжих орчин нөхцөл л дутагдаад байна

-Та бүтээгдэхүүнээ БНСУ-руу экспортолж байгаа гэсэн?

-Би Солонгос руу тосоо экспортолдог гэж онгирдог. Тус улс руу тосоо экспортлоод байж болох ч тээвэр, логистикийн хүндрэлээс үүдэж асуудлууд гардаг. Ачаа тээвэрлэлт дэндүү хол. Улаанбаатараас Эрээн, Эрээнээс Тяньжинд очоод дарааллаа хүлээж удсаны дараа Тяньжиний боомтоос усан онгоцоор Өмнөд Солонгос улс руу тээвэрлэдэг. Энэ хугацаанд тосны чанарт өөрчлөлт орох талтай. Өмнөд Солонгосын онгоцны түлшний үйлдвэрүүд манай тосыг авдаг юм. Байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хийг бууруулах түүхий эд манайд элбэг байгаа хэрэг. Тиймээс манай тосыг авах сонирхолтой байдаг. Уг нь зах зээл байна.

-Үйлдвэрлэл эрхлэхэд ямар хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байна вэ?

-Олон хүндрэл гардаг. Тэр бүгдийг бэрхшээл гэж харахаа больсон. Хамгийн том бэрхшээл нь манай улс БНХАУ руу малын гаралтай бүтээгдэхүүн экспортлохын тулд Хятадын Гаалийн хорио цээрийн байгууллагаас зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэвч манай үйлдвэр энэ зөвшөөрлийг хэдэн жил хөөцөлдөөд авч чадахгүй л байна. Манай тосыг худалдаж аваад урагшаа гаргадаг, зөвшөөрөлтэй хэд хэдэн компани байсан ч энэ жил тэдний эрхийг цуцалчихсан. Харин ганцхан үйлдвэрийн зөвшөөрлийг хэвээр үлдээсэн юм билээ. Бид бүтээгдэхүүнээ борлуулмаар байдаг, экспортолж чадахгүй ийм л байдалд байна. Тээвэр логистикийн хувьд, тосоо БНХАУ-аар дамжин өнгөрүүлэхэд мөн л зөвшөөрөл авах журамтай. Хэрэв манайд малын халдварт өвчин бүртгэгдвэл транзит тээвэр зогсдог эрсдэл бий. Манай мал эмнэлгийн тогтолцоог бусад орон хүлээн зөвшөөрөхгүй, итгэхгүй асуудал байна. Төрөөс мал эмнэлгийн бодлогын асуудалд ихээхэн анхаарч, эрх зүйн орчноо сайжруулж чадвал, экспортын олон гарц нээгдэж, малын гаралтай бүтээгдэхүүнүүдээ гаргаад үйлдвэрүүд урамтай ажиллах боломж уг нь байгаа гэдгийг хэлмээр байна.

United Сolors of Вenetton брэндийн Benetton дэлгүүр 2010 оны есдүгээр сарын 21-ний өдөр нээлтээ хийсэн. 2019 оны хоёрдугаар сарын 15-нд Протейн ясны үйлдвэрээ нээсэн

-Энэ бүх бэрхшээлийг даван туулахад танд юу мотивац өгдөг вэ?

-Газарт булагдаж, байгаль дэлхийг бохирдуулж байсан хаягдлыг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж яваа зориг, тэвчээр маань надад мотивац болдог. Тэгээд зогсохгүй үйлдвэрлэсэн тэжээлээрээ тахиа шувуу, мал амьтдаа тэжээгээд, хөрс модоо бордож байна. Эргээд бид шувууныхаа өндгийг, малынхаа махыг, хөрсөндөө ургуулсан тариа ногоогоо авч үр шимийг нь хүртэж байгаа маань бидэнд хамгийн том мотивац болж, урам өгдөг юм. Үйлдвэртээ орохоор миний нулимс цийлэгнэдэг. Өвөг дээдэс маань бидэнд үржил шимтэй хөрс, цэцэгт ногоон тал, цэнгэг гол мөрөн, онгон дагшин уул толгодоо өвлүүлэн үлдээсэн. Бид энэ баялгаа ухаж зарах биш, хайрлан хамгаалж, дараа дараагийн үр хойчдоо өвлүүлэн үлдээх үүрэг хүлээсэн. Тийм ч утгаараа энэ салбарт ажиллаж байгаагаараа бахархдаг.

-Би олон эмэгтэй бизнес эрхлэгчтэй уулзаж ярилцлаа. Тэр бүрийд эмэгтэйчүүдээрээ үргэлж бахархдаг. Тантай ярилцаад, таны бизнесийн замналыг сонсож суухдаа ч танаар гайхан биширч байна.

-Тийм шүү. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд манайд маш олон бий. Монголын эдийн засаг эмэгтэйчүүдийн нуруун дээр явж байгаа гэхэд хилсдэхгүй. Монгол эмэгтэйчүүд маань маш дайчин, хүчирхэг, хичээнгүй. Бусад улс орны эмэгтэйчүүд урдах ажлаа л хийдэг. Италид гэхэд загвар зохион бүтээгч бол энэ мэргэжлээрээ л супер. Манайхан болохоор бүгдийг хийх гээд байдаг. Би өөрөөрөө л жишээ авахад хувцас загвар, брэнд ярьж байсан хүн гэнэт ясны үйлдвэр рүү орчихсон. Одоо Итали руу ярьж шинэ загварын захиалга өгнө, ясны үйлдвэр дээрээ очиж бордоо, тосоо ярина, шувууны аж ахуйнууд дээрээ очиж тэжээлээ өгнө. Тэгээд хажуугаар нь ар гэр, үр хүүхдээ, амьдралаа авч явна. Бүх л салбарт эмэгтэйчүүд маань олон зүйлийг амжуулаад манлайлж байгаа нь бахархууштай. Монгол Улс үйлдвэрлэлээ дэмжиж байж хөгжиж цэцэглэнэ. Урамшууллын зөв систем нэвтрүүлж, хувийн хэвшлээ, жижиг, дунд үйлдвэрлэлээ бодитой дэмжих орчин нөхцөл л дутагдаад байна. Гэхдээ зүтгээд хөдөлмөрлөөд байхад үр жимсээ авах цаг ирнэ. Тэр сайн цаг удахгүй ирнэ ээ гэдэгт би бат итгэдэг.

/Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ба Монголын хүч тусгай дугаараас 2025.08 сар/