Онцгой албан татварын хуурамч тэмдэгт хилээр оруулахыг завджээ

Хүнсний бүтээгдэхүүний онцгой албан татварын тэмдэгтийг дуурайлган, хуурамчаар үйлдвэрлэж болдог юм уу, салбарын сайдтан, эрхэм төрийн түшээдээ.

Манайд үйлдвэрлэдэг архи, шар айраг тэргүүтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийн онцгой албан татварын тэмдэгт буюу чанарын баталгааг илэрхийлсэн нууцлалын өндөр зэрэгтэй тэмдэгтүүдийг БНХАУ-д үйлдвэрлэн оруулж ирсээр байна. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдөр Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлийн галт тэргээр ирсэн Д гэгч этгээд 60 мянга гаруй ширхэг архи болон шар айрагны онцгой албан татварын хуурамч тэмдэгт оруулж ирсэн байна. Тэрбээр цүнхтэй эд зүйлсээ таксинд мартаж бууснаар хуурамч тэмдэгтүүдийг илрүүлсэн байна. Энэ нь нэг удаагийн тохиолдол биш юм. Харамсалтай нь энэхүү хуурамч тэмдэгтийг гаалийн ажилтнууд хилээр нэвтрэхэд нь мэдээгүй бөгөөд энэ мэтээр хэчнээн мянган хуурамч тэмдэгт орж ирснийг таах аргагүй юм.
Манай улс 2000 оноос эхлэн онцгой албан татварын нууцлал бүхий тэмдэгтийг бараа бүтээгдэхүүний таганд лацдаж эхэлсэн бөгөөд энэ үеэс хуурамч тэмдэгт манай хилээр нэвтрүүлэхийг завдах болсон талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Бараа, бүтээгдэхүүний шошго, тэмдэгт хариуцсан байцаагч Б.Тогтох ярьсан. Хуурамч тэмдэгтийн цаана хүнсний аюулгүй байдалд заналхийлсэн, хүний эрүүл мэндэд хортой, чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүний далд үйлдвэрлэл байгааг ч дурдсан юм. Мөн монгол хаяг, шошготой хятадад үйлдвэрлэсэн бууз, банш, зарим төрлийн “Монголд үйлдвэрлэв” шошготой хүнсний бүтээгдэхүүн хилээр оруулахыг завдах тохиолдол цөөнгүй гардагийг ч онцолж байв. Хуурамч тэмдэгт хилээр оруулахыг завдсан 32 настай Д-г Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.