Орос орноор сонин юу байна

• ОХУ-ын парламентийн 100 гаруй гишүүн улсынхаа дээд шүүхээс тус улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орох нь үндсэн хуульд нийцэх эсэхийг баталгаажуулахыг хүсчээ. Коммунист намын 86 гишүүн болон Шударга Оросын намын 15 гишүүн Дэлхийн худалдааны байгууллагад элсэх нь Оросын эдийн засагт ноцтой аюул учруулна гэж үзэж буйгаа хүсэлтдээ тайлбарлажээ

• Оросын Засгийн газар улсынхаа эдийн засгийн хөгжил, шинэтгэлд зориулан долоон жилийн хөтөлбөр баталж, урьдчилсан байдлаар 850 тэрбум рубль буюу ойролцоогоор 26.8 тэрбум ам.доллар төсөвлөлөө. Тус хөтөлбөрийн тэргүүлэх есөн чиглэлд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, эдийн засгийн тусгай бүсүүдийг хөгжүүлэх, шинэ санаачилгыг хөхиүлэн эрчимжүүлэх зэрэг багтаж байна. Эдийн засгийн хөгжлийн яам тус хөтөлбөрийн эхний үр дүн 2020 он гэхэд гарч, жижиг, дунд бизнесийн салбарт ажиглагсдын тоо 30 хувьд хүрнэ хэмээн хүлээж байгаа аж.

• Орос улс гадаадруу жуулчлах иргэдийнхээ тоогоор дэлхийд долдугаар байр эзэлдэг байсан ч хоёр байраар урагшилж, дэлхийн нийт жуулчдын 32 хувийг эзлэх болсныг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага мэдээллээ. Тус улсын жуулчид өнгөрсөн жил нийт 43 тэрбум ам.долларыг зарцуулжээ. Аялал жуулчлалд зарцуулж буй мөнгөнийхөө хэмжээгээр Хятад улс 102 тэрбум ам.доллараар нэгдүгээрт ордог бол АНУ 84 тэрбум, Их Британи 52 тэрбум ам.доллараар удаах байрт жагсдаг байна.

• Оросын Газфром компанийн “Yamal-Europe” хий дамжуулах хоолойг Польшоор дамжуулан өргөтгөх тухай мэдэгдэл тус улсын Ерөнхий сайд Дональд Таскыг “шок”-нд орууллаа. Учир нь Ерөнхий сайд тус өргөтгөлийн ажлыг Газфром бус Польш улс гүйцэтгэнэ хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл Беларус, Польш болон Германаар дайруулан дэлхийн хамгийн том хий дамжуулах хоолойг барихаар “EuroPol Gaz” компанитай санамж бичигт гарын үсэг зурсан тухайгаа өнгөрсөн баасан гаригт Газфром мэдээллээ.