Н.Сайжаа: Гэр хорооллын айлуудын 70 орчим хувь нь зориулалтын бус нүхэн жорлонтой байна

Улаанбаатар хотод зовлон олон бий. Замын түгжрэл, агаарын бохирдол, тоосжилт, хүн амын төвлөрөл, стресс бухимдал гээд тоочоод байвал тоймгүй их. Их хотын амьдрал толгой өндийх ч сөхөөгүй ажиллаж, амьдарч буй бидний нүдэнд харагдаж, гарт мэдрэгдэхгүй эрүүл мэндэд, ундны усанд нөлөөлж буй зүйл бол хөрсний бохирдол юм. Гэр хорооллын айлуудын ил жорлон, бохир ус, дээр нь автомашины зах, томоохон худалдааны төвүүдээс гарч буй хог хаягдал, шатахуун нь хөрсний бохирдлын эх үндэс болдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл хөрсний бохирдол нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болон түүнээс яаж урьдчилан сэргийлэх талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Н.Сайжаагаас тодрууллаа.

-Сүүлийн жилүүдэд хөрсний бохирдол яагаад улам бүр нэмэгдэж байна вэ?
-Хөрсний бохирдлыг энгийнээр тодорхойлбол, хүний үйл ажиллагааны улмаас хөрсөнд янз бүрийн органик болон органик биш бодис шингэж агууламж нь ургамал болон амьд организмд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрч, хуримтлагдах явцыг хэлдэг. Хаана амьдрал үргэлжилж байна тэнд хатуу, шингэн хог хаягдал гарах нь биологийн зайлшгүй үзэгдэл бөгөөд түүний байгаль орчин хүний биед халгүйгээр цэвэрлэх, зайлуулах, халдваргүйжүүлэх, устгах шаардлага гардаг. Үүнийг улс хот бүр янз бүрээр шийдвэрлэсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас хот суурин газарт шилжих хөдөлгөөн ихсэж, хүн амын тоо өсөж байгаа нь хатуу хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх асуудалд тооцоолоогүй ачаалал нэмэгдэж байна. Иймээс наад зах нь гэр хорооллын айлуудын ил жорлон, бохир ус, үнс хог хаягдлаа ил задгай хаяж буйгаас газрын хөрс улам бүр л бохирдсоор байна. Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудын 70 орчим хувь нь шаардлага хангахгүй, зориултын бус жорлонтой байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Дээр нь сүүлийн үед бороо хур, үер ихтэй байгаатай холбоотой үерийн усаар дамжиж өндөрлөг газар амьдарч буй айлуудын хог хаядал, бохир ус хаа, сайгүй тарж байна. Үүнээс үүдэж амьсгалын болон гэдэсний төрөл бүрийн халдвар хавар үүсдэг.

-Хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?


-Хөрс бохирдсоноор хүний амьдралын горим өөрчлөлт гарч, эрүүл мэндэд муугаар нөлөөлөх нь тодорхой. Наад зах нь бохирдсон хөрсөнд ургуулсан хүнсний ногоо хэрэглэх, гүний худаг ухаж, усыг нь ашиглах, ялаагаар дамжиж хүний биед халдварлах гэх мэт олон аюул бий. Хөрсний бохирдлоос үүдэж хүний биед олон төрлийн өвчлөл үүсдэг. Үүнд, гэдэсний хижиг, цусан суулга, халдварт саа, халдварт шар зэрэг вирусын халдвар, татанги, боом өвчийн үүсгэдэг вактерийн халдварт бий. Дээр нь төвлөрсөн авто захууд, авто сэлбэг, дугай засвар, тос тосолгооны жижиг үйлчилгээний цэг манайд 600 орчим байна. Мөн авто зам, зарим шатахуун нөөцлөх газар, түгээх станцуудаас үүдэж хөрсөнд бензин, масло, тос хөрсөнд их хэмжээгээр нэвчиж, үхжүүлсэнээр харт тугалга болон бусад хорт бодисын хэмжээг ихэсгэдгийг судалгаагаар тогтоосон. Ийнхүү ялгарсан хар тугалга хүний цус төлжилтийг саармагжуулж, мэдрэл оюун ухаанд нөлөөлж, бөөр, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг хямраан, татах, саажихад хүргэдэг аюултай.

-Тэгвэл бидэнд хөрсний бохирдлыг багасгаж, өөрийнхөө болон гэр бүлийнхэнийхээ эрүүл мэндийг хамгаалах ямар боломж байгаа вэ?

-Бидэнд хөрсний бохирдлыг бууруулахын тулд нэн тэргүүнд хийх ёстой ажил бол гэр хорооллыг цэвэр бохир усны шугаманд холбох, ядаж гэр хорооллын ил нүхэн жорлонг битүүмжлэлтэй болгох шаардлагатай байна. Мөн айл гэр, аж ахуйн нэгжүүд аль болох ил задгай хог хаягдлаа хаяхгүй зориулалтын хогийн саванд хийж хэвших чухал. Авто зах, шатахуун тос, тосолгооны материалуудтай байнга харьцдаг газруудын хувьд ашигласан масло, тосоо зориулалтын саванд хийж, хадгалж, хаях дадлыг хэвшүүлмээр байна. Иргэдийн хувьд ч гадаа гудамжинд нус, цэрээ ил хаяхгүй байхаас эхлээд гадаа бие засахгүй байх, амьдарч буй орчноо цэвэрлэж, хөрсийг нь бохирдуулахгүй байвал таны эрүүл мэндэдээ оруулж буй хувь нэмэр юм.

Ч.Гантулга: Хөрсний бохирдлыг арилгах төхөөрөмжтэй боллоо

Доктор Н.Сайжаа хөрсний бохирдол бидний эрүүл мэндэд ямар хор нөлөөлтэй байдгийг хэлж өглөө. Тэгвэл хөрсний бохирдлын асуудлыг шийдэх нэг өрхөд зориулсан бохирын системийг “Атмор” компани нэвтрүүлсэн таатай мэдээ байна. Тус компанийн Ерөнхий захирал Ч.Гантулгаас тус технологийн талаар тодрууллаа.

- Гэр хорооллын нэг өрхөд зориулсан бохир ус цэвэршүүлэх төхөөрөмжийнхөө талаар тодруулахгүй юу?

-Нэг өрхөд зориулсан бохир ус цэвэрлэх төхөөрөмж бүхий системийг манай Монгол инженерүүд бүтээлээ. Энэ нь гэр хорооллын айлууд болон зуслангийн байшинд суурилуулахад тохиромжтой юм. Байр болон гэр хорооллын айлууд бохирын систем болон халаалт цэвэр усаар ялгаатай байдгийг манайхан мэднэ. Энэ гурваас шийдэхэд хамгийн хүндрэлтэй нь бохирын систем байдаг. Үүнийг манай инженерүүд шийдээд өрхийн, тэр дундаа нэг айлын бохирын систем бүтээсэн. Монгол орны өнцөг булан бүрт хаана ч хэрэглэж болно. Хоногт 500 литр хүртэл бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай. Энэ системийг 5-10 хүнтэй айл хэрэглэхэд зохимжтой. Хамгийн дээд тал нь 10 хүнтэй айл хэрэглэх юм.

-Бохир усны хэдэн хувийг цэвэрлэх юм?

-Тос өөхнөөс эхлээд өтгөн, химийн угаалгын нунтагтай зэрэг ахуйн хэрэглээний бохир усыг 90 хувь хүртэл цэвэрлээд хөрсөндөө шингээдэг. Мөн хөрсөндөө шингээхгүйгээр хоёрдогч хэрэглээнд ч ашиглаж болно. Энэхүү системээр цэвэрлэгдэж гарч ирсэн усыг шууд ундны уснаас бусад зориулалтаар хэрэглэж болно. Тухайлбал, усан сан болон машин угаах, зүлэг ногоо услах, загасны цөөрөм, оо-ын ус, усны савруугаа буцааж хийх гэх мэтээр ашиглаж болно. Монголын нөхцөлд тааруулж -40 градусаас +40 хэмийн хэлбэлзэлд тохирсон учир өвөл хөлдөхгүй, зун үнэр гараад халиад байхгүй, амархан дүүрээд богино хугацаанд соруулаад байхгүйгээр бүгдийг шийдэж хийснээрээ онцлоготой. Үүнийг гэр хорооллын айлууд хэрэглэснээрээ нийслэлийн толгойны өвчин хөрсний бохирдолд цэг тавих боломж нээгдэх юм.

-Цэвэршүүлэх төхөөрөмж ямар зарчмаар ажиллах вэ, чанарын хувьд сайн байж чадах уу?

-Бидний угсрах бохир ус цэвэрлэх байгууламж нь механик, биологийн болон нано технологиор бүтээсэн шүүлтүүрийн цэвэрлэгээ гэсэн гурван үндсэн хэсэгтэй. Онолын хувьд 24-48 цагийн дотор тунгаагч сав руу урсан орсон бохирын хүнд хэсэг нь тунгаагч савны ёроолд лаг давхарга болон тогтож, хөнгөн тостой хэсэг нь хөөсөн давхарга болж дээгүүрээ хөвдөг. Дээрх хоёрын дунд ялгаран тогтож, шүүгдсэн усан давхарга нь тунгаагч савны гарах хоолойгоор дамжин шүүлтүүрийн хэсэг рүү урсдаг. Үүнийг механик цэвэрлэгээ гэдэг. Үүгээр зогсохгүй бохир нь анаэробик бактерийн нөлөөгөөр хатуу хаягдал буюу хөөсөн болон лаг давхаргын 90 орчим хувь нь байнгын задралд орж нягтарч байдаг. Тунгаагч савны эзлэхүүн болон хэрэглэгчийн тооны харьцаанаас шалтгаалан тунгаагч савыг 3-5 жилд нэг удаа цэвэрлэх шаардлагатай. Бохир ус, хаягдал нь шууд агааржуулагч сав руу урсан ордог. Агааржуулагч саванд хүчилтөрөгчийн нөлөөгөөр биологийн бичил биетүүд үүснэ. Эдгээр нь лагийг задлах болон агааргүй орчны биологийн боловсруулалт, мөн мембран шүүлтийг хийдэг. Биологийн шатны цэвэрлэгээ хийгдсний дараа мембран шүүлтүүр нь молекулын түвшинд нарийвчилсан шүүлтийг хийдэг. Био реакторт байгаа өндөр нягтралтай лаг болон онцгой микробууд нь молекулын хэмжээнд шүүгддэг. Үр дүнд нь ус өндөр чанартай цэвэрлэгдэж, цэвэр ус гарна.

-Үнийн хувьд ямар вэ?

-Төхөөрөмжийн нэг бүрийн үнэ нь ойролцоогоор 3.5 сая төгрөгөөр авах боломжтой. Монгол инженерийн арга ухаанаар бүтсэн манай цэвэршүүлэх төхөөрөмжийг авч, эрүүл цэвэр орчин амьдрах боломж айл бүхэнд бий.