Оросын талаарх Дэлхийн банкны өөдрөг төсөөлөл эргэлээ

Дэлхийн банк Орос улсын эдийн засаг энэ жил 2.5 хувиар өснө гэж таамаглаж байсан ч Крымын байдлаас үүдэн 1.8 хувиар агшина гэж тооцоололдоо засвар хийжээ. Тус банкны мэргэжилтнүүдийн зүгээс Оросын Украйнтай үүсгэсэн сөргөлдөөн нь хэрэглээ болон бизнесийн орчинд цаашид сөргөөр нөлөөлөх магадлалтай байгаа нь өсөлтийн таамгийг бууруулах голлох нөхцөл болсон байна.
Энэ оны гуравдугаар сарын эхнээс Крымын улс төрийн тодорхойгүй байдал зах зээлд ихээхэн эмзэг байдлыг үүсгэх болсон. Иймээс Дэлхийн банк Орос орон 2014 болон 2015 онд хэрхэх талаар хоёр төрлийн хувилбарыг гаргаж иржээ. Гэвч энэхүү тооцоолол нь геополитикийн эрсдэлийн үр дагавар, бизнес болон хэрэглэгчийн итгэл сэргэх эсэхээс ихээхэн шалтгаалах аж.
Эрсдэл багатай нөхцөл буюу Крымын хямрал хязгаарлагдмал, богино настай байвал Орос улсын эдийн засгийн өсөлт 2014 онд 1.1 хувь байхаар байгаа бол ирэх онд 1.3 хувь байхаар харагдаж байгаа аж. Харин өндөр эрсдэлтэй нөхцөл буюу геополиткийн асуудал хүндэрч, хүнд цохилт эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинд ирвэл Орос улсын ДНБ-ийн өсөлт энэ онд 1.8 хувиар ухарч, 2015 онд 2.1 хувийн өсөлттэй байна гэж үзжээ.
Дээрх хоёр эрсдэлтэй нөхцөлд Барууныхны Оросын эсрэг худалдааны хоригийг харгалзаж үзээгүй юм байна.
Харин Оросын Засгийн газар 2014 онд эдийн засгаа 2.5 хувиар өснө гэсэн хүлээлттэй байсан ч албаны холбогдох хүмүүс одоогийн нөхцөл байдлаас үүдэн ирэх дөрөвдүгээр сард таамаглалаа бууруулахаар бэлдэж байгаа юм байна.
Тус улсын хувьд 2013 он эдийн засгийн хувьд төдийлөн сайн байгаагүй бөгөөд оны эцэст хүлээж байсан 3.6 хувь өсөлтөөс холуур зөрж, 1.3 хувьтай гарсан юм.