Орост хэлэлцэж байна

ОХУ-д болж буй Жи20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр евробүсэд нүүрлээд буй ажилгүйдлийг бууруулах, урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих нь хямралын эсрэг гарц байх талаар хэлэлцэж буй тухай Олон улсын валютын сангийн дарга Кристин Лагард онцоллоо. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн тоо өсөхгүй байгааг хэрхэн шийдвэрлэх асуудлаар Жи20-ийн төрийн удирдлагууд санал бодлоо солилцсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилгоор олон арга хэмжээ авч байгаа ч үр дүнгээ төдий л өгөхгүй байна. Бүсийн хэмжээнд ажилгүйчүүдийн хувь хэмжээ өөр өөр байгаа боловч Жи20-д багтах орнуудад өндөр хэвээр байна” гэсэн юм. Мөн тэрбээр “Хөдөлмөрийн насны, тэр дундаа залуучуудын дунд ажилгүйдэл нэмэгдсээр байгаад санаа зовьнож байна. Үүгээр ч зогсохгүй мэргэжлийн боловсон хүчинд ажил олдохгүй цөөнгүй тохиолдол байгаа нь харамсалтай” хэмээн хурлын үеэр онцолжээ. Путины хэлснээр ажилгүйчүүдийн тоо ийн өсөж буй нь эдийн засгийн олон асуудлыг дагуулж байна. Тухайлбал, евробүсийн банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн төдийгүй бүсийн төсөв хүндэрсэн, Хөгжлийн банкуудын зээлийн чадавх буурч байгаа зэргийг дурдаж болох аж.
Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцсэн бас нэг асуудал урт хугацааны хөрөнгө оруулалт татарч буй талаар байв. Урт хугацааны хөрөнгө оруулалт шаарддаг дэд бүтцийн салбарын асуудлыг Жи20-ийн удирдлагууд онцлон ярилцсан байна. Тэд дэд бүтцийн сул хөгжлийн улмаас дэлхийн эдийн засаг жилд нийт нэг их наяд ам.доллар алдаж байгааг дурдлаа.
2030 он хүртэл дэлхийн дэд бүтцийг хөгжүүлэхэд 60 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа аж. Энэ салбарт урт хугацааны хөрөнгө оруулалтыг сайжруулж, үр ашигггүй зарцуулалтыг танаж чадвал дэлхийн эдийн засаг гурван хурвиар өсөх боломжтой болохыг ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал Кирилл Деметрейв хэлжээ.