Олон Улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг хэлэлцэнэ

“Хүнсний аюулгүй байдал: Олон улсын туршлага, Монголд хэрэгжүүлэх боломж, арга зам” сэдэвт олон улсын бага хурал энэ сарын 9-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах гэж байна. Бага хурлаар олон улсын туршлага хуваалцахаас гадна хүнсний аюулгүй байдлын стандартыг Монголд хэрэгжүүлэх арга зам, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар санал солилцох юм.

Бага хуралд ОХУ, БНХАУ, Бүгд Найрамдах Литва Улс, ИБУИНВУ-ын хүнсний аюулгүй байдал эрхэлсэн байгууллагын удирдлага, шинжээчид болон ОУСК-ийн зөвлөхүүд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Европын холбоо, Дэлхийн банкны төлөөлөгч оролцож илтгэл тавихаар болжээ. Уг хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Олон улсын санхүүгийн корпораци, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа аж.