Обама шүүмжлэлийг хэрхэн хүлээж авах бол?

Их Британийн цаг уурын өөрчлөлтийг хариуцсан яамны сайд Грег Баркэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг цаг уурын өөрчлөлтийн эсрэг дорвитой улс төрийн алхам хийхгүй байгаа талаар шүүмжилллээ.

Тэрбээр “Бидэнд зөвхөн түүний тавьсан илтгэл, хэлсэн үг бус үйлдэл хэрэгтэй байна. Обама ярьж байгаа газраа юм хийж, дотооддоо хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна” хэмээн өнөөдөр Лондон хотноо болсон хурал дээр хэллээ. Мөн тэрбээр “АНУ ногоон хөгжлийн тал дээр бидэнтэй нэгдэхгүй юм бол бид хэзээ ч дэлхий дахиныг хамарсан гэрээ байгуулж чадахгүй” гэв.

Ирэх долоо хоногт НҮБ-ийн цаг уурын өөрчлөлтийн ээлжит хурал Өмнөд Африкийн Дурбан хотноо болох бөгөөд дэлхийн 190 гаруй орноос төлөөлөгчид оролцоно. Гэвч Орос, Япон, Канад улс 2012 оны эцсээр дуусах 1997 оны Киотогийн протоколоор хүлээсэн үүргээ шинэчлэн, хүлэмжийн хийг багасгах тал дээр шинэ үүрэг хүлээхээсээ татгалзаад байгаа учир ирэх долоо хоногт болох хурал үр дүнгүй болж мэднэ хэмээн судлаачид үзэж байна. Тэд дэлхийд хүлэмжийн хийн ялгаруулалтаараа тэргүүлэгч гурван улс болох АНУ, Хятад болон Энэтхэгийн оролцоо муу байгаа учраас ийм алхам хийж байгаа хэмээн ярьж байна.

Обамагийн хувьд өөрийн орны хүлэмжийн хийг 2020 он гэхэд 17 хувиар багасгах төлөвлөгөөг тавьж байсан бөгөөд одоогоор Конгрессоос дотоодын цаг уурын тухай хуулийг батлаад байна.

“Обама ерөнхийлөгч болохдоо цаг уурын өөрчлөлтийн талаар олон сайхан арга хэмжээ авна хэмээн ярьж байсан санагдаж байна. Гэвч миний бодлоор одоогоор энэ тал дээр улс төрийн шийдвэртэй арга хэмжээ авсан зүйл байхгүй байна. Боломж байсаар байхад арга хэмжээ авахгүй байна гэдэг маш их зүйл алдаж байгаагаас ялгаагүй гэж бодож байна” хэмээн Баркэр хэллээ.

Өнөөдөр Баркэр өөрийн Twitter веб сайт дээрх хуудсандаа Обамад хандан “Обама: Цаг уурын өөрчлөлтийг бид тоохгүй өнгөрөөж болохгүй. Үүнээс үүдэн гарч буй байгалын гамшгуудыг бид харж байна. Тухайлбал далайн түвшин эрс нэмэгдэж байгаагаас Номхон далайн орнуудад аюул учирч байна. Ийм үед ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн бичсэн байна.