Орос тахианы мах Монголд

Уншигч, хэрэглэгч та нядалсан тахианы махыг цэвэрлэхийн тулд их ус хэрэглэхээс зайлсхийж хлортой ус хэрэглэдэг гэдэгт итгэх үү. Энэ талаар та сонссон ч байж магад. Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэхээс тэргүүнд цэвэр тахианы мах бэлтгэхийн тулд тэжээлийг хүртэл өөрсдөө бэлтгэдэг үйлдвэр байна.

ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Ерощенко Сергей Владимирович тэргүүтэй төлөөгч өнөөдөр манай улсад айлчилж буй. Энэ хүрээнд тус мужийн хөдөө аж ахуй, байгаль орчин, эрчим хүч, зам тээврийн зэрэг салбарын төлөөлүүд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд чуулсан юм. Тус бизнесийн чуулганд Эрхүү мужаас 80 орчим аж ахуйн нэгж оролцсоны нэг нь тахианы мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Саянский Бройлер” ХХК байв.

Чуулганы үеэр тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Владислав Вларерьевич Буханов “ОХУ-ын Эрхүү муж нь уур амьсгалын хувьд Монгол Улстай төстэй. Бид өнгөрсөн жилээс эхлэн Монголд зах зээлээ нээхийг хүссэн боловч дотоодынхоо тахианы махны хэрэглээг бүрэн хангаж чадахгүй байсан учраас эрчимтэй ажиллаж чадаагүй. Харин энэ жилээс Монгол Улстай хамтарч ажиллаж эхэлж байгаа. Манай бүтээгдэхүүн долоо хоногийн дотор Монголд орж ирэх боломжтой. Түүнчлэн тахиагаа тэжээх үр тариагаа бид өөрсдөө бэлтгэж, тахианыхаа тэжээлийг уламжлалт аргаар хийж, 40 хоног тэжээж нядалдаг. Тиймээс амттай, шүүслэг төдийгүй эрүүл” гэлээ. Мөн тэрбээр “Монголд худалдаалж байгаа тахиануудтай харьцуулахад манай үйлдвэрийн тахианы маханд нэмэлт дааврын өөрчлөлт ороогүй” гэдгийг онцлов.

Чуулганд оролцогчдын хэлж буйгаар тахианы махны зарим үйлдвэр тахианы махны хамгийн үнэтэй хэсэг болох цээжний махыг нь худалдаалж ашигаа авчихаад, үлдсэн хэсгийг нь хямд үнээр худалдаалдаг аж. Генийн өөрчлөлттэй тахианы махыг иргэд шууд хараад ялгах боломжгүй юм. Харин ОХУ-д тухайн тахианы махны үйлдвэрийн бүтээгдэхүүнд найддаг аж. Зарим үйлдвэр бүтэн тахианд жинг нь нэмэх гээд ус шахдаг гэх яриа ч бий. Түүнийг худалдаж авсан иргэн гэртээ очоод чанаж үзэхэд худалдаж авснаас бага хэмжээтэй болдог тохиолдол байдаг.

Израйлд нэг хүнд 75 кг тахианы мах ногддог бол Монголд нэг хүнд гурван кг тахианы мах ногддог гэсэн судалгаа бий. Харин ОХУ-д одоогийн байдлаар нэг хүнд 15.8 кг, харин 2015 он гэхэд 17 кг болох байх гэсэн урьдчилсан таамаг байгаа гэв.

2006 онд ISO 9001, HACCP-ын гэрчилгээ зэрэг олон улсын стандартын шаардлага хангасан 23 жилийн түүхтэй тус компани нь 2009 оноос эхлэн орчин үеийн техник технологийн шинэчлэлт хийснээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлтээ хоёр дахин нэмэгдүүлэх чадалтай болсон байна. Ингэснээр тус компани нь жилд 20 мянган тонн тахианы мах үйлдвэрлэх аж. Тиймээс тахианы махны дотоодынхоо хэрэглээг хангаж чадаж байгаа төдийгүй бусад орнуудад худалдаалах боломжтой болж буй. Харин манай улс анхных нь болж байгаа юм байна.

Манайд энэ оны нэгдүгээр сараас эхлэн тус компанийн тахианы махыг оруулж ирж буй “Asia Links” ХХК-ийн ерөнхий менежер Г.Оюунсанаа “Ихэнх иргэдийн дунд тахианы махны талаарх ойлголт байхгүй учраас шинэ бүтээгдэхүүнийг танилцуулахад хүндрэлтэй байна. Гэхдээ хэрэглэдэг хүмүүс байна. Бүтээгдэхүүний үнэтэй холбоотойгоор орлогын үүсвэртэй хүмүүс ихэвчлэн хэрэглэж байгаа” гэв. Тус компани нь “Саянский Бройлер” ХХК-ийн тахианы махыг “Номин” их дэлгүүрийн салбарууд, “Home Plaza”, “Sky” их дэлгүүр, “Good Price” зэрэг худалдааны төвүүдэд болон дуудлагаар худалдаалж байна. Мөн ирэх сарын эхээр Энхтайвны гүүрний дэргэдэх “Жүрж” маркетэд нэрийн барааны дэлгүүрээ нээнэ гэлээ.

“Саянский Бройлер” ХХК тэжээл бэлтгэдэг 300-аад хүн, жижиглэнгээр борлуулдаг сүлжээ дэлгүүрүүдэд 350 хүн, үйлдвэрт нь 1000 орчим хүн, хамтын ажиллагаа зэргийг тооцвол нийтдээ 2000 орчим ажилтантай аж.