Оросын инфляци ирэх онд 7.4 хувиар өснө

Дэлхийн зах зээл дээрх газрын тос, байгалийн хийн үнэ өнгөрсөн онд өндөр байж газар тариалангийн арвин ургац хураан авсан нь ОХУ-ын эдийн засгийн өсөлтийг тэтгэж 4.3 хувьд хүргэжээ. Энэ оны эхний улиралд түүхий эдийн үнэ өндөр түвшингээ хадгалж, хувийн хэрэглээ өмнөх оны мөн үеэс найман хувь, засгийн газрын зардал 40 хувь өссөн нь эдийн засгийн өсөлт дөрвөн хувьд хүрэхэд голлон нөлөөлжээ. Харин энэ оны хоёрдугаар улирлаас эхлэн гадаад эдийн засгийн төлөвийн сөрөг нөлөө ОХУ-д мэдрэгдэж эхэлсний дээр энэ онд газар тариалангийн ургац тааруу байх төлөвтэй тул цаашид өсөлт саарч 2012 онд 3.6 хувь, 2013 онд 3.5 хувь болно хэмээн судлаачид таамаглаж байна.

Евро бүсийн хямрал гүнзгийрч, Хятадын өсөлт саарч байгаа нь ОХУ-ын эдийн засагт худалдааны ба хөрөнгийн гэсэн хоёр сувгаар дамжин нөлөөлөх аж. Нэгдүгээрт, Евро бүс ба ОХУ-ын худалдааны хамгийн том түнш Хятадын өсөлт саарч, эрэлт буурснаар дэлхийн зах зээл дээрх газрын тос, байгалийн хийн үнэ дөрөвдүгээр сараас эхлэн тогтмол буураад байна. Энэ нь нийт экспортын дийлэнх нь эдгээр түүхий эдүүдээс бүрддэг ОХУ-ын гадаад худалдаанд шууд нөлөөлж байгаа юм. Түүнчлэн оны эхэнд хувийн хэрэглээ өндөр өссөн нь импортыг нэмэгдүүлж худалдааны илүүдлийг бууруулаад байна. Хоёрдугаарт, хөгжингүй орнуудын өсөлт саарч, бизнесийн орчны эрсдэл нэмэгдэж байгаагаас хөрөнгө оруулагчид аль болох эрсдэл багатай бүс, салбарт хөрөнгөө шилжүүлж эхэлсэн. Үүний дүнд ОХУ-аас хөрөнгийн гадагшлах урсгал нэмэгдэх болжээ. Ийнхүү экспортын орлого буурч, гадаад хөрөнгө оруулалт татарч байгаа нь хөрөнгийн гадагшлах урсгалыг нэмэгдүүлж дотоод эдийн засагт хийгдэх хөрөнгө оруулалтыг бууруулан рублийн ханшийг сулруулах эрсдэлтэй болоод байна.

Дотоод хөрөнгө оруулалт буурснаар аж үйлдвэрийн салбарын өсөлт саарч, цалин хөлс буурах тул хувийн хэрэглээ оны эхний өсөлтөө хадгалж чадахааргүй байна. Харин рублийн ханшийн сулрах дарамтын эсрэг Төв банк одооноос интервенци хийж эхэлсэн боловч цаашид инфляци нэмэгдэх тохиолдолд мөнгөний төлөвийг сулруулах орон зайг олгохгүй аж. Тодруулбал, газар тариалангийн ургац тааруу, аж үйлдвэр саарах төлөвтэй байгаагаас оны сүүл рүү инфляци нэмэгдэж таван хувь, 2013 онд 7.4 хувьд хүрнэ хэмээн зарим судалгааны байгууллагууд таамаглаж байна.