Ормузын хоолойн хямрал Пакистаны боомтуудад боломж олгож байна
Ормузын хоолой хаагдсанаар үүгээр дамжих боломжгүй ачаа тээврийн усан онгоцууд ойролцоо орших Пакистаны Гвадер боомтыг бараадан, үйл ажиллагааг нь эрчимжүүлжээ. Зөвхөн энэ сарын 16-нд уг боомтод 368,7 тонн машин механизм, бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн хоёр ачааны усан онгоц ирсэн байна. Нийтдээ дөрөвдүгээр сар гарснаас хойш Гвадер боомт 11 000 контейнер хүлээж авсан байна. 2025 оны турш 8300 чингэлэг хүлээж авсан, мөн бүтэн жилийн хугацаанд 20 гаруй хөлөг онгоц хүлээж авч байгаагүй боомтын хувьд энэ үйл явдал нь асар том өөрчлөлт юм.
Бүс нутгийн хямралуудын үеэр олон улсын ачаа тээвэрт үргэлж өөрчлөлт гардаг. Энэ зүй тогтлоор Пакистаны газарзүйн байрлал нь тус улсад геостратегийн үнэлж баршгүй ашиг өгч эхэлжээ. Тодруулбал, Ойрх Дорнодын хямрал дэлхийн эрчим хүч, арилжааны ачаа тээврийн урсгалын 20 хувийг саатуулаад байгаа. Харин Карагчи, Касим, Гвадер гэсэн гурван боомттой Пакистан улсын эргийн зурвас нь Арабын тэнгис дагуу, олон улсын нийлүүлэлтийн гол зангилаа цэгүүдийн нэг болсон Ормузын хоолойд ойр оршдог.
Карагчи боомт нь тус улсын анхны бөгөөд Өмнөд Азийн хамгийн завгүй гүн усны боомт юм. Үүсээд байгаа хямралаар энэ боомтод чиглэлээ өөрчилсөн ачаа тээврийн 75 хувь хуваарилагдсан байна.
Гэвч бодлогын уялдаагүй, сул байдал нь тус улсын “алтан” боломжийг хойш татна гэж олон улсын хэвлэлүүдэд бичиж байна. Газарзүйн байршлаа зол болгон хувиргахын тулд боомтуудын өрсөлдөх чадварыг сайжруулах цаг үетэй нийцсэн шинэчлэл хийх хэрэгтэй байна. Тухайлбал, тус улсын боомтууд далайн сүлжээний эрсдэлгүй гол цэг болж, олон улсын жишгийн дагуу үйл ажиллагаа явуулсан цагт олон улсын нийлүүлэлтийн сүлжээний шилжилтээс ашиг хүртэх боломжтой болно. Энд жишээ болгон өгүүлсэн Карагчи боомтын хувьд дэд бүтэц муу, суурьшлын ачаалал их, хүчин чадлаа хангалттай өргөжүүлээгүй зэргээс улбаалан газарзүйн давуу талтай нь холбоотой ашиг орлого урт удаан үргэлжлэх магадлал бага. Карагчитай адил Пакистан улсын аж үйлдвэрийн Касим боомт, гүн усны Гвадер боомтууд ч бололцооноосоо хавьгүй бага үзүүлэлттэй байна.

Дэлхийн найм дахь завгүй боомт болох Арабын Нэгдсэн Эмиратын Жабал Али, өртөг зардал хэмнэсэн, стрессгүй гэгдэх Оманы Салала боомтуудтай харьцуулахад, Пакистаны боомтууд боломжит чадлаасаа үл хамааран олон улсын сүлжээний шилжүүлэн ачих боомтууд дундаа бага статустай үйл ажиллагаа явуулдаг байна. Өөрөөр хэлбэл, Ормузын хоолойн хямрал нь Пакистаны боомтуудад боломж олгож байгаа ч тус улс энэхүү боломжийг хангалттай ашиглах бэлтгэл, боломжоор маруухан байгаа юм.
Сэтгүүлч Б.Даваажав
