Олимпийн хотхонд хөгжил үргэлжилсээр

Жон Александр Армитт 2007 оны есдүгээр сард Их Британийн Олимпийн хорооны тэргүүнээр сонгогдон өдгөө хүртэл ажиллаж байгаа бөгөөд “City and Guids of London” хүрээлэнгийн захирал, “National Express Group” тээврийн компанийн захирал, “Berkeley Group” компанийн орлогч захирал, Лондон хотын тээврийн газрын орлогч захирлын албан тушаалыг тус тус хашиж байжээ. Тэрбээр Инженер, физикийн шинжлэх ухааны судалгааны зөвлөлийн тэргүүн байсан бөгөөд Хатан хааны инженерийн академи, Иргэний инженерийн хүрээлэнгийн гишүүн юм.

Тэрбээр өнгөрсөн оны Лондонгийн Олимпийг олон олон хүний сэтгэлд хоногштол зохион байгуулж, ялангуяа шинэ хөгжлийн бодлогыг танилцуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм. “Mongolian Economy” сэтгүүлийн тусгай баг Лондонд түүнтэй ийн ярилцсан юм.
-Лондонгийн Олимп бусдаас юугаараа илүү байсан гэж Та бодож байна вэ?
-Олимпийн тоглолт хаана болохоос үл хамааран нийтлэг тулгарах асуудал нь зохион байгуулагч орны Засгийн газар, орон нутгийн болон бүс нутгийн захиргаа байдаг. Ихэнх тохиолдолд энэ гурван нэгж хамтран үр дүнтэй ажилладаггүй нь харилцан адилгүй зорилготой байдгаас үүдэлтэй. Олимп зохион байгуулах бидний ажилд дэмжлэг үзүүлэх үүднээс манай орны улс төрийн хоёр том нам хоорондоо ер бусын нэгдмэл байж чадсан. Манай Олимпийн хороо хөгжлийн төлөөх байгууллага учраас Засгийн газар төлөвлөлт хийх эрх мэдлийг бидэнд өгсөн. Тиймээс бидний хувьд орон нутгийн засаг захиргаатай зөрчилдөхөд хүргэх энгийн нэг төлөвлөгөө боловсруулах утгагүй байв. Харин эрх мэдлийнхээ хүрээнд орон нутгийн засаг захиргаатай уулзаж, зөвшилцсөн. Бид тэднийг сайн сонсож, улмаар юу хийх гэж байгаагаа ойлгуулж чадсан. Үүнд л гол ялгаа нь оршиж байгаа.
Олимпийн тоглолтыг зохион байгуулахад хамгийн чухал нь цаг хугацаа. Бусад ямар ч төсөл, хөгжлийн хөтөлбөрт цаг алдах, хоцрох асуудал байж болдог. Харин Олимпийн хувьд хором ч хоцрох эрхгүй. Дэлхий нийт юу хийж байгааг чинь алхам тутам ажиж байгаа шүү дээ.
Энэ ажлыг эхэлснээс хойш хамгийн чухал нь цаг гэдгийг бид өөрсдөдөө ч хэлж байсан. Тиймээс бүгдийг нарийн төлөвлөсөн тул тоглолт эхлэхээс нэг жилийн өмнө барилгын ажлаа дуусгаж чадсан. Бүтэн жилийн хугацаанд бэлтгэл ажил хэвийн явж байгаа эсэхийг шалгаж, туршсан. Олимпийн наадмыг зохион байгуулж байсан зарим оронд долоо хоногийн өмнө ч бэлтгэл ажил нь дуусаагүй сандралдаж байсан удаатай. Бид тэр эрсдэлийг бууруулахыг зорьсон.
-Нууц биш бол нийт хэдий хэмжээний төсөвтэй байсан бэ?
-Төсвийн хувьд үндсэн зардал дээр гарч болзошгүй зардлыг 30 хувиар нэмж тооцсон. Бидний төсөв нийт зургаан тэрбум фунт стерлинг (9.2 тэрбум ам.доллар)байснаас талыг нь зарцуулсан.
Гарч болзошгүй зардлыг тооцох нь төлөвлөлт хийх үед маш чухал бүрэлдэхүүн хэсэг. Учир нь төлөвлөсөн зардлаа яг таг зарцуулаад ажлаа дуусгана гэж урьдчилан хэлэх боломжгүй. Энэ нь зардлаа оновчтой гаргахыг оролдож буй хэрэг. Төсвийг мэдрэмжтэй гаргаж чадвал тухайн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд илүү дөхөмтэй. Зардлыг хэт бага тооцвол тэр хэмжээгээр олон бэрхшээл үүсч, асуудлаас гарахын тулд бүр ч их мөнгө зардаг.
-Томоохон төслүүдийн хувьд анх төлөвлөснөөрөө дуусгаж чадалгүй цагаасаа хоцрох, төсвөө хэтрүүлэх нь нийтлэг үзэгдэл гэж зарим хүн хэлдэг. Та үүнтэй санал нэгддэг үү?
-Би үүнтэй огт санал нэгддэггүй. Аливаа төслийг хөрөнгө оруулалтын шатанд сайтар бодож, төлөвлөн, хүмүүс эрсдэлийг үнэлэхэд ихэнх тохиолдолд хангалттай цаг хугацаа зарцуулдаггүй. Тухайн хөтөлбөрийн хүрээнд төлөвлөлтөд зөв зүйтэй, сайтар бодож тунгаах завдал өгөлгүйгээр барьж босгох ажлыг аль болох хурдан эхлүүлэх дарамт шахалт улстөрчдийн зүгээс ирэх нь элбэг. Тиймээс төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол илүү төсөв, илүү цаг зарцуулахад бэлтгэлтэй байх шаардлагатай.
Өөр нэг зүйл нь төслийн хүрээнд санаа бодол байнга өөрчлөгдөх гээд байдаг тал бий. Өөрийн төлөвлөгөөнд тодорхой байх хэм хэмжээг барьснаар таны эргэлзээ багасах талтай. Үүнд цаг их орох нь бий. Төсөл хэрэгжих эхний жилд бодсоноос ч илүү их мөнгө үрэгддэг. Бидний хувьд долоон жилийн хугацаа байсан. Эхний хоёр жилийн хугацааг бодож боловсруулах буюу төлөвлөхөд зарцуулсан бол барилгын ажлыг дараах дөрвөн жилд гүйцэтгэж, Улсын комисс хүлээн авснаар дууссан. Харин
Олимпийн наадмын бэлтгэл ажилд сүүлийн нэг жилийг зарцуулсан.
Хүмүүс барилгын ажлыг аль болох хурдан эхлүүлэхийг хүсдэг. Гэвч энэ асуудлын учиг биш. Бидний хувьд төлөвлөгөөгөө өргөн хүрээнд боловсруулсан учраас тэр болгон өөрчлөөд байх шаардлага гараагүй.
-Олимпийн цогцолборыг байгуулах төсөлдөө ногоон хөгжлийн арга барилыг хэр тусгасан бэ?
-Зорилгоо сайн тодорхойлох хэрэгтэй гэж бодож байна. Зорилтуудаа тодорхой болгох нь Засгийн газрын зохицуулалтад ч хамаатай. Бидний баримталсан арга барил загвар зохион бүтээгчид, ханган нийлүүлэгчиддээ өөрсдийн зорилгын талаар бүгдийг тодорхой хэлсэн.
Бид нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 50 хувиар багасгах, бараа материал нийлүүлэх тээврийн хэрэгсэл зорчих замын тоог хамгийн доод түвшинд барих, цогцолборыг барихад шаардах цэвэр усны ашиглалтыг багасгах, бүх байгууламжид хэрэглэх эрчим хүчний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авах, барилгын ажлын явцад гарсан хаягдал материалын 95 хувийг дахин ашиглах зэрэг зорилт тавьсан. Эдгээр ажлын гүйцэтгэлийг хэмжихийн тулд маш тодорхой төлөвлөгөө гарган ажилласан байгаа.
Энэ утгаараа зорилгодоо хүрэхийн тулд хүмүүсийг бидэнтэй уулзаж, хамтран ажиллахыг уриалсан бөгөөд дээрх зорилтуудад хүрч чадсан. Бидний хувьд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах талаар өөрийн Засгийн газар төдийгүй дэлхий нийтийн хүчийг сорьсон хэрэг болсон гэж үзэж байна. Цогцолборын зураг, төслийг гаргасан хүмүүс Засгийн газар өөрсдийнх нь хийж буй зүйлийг үнэхээр хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, дэмжсэн тууштай бөгөөд тогтвортой арга хэмжээ авахыг хүсч байв. Энэ тохиолдолд хүн бүр оролцох эрх тэгш нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай. Тэд өрсөлдөөн дунд байсан учраас инноваци үүсгэн санаачлах хэрэгтэй байв. Өрсөлдөх чадвараа хадгалахын зэрэгцээ стандартад нийцүүлж чадсан.
-Хаягдал, бохирдлын асуудлыг шийдвэрлэх нь ногоон хөгжлийн санал, санаачилгын нэг хэсэг байсан уу?
-Хорин жилийн өмнө химийн бодисоор бохирдсон хөрсний асуудлыг шийдвэрлэх хялбархан шийдэлтэй байв. Хаа нэгтээ том нүх ухаад, хог хаягдлаа аваачаад булах. Хогийн цэг гэж нэрлэдэг шүү дээ.
Дээрх зүйлд нөлөөлөх хоёр хүчин зүйл бий. Нэгдүгээрт, Засгийн газар хогийн цэгт ногдуулах татварыг тогтоодог бөгөөд компаниуд хог, хаягдлаасаа салахын тулд мөнгө төлөх шаардлагатай. Тухайн хог хаягдлын хэр хор, хөнөөлтэй байна тэр хэмжээгээр мөнгө төлөх хэрэгтэй бөгөөд мөн тэр хэмжээгээр хүндрэл учирдаг. Хоёрдугаарт, замын бөглөрөл, бохирдол үүсгэдэг ачааны автомашины тоог бууруулахыг зорьсон. Бөглөрөл, бохирдол тухайн бүс нутгийн оршин суугчдад ихээхэн хүндрэл учруулдаг. Хэрэв зардлыг бууруулж, тухайн орон нутгийн ард иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг сааруулах шаардлагатай гэж үзэж байгаа бол цорын ганц асуулт гарч ирнэ. Хөрсийг хэрхэн цэвэрлэх вэ?
Бид бохирдсон нийт хөрсний 95 хувийг цэвэрлэж, нөхөн сэргээлт хийсэн. Хаягдал бохирыг үлдсэн таван хувийн хэсэгт цуглуулсны дараа холбогдох төлбөрийг төлж, хогийн цэг дээр хаясан. Хамгийн чухал нь бид ашигласан талбайн 95 хувийг бүрэн цэвэрлэж чадсан. Үүнд мэдээж хөрөнгө зардал их орсон л доо. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах бидний эрмэлзэлтэй холбоотой.
-Олимпоос та бүхэн юу суралцсан бэ?
-Бид хамтарч ажилласан бүх компанийнхаа талаар судалгаа хийсэн. Үүнд хамгийн сайхан санагдсан зүйл нь хамтын ажиллагаа.
Барилгын ажлыг анх эхлүүлж байсан үеийг эргэн санахад улстөрчид энгийн үед байдгаасаа хамаагүй идэвхтэй хамтран ажилласан. Тэд байнга л маргалдаж байдаг шүү дээ. Харин энэ ажлын хүрээнд улстөрчид бүх түвшинд гэрээ, хэлцлийг хийж байв. Ард иргэд ч бидэнтэй хамтран ажиллаж, бие биенээ дэмжиж байлаа. Тэд хамтдаа амжилтад хүрнэ, эсвэл хамтдаа унана гэдгээ сайтар ухамсарлаж байсан. Энэ төсөл дээр ард иргэдийн оролцоо үнэхээр сайн байсан гэдгийг онцлох ёстой.
-Өмнөх төслүүдтэй харьцуулахад энэ төсөлд ямар үнэлгээ өгөх вэ?
-Гарсан үр дүнгээрээ энэ төсөл хамгийн шилдэг нь байх. Миний ажигласнаар энэ төсөл хэрэгжих явцад олон зүйл хэвийн хэм хэмжээнээс илүү хурдацтай хийгдэж байв. Хүмүүс шинэ сорилт, бэрхшээлтэй тулгарахад бэлэн байсан. Төсөл хэрэгжүүлэх нь үйл ажиллагаа нь ид өрнөж буй бизнесийг удирдахаас илүү хялбархан гэж би үздэг. Төсөлд тодорхой алсын хараа, зорилтыг шинээр тавих боломжтой бөгөөд бизнесийг бодвол харьцангуй богино хугацаанд хэрэгждэг. Харин бизнест илүү урт хугацаа шаардагдах бөгөөд холбогдох зах зээлд юу болоод байгааг олж мэдэх зайлшгүй шаардлагатай тулгардаг. Хүмүүс гол төлөв илүү тогтвортой орчинд амьдрах сонирхолтой. Тэд аливаа өөрчлөлтөнд дуртай биш байдаг. Тэдний сэтгэлийн хөдлөлийн мэдрэмжийг төрүүлнэ гэдэг тун хэцүү. Харин төсөл санаачилж, хэрэгжүүлснээр хүмүүсийн сэтгэл хөдлөлийн утсыг хөндөхөд илүү хялбар байдаг.
Миний эрхэлдэг ажлуудаас хамгийн бэрхшээлтэй нь төмөр замын байгууллагын гүйцэтгэх захирал. Энэ бол Олимпийн цогцолборыг барьж байгуулахаас илүү хүнд хүчир ажил. Гэхдээ ажилдаа сэтгэл дүүрэн явдаг.
-Дараагийн том алхам юу вэ?
-Энэ тал дээр бидэнд тулгарч буй сорилт бол Олимпид хийсэн хөрөнгө оруулалтын үр ашгийг хүмүүст харуулах. Учир нь, энэ хөрөнгө оруулалт 10-20 жилдээ үр өгөөжөө өгсөөр байх боломжтой. Олимпийн тоглолтыг зохион байгуулсан орнуудын хувьд сайхан, муухай дурсамж, түүхийн аль аль нь үлдэж хоцорсон байдаг.
Олимпийн цогцолборыг цаашид хэдэн жил хэрхэн ашиглах тал дээр Олимпийн наадам эхлэхээс гурван жилийн өмнө цогцолборыг хариуцан ажиллуулах компанийг байгуулах шийдвэрийг бид гаргасан. Өнөөдөр Лондонгийн Олимпийн хотхонд хөгжил, дэд бүтцийн ажил үргэлжилсээр байгаа бөгөөд бид 7000 орон сууц нэмж барихаар төлөвлөөд байна. Тэнд хоосон, хүнгүй барилга байгууламж байхгүй болно. Тоглолт болсон бүс нутгийг хөгжүүлсээр байх болно. Олимпийн тоглолтыг зохион байгуулах нь сайн үр дүнд хүргэсэн гэдгийг хүмүүс 2013 онд биш, харин 2025 онд илүүтэй ярилцаад сууж байх болно.