Ойрх Дорнодын дайн болон Азийн эрчим хүчний шилжилт

Mongolian Economy
2026-05-13 19:39:02
Ангилал: Эдийн засаг

Персийн буланг Оманы булантай холбодог Ормузын хоолой нь Азийн эрчим хүчний аюулгүй байдлыг сорьсон төвөгтэй цэг болоод байна. Гуравдугаар сарын сүүлээр Ойрх Дорнодод дайн дэгдсэний дараа, Филиппин улс үндэсний хэмжээнд эрчим хүчний онц байдал зарласнаас эхлээд Ази Номхон далайн бүсийн гол сул тал ил болсон. Тайланд, Малайз, Вьетнам, Индонез зэрэг бүс нутгийн бусад орнууд даруй эрчим хүчээ нөөцлөх онцгой арга хэмжээ авах болов.

Эдгээр үйл явдал эрчим хүчний өдөр тутмын хэрэгцээ болон урт хугацааны шилжилтийн хоорондох гүнзгийрч буй зөрчлийг ил болгож, бүс нутгийн эрчим хүчний шилжилтэд эргэлзэхэд хүргэлээ.

Ормузын хоолой яагаад Ази тивийг боомилж байна вэ?

Энэ нарийн хоолойгоор дамжин өнгөрдөг түүхий нефтийн 80 орчим хувь Азийн зах зээлд нийлүүлэгддэг. Хятад, Энэтхэг, Япон улс гол импортлогчид юм. Зүүн Өмнөд Ази л гэхэд газрын тосны 55 хувийг Ойрх Дорнодоос авч, бүс нутгийн эрчим хүчний эцсийн хэрэглээний 28 хувийг шууд тасалдах эрсдэлд оруулж байна.

Энэ бүх асуудал бүс нутгийн нефть боловсруулагчид болон эрчим хүчний үйлчилгээ үзүүлэгчид, аж үйлдвэрийн салбарынханд шууд шок үүсгэсэн.

Филиппин, Тайланд зэрэг эрчим хүч импортлогчдын хувьд газрын тосны үнэ өссөнөөр цахилгаан эрчим хүчний өртөг нэмэгдэн, аж үйлдвэр, тээвэр, айл өрхүүдийн зардал ихсэв. Түүнчлэн түлшний үнэ өссөнөөр хэдхэн долоо хоногийн дотор эрчим хүчний тасалдал үүсгэж, үйлдвэрлэл удааширч, өрхийн орлого буурч, бүс нутгийн улсуудын төсөвт дарамт учруулсан. Зүүн Өмнөд Азийн орнуудын импортын зардал сар тутамд 3,36 тэрбум ам.доллараар нэмэгдэн, 2026 оны төлөөллөөс 3,4 хувиар даваад байна.

Хямрал хэрхэн Азид ноцтой хэмжээний эмзэг байдал үүсгэв?

Азийн зах зээл нь Катар, Арабын Нэгдсэн Эмират улсын байгалийн хийн экспортын гол цэг. 2025 онд, Ормузын хоолойгоор экспортлосон хийн 90 орчим хувь энэ зах зээлд ногдож байсан бол Европынх 10 гаруй хувьтай байлаа. Энэ нь 2022 онд Москва Украинд халдсаны дараа хийн импортын дэд бүтцээ төрөлжүүлсэн Европтой харьцуулахад Азийн улсуудын нийлүүлэлтийн эх үүсвэр хязгаарлагдмал байгааг харууллаа. Бангладеш, Пакистан, Энэтхэг улс 2025 онд энэ хоолойгоор нийлүүлсэн байгалийн шингэрүүлсэн хийн 60 гаруй хувийг импортложээ. Энэ нь одоо ч эрчим хүчний үйлдвэрлэл, аж үйлдвэрийн салбарт ноцтой үр дагавар дагуулж  байна.

Богино хугацааны хамгаалалт уу, урт хугацааны шилжилт үү?

Малтмал түлшний нийлүүлэлттэй холбоотой геополитикийн энэхүү хямрал нь эрчим хүчний системээ төрөлжүүлэх, дотоодын сэргээгдэх эрчим хүчийг идэвхжүүлэх стратегиа бэхжүүлэх, болон богино хугацаанд малтмал түлшинд тулгуурлах гэсэн хоёр сонголтыг тулгаж байна. Хэрэглэгчдээ хамгаалах улс төрийн дарамт шахалт хаа сайгүй газар авснаар малтмал түлшийг дэмжих сонирхол дахин сэргэж, цэвэр эрчим хүчний санхүүжилтийг бууруулж байна.

Түлшинд татаас олгох, татварыг бууруулах гэх мэт арга хэмжээ инфляцыг түр зуур сулруулж болох ч санхүүгийн хувьд зардал ихтэй, нэгэнт хэрэгжсэн хойно өөрчлөхөд төвөгтэй байдаг. Жишээлбэл, хямрал эхэлснээс хойш Малайз улсын түлшний татаасанд сар бүр зарцуулдаг төсөв тав дахин нэмэгджээ. Богино хугацаанд хүлэмжийн хийн ялгаруулалт ихсэх нь асуудал биш, харин шуурхай арга хэмжээ тогтмолжих магадлалтай, дахин хямрал болохоос сэргийлэхийн тулд хөрөнгө оруулалтуудыг эрчимжүүлэх шаардлагатай.

Азийн улс орнууд эдгээр шокноос гарахын тулд үнийн хяналтыг нийлүүлэгч талын оролцоотой хослуулж байна.

БНСУ түлшний үнэд хязгаар тогтоож, татварыг бууруулах замаар үүнийгээ өргөжүүлж, нүүрсний олборлолтод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа. Энэтхэг улс нүүрсний станцууддаа дээд хүчин чадлаараа ажиллах үүрэг өгч, Бангладеш, Тайланд, Вьетнам эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой болгоомжлол газар авснаас нүүрсний гарцаа өсгөжээ. Зарим улс төрийн албан хаагчдаа ажлын дөрвөн өдөртэй болгож, эрчим хүчний хэрэгцээгээ хязгаарлахын тулд зуны улиралд тогтоосон оффисуудын өрөөний хэмийн дээд хязгаарыг дээшлүүлжээ.

Гэхдээ боломжтой бүхий л арга хэмжээг авах нь үнэ болоод хяналтын хувьд сайн хувилбар. Тухайлбал, Вьетнамын Засгийн газар сүүлийн жилүүдэд нарны эрчим хүчний үйлдвэрлэлээ эрчимжүүлсэн нь цагаа олсон хамгаалалт болсноос гадна сэргээгдэх эрчим хүчинд эрт шилжсэн улс орнууд эл хямралыг хамгийн сайн тэсэн давж буй. Үүний нэг тод жишээ нь нийлүүлэлтийн олон эх үүсвэртэй, сэргээгдэх эрчим хүчний салбараа эрчимтэй тэлж, Ойрхи Дорнодын газрын тосноос хамааралтай байдгаа багасгасан Хятад улс юм. Гэхдээ Ормузын хямралаас үүдэлтэй энэ бүх сургамжийг бодлого тодорхойлогчид ойшоох эсэхээс Азийн эрчим хүчний шилжилтийн хувь заяа хамаарна.

Сэтгүүлч Б.Даваажав

Mongolian Economy