Органик хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний үйлдвэр байгуулна

Дэлхий дахинд эрчим хүчний хомсдол нүүрлэж буй энэ үед дулааны эх үүсвэрийн төрлийг нэмэгдүүлэх шаардлага гарч буй. Тэгвэл үүний нэг шийдэл органик хог , хаягдлыг ашиглаж дизель түлш, дулаан, нефтийн болон бусад төрлийн бүтээгдэхүүнийг гадны орнуудад өргөнөөр ашигладаг. Манай улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Экодизель” , “Мон Пити Ойл” “Фемер МTE”, “Алтан оршихуй” зэрэг таван үйлдвэрийн төлөөлөл өнөөдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Дэд сайд Б.Цогтгэрэл болон Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтнүүдтэй уулзлаа. “ЭН БИ ЭФ” компанийн ерөнхий захирал Б.Энхболд “Манай хог хагядлыг дахин боловсруулж, түлш үйлдвэрлэхээр ажиллаж буй үйлдвэрүүдэд хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, эдийн засгийн хувьд хөнгөлөлттэй зээл, хөтөлбөрт хамруулах чиглэлийн дэмжлэг хэрэгтэй байна” гэв. Тэднийг бодлогоор дэмжиж, үйлдвэрээ өргөтгөх чиглэлд анхаарах хэрэгтэй байгаа юм билээ. ҮХААЯ-ны Дэд сайд Б.Цогтгэрэл “Та бүхний саналыг хүлээж авах чиглэлд онцгой анхаарна. Юун түрүүнд Ашигт малтмалын тухай хууль батлагдсаны дараа боловсруулах үйлдвэрүүдэд зориулсан үйл ажиллагааны дүрэм, журам стандартыг гаргах болно” гэв. Эдгээр үйлдвэрийн заримынх нь үйл ажиллагаа болон ажлын явцад шаардлагатай дэмжлэгээс танилцуулъя.

Хог хаягдлыг дахин боловсруулж цахилгаан, дулаан үйлдвэрлэнэ

Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлаж буй “Монкор” компанийн “Мон Пити Ойл” үйлдвэр нь хаягдал дугуй болон ашигласан тосноос “RNW” дизель түлш, бензин болон идэвхжүүлсэн нүүрстөрөгч үйлдвэрлэх аж. Тус үйлдвэрийг цогцоор нь байгуулсанаар газрын хөрс, байгаль, экологид их хэмжээгээр хохирол учруулдаг хаягдал түүхий эдийг дахин боловсруулж, импорт орлох бензин, дизель, түлш болон импорт, экспортыг дэмжсэн нүүрстөрөгч гарган авахад чухал үүрэгтэйг компанийн удирлагууд онцолж байсан. Үйлдвэрт нийт 5.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Үүнээс хоёр сая ам.долларыг “Монкор” компани өөрийн хөрөнгө гарган, үйлдвэрийнхээ эхний ээлжийг барьжээ. Харин үйлдвэрийг цогцоор нь бүрэн барьж дуусгахад үлдсэн 3.9 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай юм байна. Харин “Ханбаян” компанийн ФЕМЕР-МТЕ үйлдвэр нь жилд 100.000 тонн органик бодис агуулсан холимог ахуйн болон үйлдвэрлэлийн хогийг боловсруулан дизелийн түлш, цахилгаан,дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Тус компани нь Герман улсын “ВИБАКОН” компаниас 55 сая еврог 15 жилийн хугацаатай, жилийн 3.4 хувийн хүүтэй зээлээр авахаар болжээ.

Нефтийн хараат байдлаас салгах шидтэй үйлдвэр


Мөн ГИТ компанийн “Автомашины хаягдал дугуй, резинэн түүхий эдээс нефтийн бүтээгдэхүүн гарган авах төсөл” нь автомашины хаягдал дугуйг боловсруулан нефтийн бүтээгдэхүүн гаргах технологийг нэвтрүүлэхээр зорьж буй юм. Тэдний тооцоолсоноор 1-2 жилийн дотор улсын хэрэгцээний нефьтийн 5-10 хувийг хангах бодит бололцоо аж. Улаанбаатар, Дархан, Налайх, Өмнөговь аймагт нээх боломжтой тус үйлдвэрт таван сая еврогийн санхүүжилт шаардлагатай байгаа аж. Хэрэв хөнгөлөлттэй зээлийг авах юм бол гурав орчим жилийн дотор зээлээ буцаж төлөх боломжтой гэдгийг тус үйлдвэрийн ерөнхий захирал Л.Бат-Эрдэнэ хэлсэн. Уг үйлдвэр нь эхний ээлжинд жилд 9000 тонн хаягдал дугуй боловсруулж 3600 тонн нефть орлох шингэн бүтээгдэхүүн, 3150 тонн хар карбон 450 тонн төмөр утас үйлдвэрлэх хүчин чадалтай гэж тооцоолжээ. Дараагийн шатанд загвар үйлдвэрүүдийг байгуулж, 60 000 тонн буюу манай улсын нефтийн бүтээгдэхүүний 10 хувь хүртэлх хэрэгцээг хангах бололцоотой гэж үйлдвэрийн төлөөлөл үзэж байгаа юм. Энэ мэтчилэн хог хаягдлыг ашиглаж цахилгаан, дулаан, нефьт үйлдвэрлэх боломжтой үйлдвэрүүдээ бодлогоор, бусад талаар нь дэмжиж, өргөтгөх нь чухал гэдгийг хуралд ороцогчид сануулж байсан юм.