Н.Тунгалаг: Монголын говийн хэзээ ч мартагдашгүй дурсамжийг жуулчдад бүтээж өгдгөөрөө бахархдаг

Дэлхийд Монголын говийг таниулсан түүх 100-гаад жилийн өмнөөс эхлэлтэй. АНУ-ын палеонтологич, судлаач Рой Чэпман Эндрюс 1920-иод онд Монгол Улсад ирж, Өмнийн говиор судалгаа хийхдээ үлэг гүрвэлийн анхны өндгийг олж, улмаар Монголын говийг дэлхийд таниулсан билээ. Хязгаар нь үл харагдах говь нутаг жуулчдын сонирхлыг маш их татдаг бөгөөд Монголд ирж буй гадаадын жуулчдын гол урсгал Өмнийн говийг чиглэдэг. Мөн олон сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн өлгий нутаг гэдгээрээ дэлхийд алдартай. Энэ л нутагт аялал жуулчлалын бизнес эрхэлж, зорин очсон жуулчдад, эх нутгаа, эх сайхан говио танилцуулж, тав тухтай орчноор үйлчилж, сэтгэл өндөр буцаадаг бизнесийг 20 жил удирдаж ирсэн эмэгтэй бол Н.Тунгалаг. Говийн бүсгүйн ажилч хичээнгүй зангаар тэрбээр хэцүү бүхнийг даван гарч, шөнийн одод хачин ойрхон, зэрэглээ нь ус мэт мяралзах тал нутагтаа “Говь мираж лодж” жуулчны баазыг байгуулаад 20 жилийг үджээ. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг, Улаан эргийн Цагаан толгойд байрлах “Говь мираж лодж” жуулчны баазын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Тунгалагтай хийсэн ярилцлага таны сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна.
-“Говь Мираж Лодж” жуулчны бааз үүсгэн байгуулагдаад 20 жил болжээ. Компаниа үүсгэн байгуулсан түүхээс ярилцлагаа эхлэе?
-Өмнөговь аймаг эртнээс говь нэрээрээ дэлхийд танигдсан нутаг. Дэлхийн олон орны жуулчид зориж ирдэг Монголын говь нутагт амьдарч, аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаадаа маш баяртай байдаг. Миний хувьд Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат, сурган хүмүүжүүлэгч багш мэргэжилтэй. Миний хань Сайнхүүгийн Өнөрбат Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, математикийн багш мэргэжилтэй. Бид Сэврэй сумаасаа ажил амьдралын гараагаа эхлүүлсэн.
Миний хань 1997 оноос хойш аялал жуулчлалын салбарт ажиллаж эхэлсэн юм. Бид хоёр цалингаасаа илүүчлэн хуримтлал үүсгэсээр УАЗ-469 машин худалдаж авч, “Гайхамшигт говь” холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр ахын зөвлөснөөр “Жуулчин говь” жуулчны баазад жолоочоор ажиллаж эхэлсэн нь аялал жуулчлалын салбарт хүч сорих эхлэл болсон. Удалгүй хань маань Nomads tour & expedi tions компанид жолоочоор ажиллаж, Монгол орноороо тойрч аялалд явсаар энэ салбарт дурлах болж, жуулчны бааз байгуулах анхны санааг гаргаж, бид бие даан аялал жуулчлалын бизнес эрхлэх болсон доо. Тэр үед эко бааз байгуулах нь дэлхий нийтийн хүсэл зорилго байсан, тэр ч утгаараа бид эко байх зорилготой олон жил ажиллажээ. Баазаа байгуулж байхдаа ч зоригтой байж, хүнд хэцүү саад бэрхшээл бүхнийг даван туулсан юм байна гэж бодогддог.
-Өнөөдрийн ”Говь Мираж Лодж”-ийн амжилтаас дурдана уу?
-Манай бааз жилээс жилд хүчин чадлаа нэмэгдүүлж, чанараа сайжруулан алхам алхмаар урагшилж байна. Жуулчны бааз нь хөндлөнгийн хүнд амар хялбар, сайхан ажил шиг харагддаг ч нэг үйлчлүүлэгчийн ард олон хүний хөдөлмөр зүтгэл буцалж байдаг. Аялал жуулчлалын салбарын хамгийн чухал зүйл хоол үйлдвэрлэл, үйлчилгээ юм шүү дээ. Зочдодоо тохилог, тав тухтай орчныг бий болгох, сэтгэлд таарсан үйлчилгээ үзүүлэх, амт чанартай сайхан хоолоор дайлах, цаашлаад ажилтнууддаа урам зориг өгөх, сайн амарч, эрч хүчтэй ажиллах, тохь тухтай ажил, үйлчилгээний байр бий болгох нь хамгийн чухал. Ийм орчныг бүтээхийн төлөө өнгөрсөн он жилүүдийг зориулжээ. Үүнийхээ үрээр Монголын аялал жуулчлалын холбооны Шилдэг жуулчны баазаар хоёр удаа, Өмнөговь аймгийн Шилдэг жуулчны баазаар гурван удаа шалгарсан.
Хамгийн чухал нь хамтрагч, байнгын харилцагчидтай болж гадаад, дотоодын зах зээлд өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн нь хамгийн том амжилт юм. Түүнчлэн сайн хань, сайн гэр бүл, сайн хамт олны минь хамтын зүтгэлийн хүч юм. Хамгийн гол зүйл нь Монголын өргөн уудам говь нутгийг зорин ирэх гадаад, дотоодын аялагч, жуулчид, мөн бидэнтэй байнгын хамтран ажилладаг харилцагч байгууллагуудын маань бие биедээ итгэдэг бизнесийн түншлэл гэж хэлмээр байна. Өмнөговь аймгийн “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны хамт олны дэмжлэг, нутгийн зон олны хамтын зүтгэл ч гол нөлөө үзүүлсээр ирснийг тэмдэглэе.
Та бүхэн улс орныхоо эдийн засагт ямар хувь нэмэр оруулж байна гэж боддог вэ? Аялал жуулчлалын үйлдвэрлэл, үйлчилгээ нь маш олон талбарыг хамрахаас гадна тухайн орон нутагтаа эдийн засгийн үр өгөөжийг бий болгож чаддаг салбар. Энэ ч утгаараа бид жил бүр мэргэжлийн оюутнуудыг дадлага хийлгэж хэлний боловсролыг нь дэмжих, мэргэжлийн ур чадварыг практик дээр суралцах боломжоор хангаж ирсэн. Мөн орон нутгийнхаа иргэдийг ч тогтмол ажлын байраар хангаж, эдийн засгийн үр өгөөжтэй ажилладаг.
Бид ирсэн жуулчдаараа өөрийнх нь улсын далбааг хийлгэж хадгалдаг юм
-Өмнийн говь бол Монголын брэнд. Гадаадын жуулчид Монголын говийн юуг үзэх гэж ирдэг вэ? Мөн аль улсын иргэд голдуу аялдаг бол?
-Энэ бол маш өргөн сэдэв. Монголын говиос хязгаар нь үл үзэгдэх тэгш уудам тал, сунайн тогтсон уулс, тэдгээрт орших зэрлэг ан амьтан, жигүүртэн, говийн 36 баянбүрдтэй хослон шаргалтах элсэн манхан, үлэг гүрвэлийн өлгий нутаг гэх мэт үзэсгэлэнт байгалийн зураглалыг нэг дороос үзэх боломжтой байдаг нь гадаад, дотоодын жуулчдыг соронзон мэт татдаг. Иймээс бид жуулчин хүлээж авдаг мэдээллийн гэртээ байгаль орчин, амьтан ургамал, шувуудын мэдээллийг байршуулж таниулдаг. Манай баазад бүхий л улс орны жуулчид буудалласан. Заримдаа нэрийг нь сонсоогүй, мэдэхгүй улс орны хүмүүс ч ирсэн байдаг. Учир нь бид ирсэн жуулчдаараа өөрийнх нь улсын далбааг хийлгэж хадгалдаг юм. Гадаадын жуулчдын хувьд улс орны онцлогоосоо шалтгаалж янз бүрийн хүсэл сонирхолтой байдаг бөгөөд тэр бүхнийг тэнцүүлэх гэж бид чухалчлан ажилладаг. Манай баазын онцлог бол Европын жуулчдад илүү тохирдог. Европоос өндөр настай жуулчид ирдэг, тэр утгаараа тав тухтай, анир чимээгүй орчинд цөөхүүлээ байх, хэн нэгэн өөрт нь саад болохгүй байх орчныг эрэлхийлдэг. Харин Азиас эсрэгээрээ залуучууд голдуу ирдэг болохоор дуу чимээ ихтэй, баярлаж хөөрч догдолж байгаагаа илэрхийлж, зураг авахуулж, эмоцоо гаргадаг. Мөн үдшийн цагаар од харах, түүдэг гал асааж хөгжилдөж, дуулж бүжиглэх сонирхолтой гэх мэтчилэн олон ялгаа байдаг.
-Ковид-19 цар тахал дэлхийн аялал жуулчлалын салбарт маш их нөлөөлсөн. Танай баазад хэр нөлөө үзүүлсэн бэ?
-Манай бааз байгуулагдсанаас хойших он жилүүдэд жуулчдын урсгал одоогийнхоос харьцангуй бага байлаа. 2019 он бол жуулчдын хамгийн оргил үе байсан. Бид цар тахлын үеэр бүтэн хоёр жил ажиллаагүй. Энэ үед орон нутгаас тодорхой арга хэмжээ авч, бидний ажилд дэмжлэг үзүүлсэн шүү 2022 оноос хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэхэд жуулчид харьцангүй олон ирсэн. Бидэнтэй хамтран ажилладаг аялал жуулчлалын компаниуд Европоос жуулчид авчирдаг байсан бол цар тахлын дараа Монголын говьд ирж байгаа жуулчдын ихэнхийг солонгосчууд эзэлсэн. Тайвань, Сингапур, Вьетнам, Хятад, Хонконг зэрэг Азийн улсуудын жуулчид ирэх нь нэмэгдэж байна. Жуулчид жилээс жилд нэмэгдсээр л байна. Манай “Говь мираж лодж” жуулчны бааз өөрийн гэсэн “үйлчилгээний соёл”-ыг бий болгож ажиллаж байгаа нь жуулчдын сэтгэгдэл, үнэлгээнээс харагддаг. Жуулчдын санал хүсэлтийг авдаг санал асуулга манайд байдаг. Бүх жуулчнаасаа үйлчилгээнийхээ юун дээр анхаарах шаардлагатай, засаж залруулах юу байна, тухайн улсын жуулчдад юу хэрэгтэй, чухал байгааг тодруулж саналыг нь авдаг юм. “Сайхан байлаа, баярлалаа” гэж бичсэн нь дийлэнх байдаг. Мөн санаа авахаар зүйлс хэлж, бичиж үлдээдэг, тэр санаануудыг нь бид боломжит байдлаар хэрэгжүүлэхийг зорьдог доо.
Гадаадын жуулчдын хувьд улс орны онцлогоосоо шалтгаалж янз бүрийн хүсэл сонирхолтой байдаг бөгөөд тэр бүхнийг тэнцүүлэхийг чухалчилдаг
-Өмнөговь аймгийн аялал жуулчлалын гол маршрут, бүтээгдэхүүний талаар сонирхуулна уу?
-Аялагчид Өмнөговь аймгийн баруун, зүүн бүсээр илүү гүн аялах болсон нь дэд бүтцийн хөгжил, археологи, палеонтологийн олдворуудтай холбоотой. Урьд өмнө нь хэт хол санагддаг байсан Ханын хэц, Нэмэгтийн хонгил, Хэрмэн цав, Шар цавыг зорих болсноор жуулчдын говьд хоноглох өдөр, нэг жуулчнаас олох ашиг нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд тусгай сонирхлын аялал, ялангуяа зэрлэг ан амьтан, шувуу харах аяллууд нэмэгдэж байгаа нь баазуудыг хавар эрт ажиллаж эхлэх шаардлагыг бий болгож, ингэснээр аялал жуулчлалын улирлыг уртасгаж байна. Аялал жуулчлал бол хамгийн ирээдүйтэй салбар юм. Бидэнд боломж их бий. Харин манай аймаг энэ бүхнийг сайтар ойлгож, аялал жуулчлалын салбараа маш их анхаарч байгаад нь талархдаг. Жуулчдын зорин очих газруудын менежментийн төлөвлөгөөг гаргаж, ээлж дараагаар хэрэгжүүлж эхэлсэн. Жишээ нь, үлэг гүрвэлээр алдаршсан Баянзаг, Хонгорын голд сайхан бүтээн байгуулалтууд хийж байна.
-Монголын аялал жуулчлалын хөгжил ямар түвшинд байна гэж та үздэг вэ? Аялал жуулчлалын чиг хандлага хаашаа явж байна вэ? Төрөөс ямар бодлогын дэмжлэг, эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байна вэ?
-Манай аялал жуулчлалын салбар харьцангуй сайн хөгжиж байгаа хэдий ч өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрэхийн тулд илүү хичээх хэрэгтэй. Манай орны өргөн уудам, үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин ахуй, соёл уламжлал, монголчуудын найрсаг зочломтгой чанар нь өөрийн өнгө төрхтэй байдаг нь бусад улсаас ялгарах гол онцлог. Сүүлийн жилүүдэд олон хүн, компани энэ салбарт орсноор өрсөлдөөн үүсэж, өсөлт бий болж байна. Энэ бүхэнд төрөөс жуулчны бааз, гэр буудлуудын хоорондын зайнаас эхлээд байгаль орчин, үйлчилгээнд шаардлагатай стандартуудыг шинэчилж, мөрдүүлэх шаардлага үүсээд удаж байна. Түүнчлэн жуулчны бааз, гэр буудлуудын хоорондын ялгаа, стандартыг тодорхой болгох, дүрэм журмаа барьж ажиллах хэрэгтэй.
Манай аймгийн аялал жуулчлалын холбоо энэ талаар байнга сөхөж ярьж, холбогдох яаманд хүртэл санал тавьдаг. Тодорхой алхам, ажлууд хийгдэхгүй л байна. Мэдээж зам, харилцаа, цахилгаан гэсэн үндсэн дэд бүтэц нэн чухал хэвээр л байгаа. Төр, засаг эдгээрийг дэмжээд өгөхөд, хувийн хэвшил бусдыг хийчихнэ. Өөр нэг тулгамдаж буй асуудал боловсон хүчний хомсдол. Зөвхөн манайх бус улсаараа ийм дүр зураг харагддаг. Өмнөговь аймагт уул уурхайн олон компани үйл ажиллагаа явуулдаг. Хүмүүс жуулчны баазад ажиллахаас илүүтэй уул уурхайд ажиллахыг хүсдэг. Энэ нь цалин мөнгө, байнгын ажиллагаатай гэдгээс шалтгаалж байгаа юм. Жуулчны баазуудад оюутнууд голлон ажиллаж амьдрахуйд маш сайн суралцаж байгаа нь бахархмаар байдаг ч аялал жуулчлалын салбарт төрөөс тодорхой бодлого хэрэгжүүлж, жуулчны баазууддаа бага ч гэсэн дэмжлэг үзүүлээсэй гэж хүсдэг. Цаашлаад залуусын аялал жуулчлалын салбарт хандах хандлагад өөрчлөлт хийхэд чиглэсэн эрх зүйн орчин шаардлагатай л байна.
-Амжилт сорилттой хамт ирдэг. Танд тулгарч байсан ямар сорилтыг хэрхэн даван туулж байснаа хуваалцана уу?
-Аялал жуулчлалын салбарт 20 жил ажиллахдаа бид олон бартаа давааг туулж өдий зэрэгт хүрчээ. Жуулчны баазаа байгуулсны дараа хамгийн хэцүү нь зуны гурван сард ажилладаг салбарт тогтвортой ажилтан олно гэдэг амаргүй даваа байсан. Байнгын тогтвортой ажилтан, ялангуяа тогооч, үйлчлэгчдийн асуудал их хэцүү байлаа. Мөн жуулчид олноор ирдэггүй 2010-аад оны дунд үед аялал, жуулчлалын салбарыг орхих шийдэлд ч хүрч байлаа. Жуулчны баазаа зарах санаагаа ч салбарынхаа зарим найз нөхөддөө хүртэл хэлж байсан. Гэвч “Танай жуулчны баазын газар та хоёрын эзэмшил нутаг болно шүү дээ” зэрэг үгс сонсоод тэссэн л дээ. Түүний дараа цар тахал манай салбарыг бүхэлд нь хамарч, хоёр жил бүтэн зогссон. Харин Өмнөговь аймгийн удирдлагууд уурхайн жолооч нарыг жуулчны баазууддаа байршуулсан нь их дэмжлэг болсон. Цар тахлын жилүүдэд бид зүгээр суулгүй ихээхэн өөрчлөлт, шинэчлэлт хийсэн нь маш их амжилт дагуулсан.
-Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн талаарх таны бодол?
-Эмэгтэйчүүдийн гэр бүлийнхээ төлөө цуцалтгүй зүтгэдэг байгалийн унаган чанар нь бизнест ч бас оршиж амжилтад хүргэдэг бололтой. Гэхдээ мэдээж сайн хань, сайн үр хүүхдүүд, нэгдэж нягтарсан, нэг зорилготой хамт олон байж л амжилтад хүрнэ гэж боддог.
-Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэхийн бахархал нь юу байдаг вэ?
-Аялал жуулчлал нь хүнийг хөгжүүлдэг, хөгжсөн хүн илүүг бүтээдэг. Мөн олон найз нөхөд, хамтрагчидтай болдог. Бүтээсэн, хийсэн бүхнээрээ зочдодоо сайхан үйлчилж, сэтгэл дүүрэн буцаж байгаа аялагчдаа, тэдэнд чин сэтгэлээсээ үйлчилж буй хамт олноо харахаар бахархалтай. Мөн эзгүй хоосон талд шантрахдаа шантарч, ядрахдаа ядарсан ч зочин бүрийн бахархлыг төрүүлсэн бүтээн байгуулалтаа харах нь миний бахархал. Аялал жуулчлал нь жуулчдад “дурсамж болон туршлага”-ыг зардаг онцлогтой. Энэ ч утгаараа зориод ирсэн жуулчин бүртээ Монголын говь нутгийн тухай хэзээ ч мартагдашгүй дурсамжийг бий болгож явуулдгаараа бахархдаг. Үүндээ их сэтгэл дүүрэн сайхан байдаг шүү.
-Та юунаас урам зориг, мотивац авдаг вэ?
-Зочид маань сэтгэл дүүрэн буцах шүү дээ. Манай салбарынхан бүгд л тийм байх аа.
-Залуу үе, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хандан та юу зөвлөхийг хүсэж байна вэ? Монголын аялал жуулчлалын салбарт бахархмаар сайхан залуу үе өсөж төлөвшиж, эх орноо таниулан гэрэлтэнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Цаашдаа ч ихийг бүтээж, илүүг амжуулна байх аа. Залуус минь салбараа хөгжүүлж хүчрэгжүүлэхийн төлөө цуцалтгүй зүтгэж, бүтээн босгосон бүхэн нь сэтгэл ханамж, бахархал, амжилт бүтээл болно шүү гэж хэлэхийг хүсэж байна.
Манай баазын онцлог бол Европын жуулчдад илүү тохирдог. Европоос өндөр настай жуулчид ирдэг, тэр утгаараа тав тухтай, анир чимээгүй орчинд цөөхүүлээ байх, хэн нэгэн өөрт нь саад болохгүй байх орчныг эрэлхийлдэг. Ирээдүйг атгаж, эх орноо хөгжүүлэх хүчирхэг залуу үе маань салбартаа салаалж мөчирлөөд улам олуулаа, улам гэрэлтэх болтугай.
“Говь Мираж Лодж”-ийн ирээдүйн зорилго юу вэ?
-Өмнийн үзэсгэлэнт говь нутгаа дэлхийд сайтар таниулан сурталчлахыг хүсдэг. Аялал жуулчлалын тур оператор компаниудтайгаа нэгэн сэтгэл зорилгоор хүчээ нэгтгэн дэлхийд гарч, эх орноо, говио танилцуулан сурталчлах бол Өмнийн говийн жуулчны баазуудын алсын болон ойрын зорилго. Эртнээс л ингэж бодож төлөвлөж ирсэн. Нөгөө талаасаа зах хязгааргүй мэт ч хажууд ойрхон болсон дэлхийн цахим хөгжил хүссэн хүсээгүй энэ зорилгод хөтөлж байна. Сүүлийн үеийн жуулчдын хандлагыг ажиглахад аль болох тав тухтай орчныг хүсдэг болжээ. Тиймээс бид хүнийхээ тоог нэмэх биш илүү чанартай үйлчилгээ үзүүлдэг болох зорилготой. Манайх одоогийн байдлаар гурван өөр зэрэглэлийн гэртэй. Цаашдаа бүх гэрээ люкс болгож, аль болох тав тухтай орчныг бүрдүүлэх, Монгол өв соёл, хэв маягийг алдагдуулахгүй байх бодлого баримталж байна. Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон дотоодын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ Монголын говьд зочилж, аялахыг урьж байна.
/Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ба Монголын хүч тусгай дугаараас 2025.08 сар/