Оросыг орхиж буй хөрөнгө 50 тэрбум ам.долларт хүрчээ

ОХУ-ын зах зээлээс дүрвэж буй хөрөнгийн гадагшлах урсгал энэ оны эхний улиралд 50 тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг тус улсын дэд сайд Игорь Шувалов хэллээ.
Өмнөх тооцооллоор тус улсын хөрөнгийн гадагшлах урсгал рубль мөнгөн тэмдэгтийн ханшийн сулралаас үүдэн 70 тэрбум ам.долларт хүрэх болов уу гэсэн таамаглал байсан юм.
Харин дэд сайд дээрх нөхцөлд “Хөрөнгө оруулагчид Оросоос ийм их хэмжээний мөнгөө татаад авчихсан юм биш. Тэд зүгээр л мөнгөө ам.доллар болон евро руу шилжүүлсэн нь энэ” хэмээн Оросын Форбс сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Түүний хэлж байгаагаар 2008 оны эцсээр мөн иймэрхүү нөхцөлд орж байсан аж.
Харин Оросын талаарх таатай мэдээлэл гэвэл Украйнаар дамжин Европт гаргаж буй хийн экспорт хэвийн үргэлжилж байгааг Газфром компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Оросын компаниуд Европын хийн хэрэглээний 30 хувийг хангадаг билээ.
Харин Ерөнхийлөгч В.Путин “Хэрэв Киев хий худалдаж авсныхаа төлбөрийг цагт нь өгөхгүй бол Украйнд цаашлаад Европт өгдөг хийн нийлүүлэлтдээ таналт хийнэ” гэдгийг хэлсэн юм.