Олон улсад чамлагдсан Хятадын шийдвэр

Хятад улс удааширч буй эдийн засгаа сэргээх “өндөр хүчдэл” өгөхийн тулд цөөнгүй санаачлага гаргаж буй. Түүний нэг нь мөнгөн тэмдэгтийнхээ ханшийн хяналтыг аажим сулруулна гэдгээ мэдэгдсэн үйлдэл билээ. Гэсэн ч Америк болон бусад худалдааны түншүүдийн зүгээс энэ нь ихээхэн шүүмжлэл хүртээд байгаа юм.
Хятад улс мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг хүчээр барьдаг орон. Харин энэ удаагийн шийдвэрээр юань мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг өдөрт хоёр хувиар хэлбэлзэж болохоор болсон.
Дотоод хэрэглээндээ суурилсан “Өөрөө өөрийгөө тэтгэгч” эдийн засагтай болно хэмээн төр давамгайлсан эдийн засагтай орны тэргүүнүүд мэдэгдсэний дараа энэхүү шийдвэр ил болсон нь гайхмаар зүйл биш гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Вашингтон болон бусад томоохон орны Засгийн газрууд Бээжинг юанийн ханшийг хүчээр барьж, Хятадын экспортын бараа бүтээгдэхүүнийг хямд өртөгтэй болгож, бусад гаднын өрсөлдөгч талуудын чадавхийг сулруулдагт ихээхэн гомдолтой ханддаг.
Хятад улс өнгөрсөн жил 260 тэрбум ам.долларын худалдааны илүүдэл буюу ашигтай байсан нь өмнөх жилээс 30 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Энэ нь ямар ч улсын хувьд түүхэнд байгаагүй өсөлт.
Хэдийгээр Хятадын эрх баригчид үндэсний мөнгөн тэмдэгтээ хяналтгүй, зах зээлийн жамаар хэлбэлздэг болгохоор төлөвлөж байгаа ч хувийн хэвшлийнхэн үүнийг дор хаяж 10 жилийн дараа биелнэ гэж харж байна.
Хятад улс 2005 оноос эхлэн юанийг ам.долларын эсрэг 20 хувиар өсөхийг зөвшөөрсөн ч 2008 оны санхүүгийн хямралаас үүдэн экспортлогчдоо хамгаалж үлдэхийн тулд энэхүү шийдвэрээ цуцалсан билээ.
Одоогийн байдлаар зургаан юань нэг ам.долларын эсрэг зогсож байгаа бол энэ оны дунд гэхэд 5.88 юань нэг ам.доллартай тэнцэж, хоёр хувиар юанийн ханшийг өсгөхөөр байна. Олон улсын валютын захын стандарттай харьцуулбал энэ нь дэндүү бага өсөлт ч Хятадын хувьд асар том алхам юм.