Орон сууцны санхүүжилтийн олон улсын форум болно

B Shurenchimeg
2026-05-18 15:31:48
Ангилал: Дэд бүтэц
Гэрэл зургийг: Munkhbaatar Nergui

Гэрэл зургийг: Munkbaatar Nergui

“Монголын Ипотекийн Корпораци” ХХК-ийн 20 жилийн ойн хүрээнд “Орон сууцны санхүүжилт 2026” олон улсын форумыг ирэх зургаадугаар сарын 8-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Тус форумд Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо буюу ASMMA-ны гишүүн орнуудын төлөөлөл оролцоно. Түүнчлэн Европын ипотекийн холбоо ба Барьцаат бондын зөвлөл, Европын орон сууцны хуримтлалын банк, “HSBC”, “Deutsche Bank” зэрэг олон улсын хөрөнгө оруулалтын банк, манай улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцохоор төлөвлөжээ. 

Түүнчлэн тус форумаар Монгол Улсад хэрэгжиж буй орон сууцны санхүүжилтийн тогтолцоог дараагийн шатанд хөгжүүлэх олон улсын туршлагатай уялдуулах, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр татах боломжийг хэлэлцэхэд чиглэж байна. 

Орон сууцны санхүүжилт Монголын эдийн засаг, өрхийн амьжиргаа, барилгын салбар, банк санхүүгийн зах зээлийг холбосон бодлогын том сэдэв болоод удаж байна. Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш олон мянган өрх орон сууцтай болсон ч урт хугацааны, тогтвортой эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, зээлийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх, орон сууцны үнийн өсөлттэй санхүүжилтийн бодлогыг хэрхэн уялдуулах вэ гэдэг асуулт бодлогын түвшинд нээлттэй хэвээр буй. Энэ удаагийн форум уг асуудлыг зөвхөн дотоодын өнцгөөс гадна, олон улсын туршлага, хөрөнгийн зах зээл, тогтвортой санхүүжилтийн чиг хандлагатай холбон хэлэлцэхээрээ онцлог байна.

Форумаар “Орон сууцны санхүүжилтийн олон улсын тогтолцоо”, “Дэлхийн бондын зах зээлийн чиг хандлага, геополитикийн нөлөөлөл”, “Тогтвортой, ногоон орон сууцны санхүүжилтийн хөгжил” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Эдгээр сэдэв нь Монголын ипотекийн тогтолцооны дараагийн шатны хөгжлийн гол зангилаатай шууд холбогдож байгаа юм. 

Тухайлбал, банкны богино, дунд хугацааны эх үүсвэрт хэт түшиглэх бус, ипотекийн зээлийг багцлан хөрөнгийн зах зээл дээр үнэт цаасжуулах, урт хугацааны хөрөнгө оруулагчдыг татах, ногоон орон сууцны санхүүжилтийн бүтээгдэхүүн хөгжүүлэх асуудал олон улсын зах зээлд хэдийнэ бодлогын чухал чиглэл болоод байна.

Арга хэмжээнд HSBC, Deutsche Bank зэрэг олон улсын хөрөнгө оруулалтын банк, Европын орон сууцны хуримтлалын банк, Европын ипотекийн холбоо ба Барьцаат бондын зөвлөл, мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцоно. Түүнчлэн Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо буюу ASMMA-ны гишүүн байгууллагууд болох Малайзын “Cagamas Berhad”, Японы Орон сууцны санхүүгийн агентлаг, Казахстаны орон сууцны компани, БНСУ-ын Орон сууцны санхүүгийн корпораци, Узбекистан, Пакистан, Филиппин, Киргиз зэрэг улсын ижил чиглэлийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирэхээр байна.

ASMMA нь Азийн бүсийн ипотекийн хоёрдогч зах зээлийн байгууллагуудыг нэгтгэдэг мэргэжлийн холбоо бөгөөд гишүүн орнууд орон сууцны санхүүжилтийн тогтолцоо, үнэт цаасжуулалт, урт хугацааны эх үүсвэрийн бүтэц, зах зээлийн зохицуулалтын туршлагаа тогтмол солилцдог. Монгол Улсын хувьд МИК энэ холбоонд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга өнгөрсөн онд “ASMMA”-ны Нарийн бичгийн даргаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

Форумын маргааш буюу зургаадугаар сарын 9-нд Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны ээлжит чуулга уулзалтыг Монгол Улсад  зохион байгуулах юм. Уг уулзалтаар гишүүн байгууллагууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, хамтарсан төсөл, хөтөлбөрийн явц, бүс нутгийн ипотекийн хоёрдогч зах зээлийн хөгжил, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэнэ.

Монголд орон сууцны санхүүжилтийн тогтолцоо зөвхөн зээл олгох асуудлаар хязгаарлагдахгүй, хөрөнгийн зах зээлийн гүнзгийрэл, барилгын салбарын тогтвортой өсөлт, иргэдийн худалдан авах чадвар, хот байгуулалт, ногоон хөгжлийн бодлоготой шууд холбогдох болсон. Иймээс Улаанбаатарт болох энэ удаагийн форум нь МИК-ийн 20 жилийн ойн арга хэмжээнээс гадна Монголын ипотекийн санхүүжилтийн загварыг олон улсын жишиг, урт хугацааны хөрөнгө оруулалтын зах зээлтэй хэрхэн холбох вэ гэдгийг хэлэлцэх бодлогын чухал талбар болохоор байна.

B Shurenchimeg