Орой унтаж, эрт босох малч ухаан

Гурван худгийн нуруу тарлан цастай харагдана. Тал хээрийн бүсэд багтах Төв аймгийн Өндөрширээт сумын нутгийг хаврын дунд сард зорьж, Зүүнгозгорын өвөлжөөнд буй малчин Б.Уламсайханыхаас сурвалжлага хийлээ. Зам дагуух уул, хөндийн цас сэмэрч бараантан цоохортжээ. Айлууд хаваржаандаа буучихсан ажин түжин хол ойр бараа нь тодроно. Уламсайханы өвөлжиж буй Зүүнгозгорын нутаг руу ойртох тусам цас, өвс нь тэнцүүхэн тэнэгэр сайхан хавар болж байгаа нь илт. Хөдөө нутгийн цэвэр цэнгэг агаарт толгой сэргэнэ. Хажууд хонь малын дуу цангинах нь нэн өөриймсөг дотно. Саяхан бэлчээрт гарсан бололтой өвөлжөөнөөс холгүйхэн үхэр сүрэг уван цуван идээшилнэ.

Малчны хотонд нялх төлийн дуу цангинаж, хурга, ишиг тонгочин тоглоод тун чиг аз жаргалтай. Гэрийнхээ гадна бага оврын ачааны “Портер” маркийн машин, Хятадын улаан мотоцикль сойжээ. Нарны дэлгэц, тавган антен нүднээ тусна. Харин морины уяан дээр буурал морь чихээ сортолзуулан, дороо эргэцэх аж. Өвөлжөөний зүүн хөтлөөр хургаа дагуулсан хонь бэлчин налайна. Өндөрширээт сумын нутагт түрүү оны намрын сүүлч сараар их цас унасан хэдий ч өнөтэй өвөлжиж, хавартай золгоод байгаа нь энэ.

Гэрийн эзэн Уламсайхан 30 эргэм насны эр. Хүүхэд наснаасаа мал дагасан, удам дамжсан малчин. Тэрбээр мал маллаад 20 гаруй жил болж байгаа гэнэ. Хашаа хороо, гэр орон нь цэмцийж, гялалзсан сүрхий ажилсаг хүмүүс бололтой. Гэрийн эзэгтэй З.Байгальмаагийн чанасан цайг уух зуураа нутаг усны сонин сайхны талаар хуучиллаа. Тэднийх гурван охин­той. Том охин У.Намуунцэцэг нь энэ жил 11 дүгээр ангиа төгсөх бол отгон охин нь ирэх жил сургуулийн өмнөх бэлтгэл ангид элсэх аж. Харин дунд охин У.Бэрцэцэг нь долдугаар ангийн сурагч. Хоёр охин нь хотод сургуульд сурдаг юм байна. Дөрвөн настай отгон охин Хонгорзул нь хонь мал, хот хороотой ойр өсөж байгаа болоод ч тэр үү биедээ ахадсан хэрсүү зантай. Түүнийг гэрийнхэн нь хургачин Хонгороо гэж хочилдог. Сургуулийн хүүхдийн улирлын амралт эхэлсэн тул тэднийх халуун ам бүлээрээ цуглаад байгаа ажээ.Сүүлийн хэдэн өдөр салхи сэвэл­зээд цаг агаар таагүй байсан. Харин өнөөдөр харьцангуй тогтуун байна. Тэнгэрийн сайхныг ашиглаад хэдэн ямаа самнаад авъя гээд Уламсайхан нялх хурга, ишгээ ялгахаар гарлаа. Тэдний хонь гуравдугаар сарын 1-нээс хургалж эхэлсэн бол ямаа нь саяхнаас төллөж байгаа гэнэ. Энэ хавар 100 гаруй ямаа төллөх бөгөөд мөн тооны хонь хургалах аж. Ямаа нь энэ жил их ихэрлэж байгаа тухай гэрийн эзэн сонирхуулсан.

Уламсайханых төрсөн дүү Б.Цэн­гэлсайхантай айлсан өвөлждөг. Ах дүү өрхүүд удахгүй хаваржаандаа салж буух аж. “Хаврын тарчиг цагт олон мал ногоонд цадахдаа муу байдаг” хэмээн малч ухаанд суралцаж яваа залуус дуу нэгтэй хэллээ. Ах дүү нарын бог мал нийлээд 800 гаруй тоо толгой аж. Цэнгэлсайхан гүвээ давсан хургатай хонио ойртуулахаар мордов. 2001 онд цэргийн алба хаасан Цэнгэлсайхан нутгийн бүсгүй Г.Даваадолгортой ханилан суужээ. Шавилхан биетэй энэ бүсгүй малынхаа хашаа хороог цэмцийтэл нь шүүрдэх аж. Өдөрт Цэнгэлсайхан, Даваадолгор нар 10 ямаа төвөггүйхэн самнадаг гэсэн. Эднийх өнгөрсөн жил нэг кг ноолуураа 67 мянган төгрөгөөр өгсөн бөгөөд хоёр сая гаруй төгрөгтэй болжээ. Залуу хосууд ноолуурын мөнгөөрөө өөрсдийн амьдралд тустай нэг том зүйл авдаг гэж байв. Нэг ямаанаас дунджаар 300 грамм ноолуур гардаг. Эр ямаанаас бол нэг кг хүртэл ноолуур гарах нь ч бий гэнэ. Цэнгэлсайхан хурдан моринд тун хорхойтой нэгэн. Түүнээс малч ухааны талаар асуухад “Орой унтаж, эрт босохыг хэлнэ” хэмээн товч бөгөөд тодорхой хариулсан.

Хонь мал төллөх үеэр шинэ төлөө амлуулахаас эхлээд ямаагаа самнах, хашаа хороогоо цэвэрлэх гээд малчин хүний ажил дуусч дундрахгүй. Хаврын ажлынхаа ард арайхийн гарангуут зуны их ажил угтдаг тухай тэд ярьж байсан. Хэдийгээр зуны дэлгэр цаг айлчилсан ч үхэр, адуугаа байнга л харуулдаж байхгүй бол малын хулгай шөнө бүтэн нойртой хонуулахааргүй хүндрэлтэй асуудал болсон талаар Цэнгэлсайхан ярьсан юм. Мөн тэрбээр “Орчин үед гар утас ажил амжуулдаг нь сайхан ч малын хулгайч нарын хувьд хууль бус үйлдэл хийдэг гол хэрэгсэл нь болж байгаа нь бас таагүй зүйл” гэлээ.

Малч ухаантай, ажилсаг залуус аав, ээжийнхээ багаас нь олгосон хүмүүжлээр яваа хэрэг. Тэдний аавыг Ж.Балжням, ээжийг нь Ш.Чулуунцэцэг гэдэг. Тэд ерээд оны эхээр Нэгдлийн малыг хувьчлах үеэр малчин болжээ. 20 гаруй жил мал малласан хоёр хөгшин хүүхдүүд нь том болж, туурга тусгаарласан учраас өвөл хотод ирж өвөлжөөд, зуны дэлгэр цагт хөдөө гардаг байна. Биднийг очих үеэр ТЭд хүүхдүүдээ эргэж түр ирээд байгаа аж. “Нэг хэсэг баруун аймгийн малчид манай суманд их ирсэн. Чиний, миний гээд буудал бууцаа булаалдах байдал их гарна. Харин сүүлийн хоёр, гурван жилээс баруун аймгаас ирэх шилжилт хөдөлгөөн багасаад байгаа” хэмээн Уламсайхан ярив. Өндөрширээтийн Гурванхудагийн нуруу нь отрын бүс нутаг юм байна. Отрын бүс нутаг дотроо адууны отор хийхэд тун тохиромжтой. Тиймээс хаврын хуйсагнуур өдрүүдэд эндэхийн малчид малаа Гурванхудагийн нурууг бараадуулан байлгах дуртай аж.

Ах дүү хоёрын зуслангийн газар нь баруун аймаг руу явах төв замаас холгүй. Малчид машин тэрэг хөлхсөн төв замтай ойр байхаас цааргалдаггүй нь цаанаа учиртай. Зуны цагт айраг, цагаан идээгээ борлуулах гэж тэр. Бидний залуу малчидтай хөөрөлдсөн яриа өрхийн аж ахуйгаас улс орны хөгжлийн бодлого руу хүртэл хазайлаа. “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөг малчны амьдралд хэр тус нэмэртэйг асуусан юм. Уламсайханых зургаан ам бүлийн 21 мянгаа бөөнөөр нь авдаг тухай эзэгтэй Байгальмаа ярилаа. Эдний гэр бүл хуримтлалын данстай бөгөөд 21 мянгынхаа заримыг нь хүүхдийнхээ ирээдүйн боловсролд зориулахаар хадгалдаг гэнэ. Харин Чулуунцэцэг “Манай суманд зөвхөн 21 мянган төгрөг дээр амьдрал нь тогтдог улс олон бий” гэв. Малчид нарны зайн эх үүсвэртэй учраас зурагт үзнэ, хөргөгч, угаалгын машин ажиллуулна. Тэд ертөнцийн хаана нь юу болж байгааг хотын иргэдээс ч дутахгүй мэдээлэлтэй байдаг болжээ. Адуу малны эрэлд ч нэг их яваад байдаггүй, гар утсаараа сураглаад мэдчихдэг байна.

Улаанбаатарт махны үнэ огцом өсөж байгааг махны худалдаа эрхэлдэг ченжүүд хэлэхдээ хөдөө орон нутгаас үнэтэй орж ирж байна. Малчид малынхаа үнийг өсгөөд байгаа гэсэн шалтгаан тоочдог. Тэгвэл малчдын энэ талаар ярьж байгаа нь бодит байдлаас арай өөр байна. Тухайлбал, Уламсайхан “Эр хонь манай нутагт өнөөдрийн байдлаар дунджаар 85-90 мянган төгрөгийн үнэтэй л байна. Гэтэл зурагтаар харж байхад Улаанбаатарт Цагаан сарын үеэр ууцыг л гэхэд малчны хотонд байгаагаас 2-3 дахин өндөр үнээр зарж байгаа харагдсан. Махны үнийн хувьд бодит байдалтайгаа нийцэхгүй байгаа юм. Үнэхээр малын үнэ өсөөд, бид тэр ашгаа хүртэж байгаа бол өөр хэрэг шүү дээ. Малчдын амьдрал дээшилнэ шүү дээ” гэв.

Залуу малчид зөвхөн малынхаа ашиг шимийг харж суухыг хүсдэггүй байна. “Ажил хийвэл ам тосдоно” гэгчээр мал өсгөж үржүүлэхийн сацуу хийж чадах боломжтой бүхнийг эзэмшиж амьдарна гэсэн зарчимтай аж. Тиймээс өнгөрсөн зун зусландаа чацаргана, нарийн ногоо тарьсан нь сайхан ургажээ. Мөн Уламсайхан эхнэр Байгальмаатайгаа буриад гутал урлаж, өөрсдийнхөө болоод ойр дотнынхоо хүмүүсийн гутлын хэрэгцээг хангачихдаг уран гартай. Саяхан болсон Төв аймгийн цагаан идээний үзэсгэлэнгээс Байгальмаа сүү, цагаан идээний төрөлд “Хэрэглэгчдийн найдвартай түнш” гэсэн алтан медаль авсан байна.

Төв аймгийн Өндөрширээт сумын малчдын хувьд бензинийг голдуу шагийн үнээр худалдаж авдаг гэнэ. Сумын шатахуун түгээх станцад бензин болоод дизелийн түлшний аль нь ч байдаггүй учраас А-80 бензин нэг литрийг нь 2500, дизелийн түлшийг 3000 төгрөгийн үнээр хувь хүмүүсээс авдаг хэмээн Цэнгэлсайхан хэлсэн юм.

Шинэ төлийн дуутай хөдөө нутагт хаврын улирал тэнэгэр эхэлж байна.

/Архиваас оруулав/