Оросоос дайжсан 1.1 тэрбум ам.доллар хаачив

ОХУ-ын зах зээлээс он гарснаас хойш нийт 1.1 тэрбум ам.доллар гарч оджээ. Хөгжиж буй орнуудын үнэт цаасны зах зээлийн тоглогчдын эргүүлэн татаж буй дээрх мөнгө АНУ болон Японы зах зээл рүү чиглэлээ өөрчлөөд байгааг “Russia today “ мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар хөрөнгө оруулалтын сангуудын “гарт” эргэлдэж байсан хойд хөршийн үнэт цаасны зах зээлийн гурван хувьтай тэнцэх мөнгө буюу 393 сая ам.доллар тус улсаас “дүрвээд” байна. Энэ нь Оросын үнэт цаасны зах зээлийн хувьд 2011 оноос хойших хамгийн өндөр хөрөнгийн гадагшлах урсгал болж байгааг “Renaissance Capital” компанийн шинжээчид хэлж байна. Дээрх дүнтэй тэнцэх их мөнгөний эргүүлэн таталт өнгөрсөн хямралаас хойш ердөө гурван удаа тохиолдсон аж.

Өнгөрсөн пүрэв гаригт, тус улсын Эдийн засаг, хөгжлийн яамнаас Оросын энэ жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн таамгийг 1.2 хувиар бууруулж 2.4 хувь болгосон билээ. Учир нь тус улсын орлогын тал хувийг бүрдүүлдэг байгалийн хий, түүхий нефтийн үнэ тасралтгүй уруудсаар байгаа бөгөөд нэг баррель түүхий нефть Азийн үнэт цаасны зах зээлүүд дээр 92 ам.доллар шүргээд байгаа юм.

Мөн Оросын рубль мөнгөн тэмдэгтийн сулрал ч мөн одоогийн нөхцөлд ихээхэн нэрмээс болж буйг шинжээчид хэлж байна. Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш төдийлэн сэргээгүй рублийн ханш тухайн үед ам.долларын эсрэг 32.58 рубль байсан бол одоо 31.5 рублиэс дээш гарвал “дээдийн заяа” болоод байна.

Албаны мэдээллээс үзэхэд хөрөнгө оруулагчид Мексик, Индонез, Филлипин зэрэг улсын үнэт цаасны зах зээлийг ихээхэн сонирхож, хөрөнгө оруулж байгаа аж.

Үнэт цаасны зах зээл дэх хөрөнгийн дотогшлох урсгалыг улсаар нь авч үзвэл
• Мексик 540 сая ам.доллар
• Индонез 163 сая ам.доллар
• Филлипин 129 сая ам.доллар