Обамагийн нүүрсхүчлийн хийг бууруулах төлөвлөгөө

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус улсад шинээр баригдсан цахилгаан станцуудын нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг бууруулах талаар санал, санаачилга гаргажээ. Агаар, байгаль орчны бохирдол дэлхийн дулаарлын гол эх үүсвэр болоод буй өнөө үед бохирдлын хэмжээг бууруулах гэсэн Обамагийн санаачилга тус улсын хэмжээнд анхных аж.

Тус улсын Байгаль хамгаалах агентлагийн дарга Жина Макарти “Нүүрсхүчлийн хий ялгаруулалтаас үүдсэн уур амьсгалын өөрчлөлт өдгөө хүн амын эрүүл мэндэд хамгийн ихээр аюул заналхийлж буй хүчин зүйлсийн нэг” гэжээ. Тэрбээр уг төлөвлөгөө нь шинээр байгуулагдсан хийн түлшээр ажилладаг цахилгаан станцуудын нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулах хэмжээг нэг мегаватт цагт 450 кг хүртэл, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын хувьд 495 кг хүртэл тус тус бууруулах боломжтой хэмээн тооцоолж буй.

Одоогийн байдлаар тус улсад нүүрсээр ажилладаг цахилгаан станцын CO2 ялгаруулах хэмжээ цагт дунджаар 810 кг байна. Хэрэв Обамагийн зүгээс санал болгосон төлөвлөгөө дэмжигдвэл АНУ-ын байгалийн хийн нийт ялгаруулалтын гуравны нэгийг эзэлдэг цахилгаан станцуудын нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг хязгаарлах сайн талтай ажээ.

Уг стандартыг дагаж мөрдөхийн тулд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудад нүүрсхүчлийн хийг гадагш ялгаруулдаггүй технологийг ашиглан, холбогдох тоног төхөөрөмжийг суурилуулах шаардлагатай. Харин АНУ-ын нүүрсний салбарынхан энэхүү технологи хэтэрхий өндөр зардалтай гэж үзэж байна.

Дуусдаггүй хог, хаягдал

Обама АНУ-ын цахилгаан станцуудаас ялгарч буй “Нүүрсхүчлийн хийн бохирдлын дуусдаггүй хог, хаягдал”-ыг зогсоох талаар өмнө нь дурдаж байсан удаатай. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолынхоо үеэр уур амьсгалын өөрчлөлтийн тал дээр ихээхэн анхаарна гэдгээ амласан юм.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш боловсруулсан Обамагийн уг төлөвлөгөө өнгөрсөн баасан гарагт олны хүртээл болсон даруйдаа АНУ-ын нүүрсний салбарынхан болон Конгресст суудалтай Бүгд найрамдах намынхны эсэргүүцэлтэй тулгараад буй. Тус улсын эрчим хүчний нийт хэрэглээний 40 орчим хувийг нүүрсээр ажилладаг цахилгаан станц эзэлдэг бөгөөд энэ тоо сүүлийн жилүүдэд харьцангуй буурах хандлагатай байгаа аж.

Харин Обамагийн төлөвлөгөөний хувьд санал, хүсэлт авах хугацаа 60 хоног үргэлжлэх бөгөөд тус улсын Засгийн газрын албаны хүмүүсийн хэлж буйгаар ирэх оны намраас хэрэгжиж эхэлнэ гэсэн хүлээлттэй байна.