Оросоос ирж буй "зурвас"

“Газпром” компани нь Оросын валютын орлогын 20, улсын төсвийн 25 хувийг тус тус бүрдүүлдэг. Сүлжээний хувьд дэлхийд хоёрт орох үндэстэн дамнасан корпораци бөгөөд өөрийн “эзэнт гүрэн”-г байгуулаад амжсан зах зээлийн "зартай тоглогч” юм. Тиймээс Оросын улс төр, эдийн засагт “Газпром” гэх үндэсний компани илүү эрх мэдэл, эрх чөлөөг эдэлдэг мэт. Зах зээл нь дэлхийнх, хэрэглэгч нь дэлхий, бүтээгдэхүүн нь стратегийн ач холбогдолтой. Хойд хөршийн байгалийн хийн олборлолт урьдчилсан байдлаар 2020 он гэхэд 680-730 тэрбум шоо метр хүрэх төлөвтэй байна.

ОХУ-ын түлш эрчим хүчний салбарын нэг тулгамдсан асуудал бол нефть боловсруулах үйлдвэрүүдийг техникийн шинэчлэл хийх явдал юм. Тухайлбал, Орос нь хийг дахин боловсруулах хүчин чадал хангалтгүй улмаас жил бүр 30 сая тонн шингэрүүлсэн нефтийн хийг алдаж байгаа аж. Өнөө үед ОХУ нь хийн нийт олборлолтоос 12.5-15 илүүгүй хувийг л дахин боловсруулж байна. ОХУ нь нефть, байгалийн хийн экспортоос хэт хамааралтай. Өөрөөр хэлбэл, манай улсын төсөв нүүрс, зэстэй шууд хамааралтай байгаатай ижил. Хойд хөрш Европын холбоо гэсэн нэг том хэрэглэгчтэй, менежментийг хийдэг “Газпром” гэсэн нэг монополи компанитай, байгалийн хийн тээвэрлэлтийн “Дружба” хоолой гэсэн ганц гол дамжуулагчтай. Энэ нь Оросын сул тал байж болох. Тиймээс сул талаа давуу тал болгон өөрчлөн сайжруулахаар “Эрчим хүчний стратеги-2030” хөтөлбөрийг “Нэгдмэл Орос” намынхан буюу В.Путины засаглал хэрэгжүүлж байна.

ОХУ-ын эрчим хүчний үндсэн зах зээлийг Зүүн Европ /Чех, Словак, Польш, Герман/ 25 орчим хувь, Их Британи, Ирланд 25 хувь, Газар дундын тэнгисийн улсууд /Грек, Кипр, Турк, Болгар/ 25 хувь, Баруун Европын улсууд /Австри, Швейцарь Швед, Дани, Финлянд, Бельги/ 20 хувь, АНУ, Канад долоон хувийг тус тус эзэмшиж байна. Оросын хувьд Европын зах зээлд нийлүүлэх тээвэрлэлтийн асуудал харьцангуй шийдсэн гэж хэлж болно. ЗХУ-ын худалдааны флотын 57 хувийг Орос улс өвлөн авсан. ОХУ-ын дамжуулах хоолойн нийт тууш урт нь 210 мянган км ба түүгээр ачаа эргэлтийн 52.5 хувийг тээвэрлэж байна. ОХУ нь Европ гэсэн ганц зах зээлээс одоохондоо хэт хамааралтай хэвээр. Ганц хэрэглэгчээс хамааралтай байгаа байдлыг өөрчлөх эрмэлзэл төрийн ч хувьд, компаниудын удирдлагын хэмжээнд ч бий болжээ. Энэхүү эрмэлзлэлээ хэрэгжүүлэх боломжийн нэг бол Дорнод Сибирь, Алс Дорнодын нефть, байгалийн хийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, улмаар Зүүн Азийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг харгалзан тэнд зах зээлээ өргөжүүлэх.

“ВСТО” буюу “Дорнод Сибирь-Номхон далай” нефть дамжуулах хоолой 2009 онд ашиглалтад орсон нь Дорнод Сибирийн ордуудаас нүүрс устөрөгчийн бүтээгдэхүүнийг Ази-Номхон далайн бүсийн хэрэглэгчид хүргэх гол “гарц” болох. Энэ нь магадгүй Оросын мөрөөдөл төдий санагдах ч тэд алхам хийсээр байна. “ВСТО” нь экспортод нефть, байгалийн хийг дамжуулах хоолойгоор гаргах улсын хэмжээний гурван том төслийн нэг. Нөгөө хоёр нь “Северный поток”, “Южный поток” аж. Орос, Хятадын нефть, хийн салбарын харилцаа “ВСТО” ашиглалтад орсноор мэдэгдэхүйц сайжирсан байна. “ВСТО”-г идэвхжүүлэх зорилгоор ОХУ-ын Засгийн газар Дорнод Сибирийн ордуудаас олборлосон нефтийн экспортын татвараа ч зогсоосон билээ.