Орос улс Европоос төмс импортлохгүй гэв

Оросын эзэнт гүрний хаан I Петер XVII зууны сүүлч үеэр Голландаас Орост төмс анх авчирч байжээ. Харин энэ жил Оросын албаны хүмүүс Орос руу төмс импортлох явдлыг зогсоохоор төлөвлөж байна. Юуны түрүүнд Нидерландаас ирэх төмсний худалдааг зогсоох аж. Нидерланд нь Орос улсыг үрийн төмсөөр хангадаг гол улс билээ.

Европын холбооны бусад улс ч мөн Орос руу үрийн төмс нийлүүлэх боломжгүй болох аж. Оросын Хөдөө аж ахуйн мэргэжлийн хяналтын газрын тэргүүн Сергей Данкверт өнгөрсөн долоо хоногт Берлинд айлчлах үеэрээ “Хэрэв манай улсын шаарлагыг хүлээж авахгүй гэвэл Европын холбооны улсууд Орост үрийн төмс нийлүүлэх эрхгүй болно” гэжээ.

Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар ОХУ 2010 оны тавдугаар сараас хойш Европоос орж ирж буй бүтээгдэхүүнүүдийн эрүүл ахуйн бичгийг шаардаж байгаа ч одоог хүртэл ямар нэг хариу өгөөгүй байна. Хэрэв энэ асуудал шийдэгдэхгүй бол ОХУ 2013 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Европоос үрийн төмс импортлох явдлыг таслан зогсоох аж. Оросын тал үүнийг Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан шаардлагын дагуу хийгдэж буй үйлдэл хэмээн онцолж байна.

Төмсний импортыг хориглох мэдээ Оросын ард иргэдэд хүнд цохилт болж байна. Учир нь Оросын иргэд нийгмийн аль бүлэгт хамрагдах, хэчнээн төгрөгийн орлоготойгоос үл хамааран хэрэглэдэг. Төмсний талаарх бүхий л зүйлд Оросын иргэд өндөр ач холбогдол өгдөг аж. Судлаачид төдийгүй Оросын жирийн иргэд төмсний импортыг хориглосноор үнэ дотоод дахь үнэ эрс өснө хэмээн таамаглаж байна.

Европын холбооны харьяа биш улсуудаас Египет, Израйль зэрэг улс Орос руу төмс экспортлодог аж. Эдгээр орон өнгөрсөн онд ургац муу хураажээ. Тиймээс Герман, Испани, Франц, Их Британи, Польш зэрэг улсаас төмс импортлохоо зогсоовол Орос төмсний хомсдолд орж болзошгүй юм.

Харин Оросын Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны тэргүүн Владимир Плотников үүнтэй санал нэгдэхгүй байгаа бөгөөд “Бидний хувьд төмс хоёр дахь талх гэсэн үг. Энэ чухал хүнсээ бид дотооддоо боловсруулж, иргэдээ хангах бүрэн боломжтой. Ургац хураалтын үеэр буюу ес, аравдугаар сард манайд төмсний нөөц нэмэгдэж үнэ нь эрс унадаг. Тиймээс хангалттай хэмжээний нөөц бий гэж үзэж болох бөгөөд үнэ өсөхгүй гэжээ.”

Ойрын жилүүдэд ОХУ баруунаас ирэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдэд хязгаарлалт хийх болсныг тэмдэглэх хэрэгтэй. 2012 оны гуравдугаар сард амьд гахай, мал, хонь, ямаа зэргийг Европын холбооны улсуудаас оруулахыг мөн арванхоёрдугаар сарын 8-нд АНУ, Канад болон хэд хэдэн орноос мах импортлохыг хориглосон. Энэ нь тус улсын хүнсний аюулгүй байдалдаа анхаарч буйн илрэл юм.