Орост жилдээ 300.000 цагаач ажилчин хэрэгтэй

Сүүлийн 20 жилийн хугацаанд Орост төрөлт багасч, нас баралтын тоо ихэссэн нь тус улсын хувьд санаа зовоосон асуудлын нэг болоод байгаа билээ. 16 орос иргэн нас барахад 10.4 хүүхэд төрж байгаа аж. Энэ нь Оросын хүн ам жилд 700.000-аар цөөрч байгаа гэсэн үг юм. Үүнтэй холбоотойгоор ажил эрхлэх насны иргэдийн тоо цөөрч, гаднаас ажилчин авах шаардлага бий болжээ.

Оросын холбооны цагаачлалын албаны тэргүүн Константин Ромодановски “ОХУ эдийн засгийн хөгжлийн шаардлагыг биелүүлэхийн тулд жилд 300.000 орчим гаднын ажилтан хэрэгтэй ” гэсэн байна.

Одоогийн байдлаар тус улсад урт хугацаагаар амьдарч, ажиллах 5-6 сая гаднын ажилтан хэрэгтэй байгаа аж.
“Хэрэв бид уг нөхцөлд анхаарал хандуулаад, хүн ам зүйн болон эдийн засгийн асуудлыг авч үзвэл Орост жил бүр 300.000 гаруй гаднын ажилчин ирж ажиллах шаардлагатай байгаа юм” хэмээн тэрбээр хэлжээ.

Орост ажиллаж амьдрахаар ирж буй гадныхны тоо өсч байгаа ч энэ нь хангалттай биш байгаа аж. 2012 оны Олон улсын цагаачлалын байгууллагаас гаргасан судалгаагаар Орос дэлхийн хамгийн их хууль бус цагаачлагчтай орон болжээ. Тэд дэлхийн нийт ажил эрхлэгчдийн долоон хувийг эзэлдэг аж.

Сонирхуулахад Сочи 2014 олимпийн бэлтгэл ажилд оролцохоор 16.000 орчим гаднын ажилтан тус улсад ажиллаж, амьдарч байгаа ажээ.