Оросын газрын тосны хаан

“Time” сэтгүүлээс Игорь Сечиныг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр тодрууллаа. ОХУ-ын газрын тосны хамгийн том компани “Роснефть”-ийн ерөнхийлөгч улсаасаа эл жагсаалтанд ганцаараа орсон аж.

Түүний рейтинг ийнхүү өссөн нь “Роснефть” өнгөрсөн онд нефть олборлолтоор улсдаа гуравт ордог өрсөлдөгч “ТНК-ВР” компанийг 60 тэрбум ам.доллараар худалдаж авсантай холбоотой гэж үзэж байна. 2004 оноос хойш тус компани өргөжсөөр 160 мянган хүнийг ажлын байраар хангасан томоохон ажил олгогч билээ. Өнгөрсөн онд тус компани 11 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна.

Оросын төрийн өмчит газрын тосны компанийн ерөнхийлөгч Игорь Сечин 1960 онд Ленинград хотод төрсөн. Ирээдүйн “Роснефть”-ийн тэргүүлэгч хоёр ихрийн өрөөсөн. Тэрбээр Ленинградын Их сургуулийн португаль, франц хэлний багшийн ангийг дүүргэсэн. Эдүгээ эдийн засгийн ухааны докторант. Одоогоос дөрвөн жилийн өмнө “Forbes” сэтгүүлээс түүнийг Путины дараах ОХУ-ын хамгийн нөлөө бүхий хүнээр шалгаруулжээ.