Олимпийн нөлөө Японд

2020 оны Олимпийн наадмын гийчид Япон улсад саатахаар боллоо. Тус наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болсон Япон улсын хувьд спортын уг арга хэмжээ нь эдийн засгийн чадавхаа харуулах чухал ач холбогдолтой хэмээн олон улсын шинжээчид үзэж байгаа. Олимпийн наадмын зохион байгуулах эрхийн төлөө аралын орны Ерөнхий сайдаар ахлуулсан кампанит ажлын хэсэг ийнхүү ялалт байгуулсан нь тус улсын эдийн засагт эерэг түлхэц болно гэх хүлээлт бий болгож байна.
Өнгөрсөн даваа гаригт тус улсын албаныханы мэдээлснээр Олимп зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх болсноос хойш Японы эдийн засаг өсөх болсон. Энэ оны хоёрдугаар улиралд л 3.8 хувиар тэлээд буй эдийн засгийн эл өсөлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.2 хувиар ахисан үзүүлэлт болсон аж. Түүнчлэн Японы эдийн засгийн шинжээчид Олимпийн наадмын ачаар тус улсын ДНБ 0.3 хувиар өсөх таамаг гаргаад байна. Тус наадмыг зохион байгуулахаар Японы Засгийн газар 7.5 тэрбум ам.доллар төсөвлөж, 30 тэрбум ам.долларын ашиг олно хэмээн үзсэн төдийгүй 150 мянган ажлын байр шинээр бий болгоно гэсэн хүлээлттэй байгаа аж.
Өнгөрсөн онд Лондон хотноо болсон Олимпийн наадам Английн ДНБ-нд 0.8 хувийн өсөлт авчирсан тухай “Morgan Stanley MUFG Securities”-ийн Японы эдийн засаг судлалын төвийн дарга Роберт Фэлдман онцолжээ. Харин ДНБ-ийх нь 230 хувьтай тэнцэх буюу 10.5 их наяд ам.долларын өртэй “тулалдаж” буй Японы хувьд спортын наадмын төсвийг хэрхэн бүрдүүлэх, зарцуулах асуудал тодорхой бус байгааг шинжээчид анхааруулж байгаа.
Наадамд зориулж 80 мянган хүний суудал бүхий шинэ цэнгэлдэх болон Олимпийн хотхоныг барих бөгөөд тус бүрт нэг тэрбум ам.доллар зарцуулна гэсэн тооцоо бий. Гэтэл энэ нь Японы 2013 оны улсын төсөвт нэмж оруулахаар шийдвэрлэсэн 995 сая ам.долларыг хоёр дахин нэмэгдүүлсэн зардал юм. Энэ мэт хэтэвчээсээ хэтэрсэн тооцоо гаргаж буй нь Абэномикст багагүй хүндрэл учруулна хэмээн шинжээчид шүүмжилж байна. Гэсэн ч 2020 оны Токиогийн Олимпийн ерөнхий хорооны мэдэгдэж байгаагаар 7.5 тэрбум ам.долларын төсөв өмнөх хоёр наадмын төсвөөс харьцангуй бага тоо гэнэ. Түүнчлэн Олон улсын Олимпийн хороо Токио хотыг хамгийн зөв сонголт гэж үзэж байгаа юм. Учир нь түүхэн уламжлалыг орчин цагтай хослуулж чадсан тус улсад зочид таатай ханддаг төдийгүй их хөлийг хүлээж авах дэд бүтэц бүрэн хөгжсөн гэдгийг тус хорооны удирдлагууд онцолж байна.