Ой цэвэрлэх ажил Төв аймгаас эхэлнэ

Засгийн газраас “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөр баталсан. Уг ажлын хүрээнд энэ жил хоёр аймгийн таван сумын ойг цэвэрлэхээр төлөвлөжээ. Үүний нэг ньТөв аймаг. Тус аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт сумын ойг цэвэрлэж, 39600 шоо метр мод бэлтгэх юм байна. Үүний 30250 нь түлээний, 9350 шоо метр нь хэрэглээний мод байх юм. Ой цэвэрлэх ажилд ажилгүй иргэд, оюутан, сурагчдыг дайчлан оролцуулах аж. Тус аймгийн 13 сум ой мод ихтэй. Тэд өнгөрсөн жил БОНХЯ-наас гаргасан шийдвэрээр 35.000 шоо метр мод бэлтгэсэн байна.
Төв аймгийн ойгоос хулгайгаар мод бэлтгэх зөрчил сүүлийн жилүүдэд нэмэгднэ байгааг хууль хяналтын байгууллагынхан хэлж буй. Тэд ойн залуу, хуурай моддыг хөрөөдөж унагаад, гишүү мөчрийг нь орхидог. Тэр нь түймэр гарах, хорхой шавьж үүрлэж үржих нөхцөл бүрдүүлдэг аж. Тиймээс ой цэвэрлэх ажлыг тус аймгаас эхлүүлж буй юм байна.