Н.Эрдэнэбат: Төрөлжсөн аялал жуулчлал хөгжинө гэдэг тухайн салбар чөмөг сууж буйн шинж

Аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Монголын аялал жуулчлалын салбарын хөгжил ямаршуу байна вэ?

-Аялал жуулчлал хөгжихгүй байна гэж шүүмжилдэг хүн байдаг л даа. Гэхдээ жилд 10-15 хувийн өсөлттэй л байна. Монголчууд ч гадаадад аялах нь өссөн. Энэ салбарт удсан хүний хувьд гишүүдээ сайн мэднэ. Хөтөч тайлбарлагчдын ур чадвар сайн, гадаад хэлний мэдлэг ч өндөр. Манайхан хэдий ази царайтай ч биеэ авч явах, нээлттэй байдал нь европ маягийн хүмүүс гэдэг.

-Гэхдээ тооноос илүү чанар чухал гэж ярьдаг. Монголд ирэх жуулчдын тоо өссөн ч “үүргэвчтэй аялагчид” хэт олон байгааг Та юу гэж үздэг вэ?

-Тийм ээ, Монголын нөхцөлд тоо нь чанар болоод байгаа. Үнэхээр тоо өсөж байгаа ч жуулчдын бүтэц өөрчлөгдөөд байна. Тавхан хувьтай байсан “үүргэвчтэй аялагчдыг” арван жилийн дотор 30-40 хувь болгоод оруулаад ирлээ шүү дээ. “УАЗ Фургон” маркийн машинд 10-20-иороо суугаад, 5-10 мянган төгрөгийн “guest house” буюу дэн буудалд хоноглоод, ус, талхаар Монголыг үзчихдэг “үүргэвчтэй аялагчид” 30-40 хувь болж өссөн гэсэн үг. Энэ нь цаагуураа бас сөрөг үр дагавартай. Нэг айл “үүргэвчтэн”-д морь унуулаад, 10 мянган төгрөг авсан л бол хүн амын орлогын албан татвар төлөх ёстой, гэтэл үгүй ш дээ. Ингээд л тэр нь “хар мөнгө” болчихож байгаа юм. Уг нь тур операторуудаар дамжвал тэр мөнгийг нь айлд нь өгөөд, татварт тайлан гаргаад явах юм. Ер нь дэлхийн жишгээр бол жуулчдын 20 хувь нь “үүргэвчтэй аялагчид”, 20 хувь нь VIP, үлдсэн нь “mass tourism” буюу тур операторуудаар дамжуулаад аялдаг зохион байгуулалттай аялагчид байдаг.
Харин манайд “үүргэвчтэй аялагчид” олширч байгааг тооцоход их амархан. 2000 онд Монголд 5-6 дэн буудал идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан бол одоо энэ тоо 20 гарчихлаа. Нийт 189 дэн буудал байна гэсэн бүртгэл ч гарсан байна билээ. Баянхошуу, Баянзүрхэд хүртэл байх жишээтэй.

-Тэгвэл “үүргэвчтэй аялагчдын” тоог багасгахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бол?

-Боль гэхийн аргагүй. Дэн буудлуудыг хааж болохгүй, эрэлт нь байгаа л бол тэд амьдрах ёстой шүү дээ. Нөгөө талаас жуулчдыг ялгах эрх бидэнд байхгүй. “Үүргэвчтэн” ч гэсэн жуулчин. Ерөнхийдөө оюутнууд ч юм уу, мөнгө багатай хүмүүс түүндээ тааруулаад Монголыг үзэхийг зорьж байна. Гэхдээ тэд ч гэсэн сурталчилгаа болно гэдгийг мартаж болохгүй. Манайд ирж үзчихээд найз нөхдөдөө очоод “Монголд Луй Вьютон байдаг юм байна. 3D кино гарч байна, интернэт, банкны картны үйлчилгээ хаа сайгүй нэвтэрчээ” гээд л ярина шүү дээ. Тиймээс тэднийг боомилох тухай бодох ёсгүй. Нэг юм хийх гээд нөгөөг нь устгаж болохгүй. Ер нь бид зохион байгуулалттай аялагчдын тоог өсгөх тал дээр муу анхаарсан болохоор л “үүргэвчтэй аялагчид” нэмэгдсэн. Гэтэл зохион байгуулалттай аяллыг идэвхжүүлэхэд гадаад сурталчилгаа их хэрэгтэй байдаг. Сүүлийн 20 жилд бид тур операторын хэмжээнд л сурталчилгаа хийгээд байсан. Зохион байгуулалттай аялагчдад зориулсан ерөнхий мэдээлэл хангалтгүй байсан. Танилцуулга мэдээлэл гаргаад, цахим хуудас нээгээд явах нь үр дүн багатай байна. Гадаадынхан Монголын интернэт хаягаар орох нь ховор. Яагаад гэвэл Монгол аялж болох орон гэдгийг мэдэхгүй байна. Мэдээллээ хүргэж чадахгүй байгаа нь өнөөдрийн аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудал болсон.

-Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд яаж анхаарч байна вэ?

-Дэлхийн хамгийн томд тооцогддог “IТB Berlin 2011” үзэсгэлэн өнгөрсөн гуравдугаар сард болоход Монгол Улс соёлын түншээр оролцлоо. Төрөөс анх удаагаа хагас тэрбум төгрөг гаргасан. Гэхдээ энэ мөнгө магадгүй хэд нугараад ороод ирнэ. Учир нь, уг үзэсгэлэн Монголын талаарх нэлээд том сурталчилгаа болж чадсан гэж бид дүгнэж байгаа. Үүний үр дүнд Европоос ирэх жуулчдын тоо тав орчим хувиар өсөх болов уу гэсэн таамаглал бий.
Бид өнгөрсөн жил Японы зах зээлд тусгайлан ажилласан. Тус улсын томоохон тур операторууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг Монголд урьж авчран, гадаад сурталчилгаан дээр нэлээд анхаарсан. Төр ч дэмжээд, Японы жуулчдыг 30 хоногийн хугацаанд визгүй зорчих нөхцөлийг бүрдүүллээ. Үүний үр дүнд Японоос манайд ирэх жуулчдын тоо 26 хувиар өссөн байгаа. Ер нь богино хугацаанд амжилт гаргаж болох зах зээл Япон юм. Нэг талаас энэ орон Монголтой ойрхон. Нөгөө талаас япончууд майхан бариад хөдөө аялаад явах нь ховор. Жуулчны баазад байрлана, бидэнд өгөх эдийн засгийн үр өгөөж нь ч өндөр.

-Энэ онд Японоос ирэх жуулчдын тоо өсөх болов уу. Газар хөдлөлт танай салбарт яаж нөлөөлөхөөр байгаа вэ?

-Өнгөрсөн онд Япон руу гурван нислэг байхад 26 хувийн өсөлт гарсан. Энэ жил МИАТ долоо хоногийн долоон нислэгтэй. Таван өдөр Нарита, хоёр өдөр Осака нисэж байна. Тийм болохоор Японы жуулчид Монголд ирэхэд хүндрэл багатай. Мэдээж бидний хүсэн хүлээж буй үр дүнд Японы газар хөдлөлт нөлөө үзүүлнэ. Гэхдээ япончууд сэргээн босголтыг хурдан хийж байна. Энэ зургадугаар сарын 18-22-нд Японы 50 хүний бүрэлдэхүүнтэй хэвлэл мэдээлэл, аялал жуулчлалын салбарынхан оролцсон баг Монголд ирэх гэж байна.

-Өвлийн аялал жуулчлал гэдэг ч юм уу, ер нь төрөлжсөн аялал жуулчлал хөгжиж байна уу?

-Төрөлжсөн аялал жуулчлал хөгжинө гэдэг тухайн салбар чөмөг сууж буйн шинж л дээ. Өөрөөр хэлбэл хөрөнгөтэй, хуримтлалтай болж байгаа гэсэн үг. Манайд төрөлжсөн аяллын нэлээд хэдэн компани бий. Уулын аялал, адал явдалтай аялал гээд л. Тухайлбал, “Mongolia Bike Challenge” гэдэг нэртэй дугуйн аяллыг ралли хэлбэрт оруулаад хийж байна. Уг ралли энэ оны долдугаарын сарын 20-нд Сүхбаатарын талбайгаас гараагаа эхэлж, 20 гаруй хоногийн хугацаанд үргэлжилнэ. Өнгөрсөн жил энэхүү дугуйн аялалд 100 гаруй сонирхогч орсон бол энэ онд 200 болох төлөвтэй.

-Уулын ам болгонд л бараг аялал жуулчлалын бааз байна. Энэ салбарт маш олон жижиг “тоглогчид” байгааг Та юу гэж үздэг вэ?

-Аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүд маань хэтэрхий жижгэрчихсэн нь үнэн. Хүчин чадал нь бага байгаа учраас хувиа хичээсэн аж ахуйн маягтай болчихсон, хуримтлал үүсгэж, эргээд бизнесдээ хөрөнгө оруулж чадахгүй байна. Эрэлтээсээ давчихсан нийлүүлэлт аялал жуулчлалын салбарт буйн нэг жишээ нь жуулчны бааз юм л даа. Ер нь Монголын 300 гаруй тур оператороос идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 60. Тэднээс хамгийн сайн нь 5-6 компани бий. Үүний дотор гаднын нэг компаниас 1000 жуулчин авдаг нь ганц, хоёрхон.

-Дэлхийн жишгээр бол жуулчдын 20 хувийг VIP аялагчид эзэлдэг гэж Та хэлсэн. Монголд VIP жуулчин ер нь ирдэг юм уу?

-Харьцангуй цөөхөн ирдэг л дээ. 5-10 хувьтай л байгаа болов уу. Монголд таван одтой зочид буудал байгаа ч зам нь хаа байгаа юм бэ? Өндөр зэрэглэлийн аялагчид шороон замаар давхиж Монголыг үзэхгүй нь лавтай. Уг нь ийм аялагчид их мөнгө төлж чадна. Харамсалтай нь манайд тэдэнд үзүүлэх үйлчилгээ тааруу. Яах вэ, уул уурхайн буянаар VIP аялагчдын тоо сүүлийн үед өсөж байна. Таван одтой буудалд буучихаад, уул уурхайн хэлэлцээрээ хийчихээд, ганц хоёр хоног аялал хийчихээд буцдаг хүмүүс олширч байгаа гэх үү дээ. Гэхдээ энэ тал дээр манай компаниудын хурд, сэтгэлгээ хоцроод байх шиг санагддаг. Хаана олон улсын том хурал болох гэж байгааг мэдээд, оролцогчдод нь аяллын хөтөлбөрөө танилцуулаад аваад явах санаачилга дутмаг байх шиг байна.

-Уул уурхай аялал жуулчлалын салбарынхныг хүнд байдалд орууллаа гэж яриад байгаа. Долларын ханш сулрахын зэрэгцээ хэлний мэдлэг сайтай, өндөр чадвартай мэргэжилтнүүдийг уул уурхайн компаниуд мөнгөөр зодоод “урвуулчихаад” байна гэх юм...

-Энэ нь зөвхөн аялал жуулчлал ч биш, бүх салбарт л ажиглагдаж байна шүү дээ. Төр энэ тал дээр бодлого гаргаад яаралтай арга хэмжээ авах ёстой. Бид Монголбанкинд ханшийн хэлбэлзлийн талаар асуудал тавихад Л.Пүрэвдорж ерөнхийлөгчөөс хариу ирсэн л дээ. Банк хоорондын хэлцлүүд байдаг юм байна, тэрийг нь бид ашиглах боломжтой юм билээ. Энэ мэтээр бид өөрсдөө идэвхтэй ажиллах хэрэгтэй. “Өө, асуудал гараад ирлээ” гээд суух биш, шийдэх арга замаа бодох ёстой. Валютын ханшийн асуудал зөвхөн энэ жил биш, ирэх жилүүдэд ч газар авах шинжтэй байна. Үүний хажуугаар үнэ нэмэгдээд байгаа нь бас нэг дарамт болж байгаа л даа. Монголд бараа, үйлчилгээ үнэтэй болчихдог, дагаад үнээ өсгөх гэхээр чаддаггүй, бусад орноос үнэтэй болоод, өрсөлдөх чадвараа алдах гээд байдаг. Мэдээж энэ нь аялал жуулчлалын компаниудад хүнд тусна. Тэглээ гээд бид төрийг үнэ хямдруул гэж болохгүй шүү дээ. Бид өөрсдөө хөдлөх ёстой юм, яагаад гэвэл бид л бизнес хийж байгаа. Манай жуулчны баазууд хамжиж, хамтрах хэрэгтэй. Ингэснээр боловсон хүчний орон тоо хэмнэнэ, төрд дуу хоолойгоо хүргэнэ, зар сурталчилгааны хөнгөлөлт эдэлнэ, үйлчилгээний шинэ туршлага харилцан солилцоно, үнийн хүндрэлээс гарна гээд олон сайн талтай. Тэнд 100 хүнтэй, энд 100 хүнтэй, харин зочид буудал хоногийн 100 доллар гээд байдаг. Тэвэл хоёулаа нийлээд 200 хүн оруулья, 90 доллар болгоод хямдруулчих гэж болно шүү дээ . Тэр зочид буудал нь ч 200 хүн авахын тулд үнээ буулгана. Товчхондоо, бид хамтарч, нэгдэж байж л хүндрэлийг даван туулах юм.

-Уул уурхайн орлогоороо бусад салбараа төрөөс дэмжинэ л гээд байгаа. Тэгвэл аялал жуулчлалын салбарт энэ нь мэдрэгдэж байна уу?

-Уул уурхайн орлогыг аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт зарцуулах гэж төр ч төлөвлөж байгаа юм билээ, бид ч хүсэж байгаа. Яагаад гэвэл энэ хоёр салбар маань бусад салбараа хамарчихдаг. Ер нь бид өнөө маргаашийн тухай ярих хэрэггүй. Урт хугацааны бодлого хэрэгтэй. Аялал жуулчлалын салбар маань жилдээ 10-15 хувийн өсөлттэй байгаа. Гэхдээ одоо тооноос чанарт шилжих цаг иржээ. Зохион байгуулалттай жуулчдыг нэмэгдүүлэх ёстой. Нэг компаниас 1000 жуулчин авдаг компани Монголд ганц, хоёр байна гэдэг чамлахаар үзүүлэлт шүү дээ. Эхний ээлжинд 5-10 болгох хэрэгтэй, цаашдаа 100 болгох зорилго өвөрлөх учиртай. Японоос л гэхэд жилд 20 сая хүн гадагшаа явдаг. Бид гэтэл тэдний 13-хан мянгыг л авч байгаа. Тэгвэл 20 мянган япон жуулчин авах гээд ажиллая л даа. Энэ мэт алсыг харсан бодлого хэрэгтэй.